Categories
мэдээ цаг-үе

Г.Аюурзана: Тулхтай, голтой өвгөдөө буцах тоолонд эзгүй хээр гээгдчих шиг эвгүй оргих юм даа

Сүнсний томьёо романаа гаргаад удаагүй байгаа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанатай хөөрөлдлөө.


-Сар шинэдээ сайхан шинэлэв үү. Цагаан сараар золгуут их хийв үү?

-Сайхан шинэллээ.

-Таны ээлжит бүтээл Сүнсний томьёо роман чинь саяхан хэвлэгдлээ. Сүнсийг хэрхэн томьёолов доо?

-Зохиолынхоо баатруудад л сүнс томьёолох ажил бодож олоод даалгачихлаа. Тэр Инжин гэдэг нөхөр учрыг нь олчих байх аа.

-Ер нь сүнс байдаг гэж та бодож байна уу?

-Эргэлздэггүй ээ.

-Сүнсний тухай асуухаар мэдээж хойт, урьд нас гэсэн асуудал гарч ирэх нь тодорхой?

-Намайг дөрөв, таван настайгаас л эмээ минь урьд насандаа хэн байсныг минь ярьдаг, тэр хүний сүнс надад ирж оршсон учрыг маш итгэлтэй тайлбарладаг байсан болохоор энэ бол миний анхны, магадгүй хэзээ ч арилшгүй итгэл үнэмшил юм.

-Таныг эмээ тань урьд насандаа хэн байсан гэж ярьдаг байсан нь сонин байна шүү?

-Эр нөхөр нь эмээд “Гал дээрээ эргэж төрнө өө” гэж хэлчихээд явсан юм гэсэн. Тэгээд л өвөөгийн сүнс надад шингэж төрсөн гэдэгт эмээ итгэдэг байсан.

-Романыг уншиж байхад их зохиолч Инжанааш, математикч амьдай нь, мөн шавь Инжингийнх нь амьдрал хувь тавилан гарч байна. Цаг хугацааны хаа нэгтээ болсон үйл явдал давтагддаг бол уу гэх ч сэтгэгдэл төрөхөөр…

-Юутай ч, ном нэгэнт хэвлэгдээд түгчихлээ. Одоо би тэнд бичигдсэн зүйлийг гар бичмэл байх үеийнх шиг нь хэзээ ч өөрийн дураар засч өөрчилж чадахгүй, энэ бүхэн миний мэдлээс эгнэгт гарчихсан гээд бодохоор харамсалтай ч юм шиг. Тэр утгаараа уншигчдад ямар сэтгэгдэл төрөх нь ч надад хамаагүй болсон.

-Романы баатрууд Хэтэрхий их мөрөөдсөнөөсөө болж л сүйрцгээдэг, Эрх чөлөө гэдэг бол хэзээ ч байхгүй болчихож мэдэхээр барьцгүй зүйл, Мөнгөгүй амьдарна гэдэг бол ганцаараа амьдарна гэсэн үг гэх мэтээр таны шүлгэнд баймаар үгсийг ой ухаандаа тунгааж байдаг. Та шүлгүүдээсээ хүүрнэлийн баатрууддаа аль хэр бэлэглэдэг бол?

-Шүлэг, яруу найргийн тухай, ерөөсөө уран зохиолын тухай миний ойлголт олонхынхоос их өөр л дөө. Тийм болохоор хүүрнэл үгээр бичигдэх ёстой учраас л тэдгээр үгс хүүрнэл зохиол дотор байгаа юм аа л гэж хэлье дээ. Ам нээснийх уушги нээ гэдэг ч яг үнэндээ өөрийнхөө ч бай, бусдын ч бай шүлгийн талаар ер нь яримааргүй юм билээ. Ялангуяа өнөөдөр, ялангуяа олон нийтийн хүрээнд.

Монгол хүн бүр л өөрийгөө уран зохиол мэддэг гэж боддог. Огт мэддэггүй нь ч гэсэн “Тэр бол сайн шүлэг. Тэр бол аугаа яруу найрагч. Түүний зохиолууд л сайн. Тэр муу үхсэн баас, юу юм бэ” гэх мэтээр ярьж явдаг. Тийм хүмүүсийн дунд жинхэнэ яруу найраг гэж юу болох тухай ч юм уу, хүн бүрийн цээжээр мэддэг зарим шүлэг зохиол үнэндээ хариу ч үгүй эд гэдгийг шууд хэлэх нь утгагүй хэрэг л дээ. Тэдний бахдал, бишрэлийг аялдан дагах нь ч хаашаа юм бэ, яршиг зүгээр чимээгүй л явж байх нь заримдаа хамаагүй дээр. Бүр цаана нь харьцуулах чадвартай, сайн бэлтгэгдсэн уншигчид чухам үнэнийг олж харж л яваа байлгүй дээ.

-Та ерээд онд Монголд гарын таван хуруунд багтах л яруу найрагч бий гээд бөөн асуудал босгож орхио биз дээ?

-Асуудал тарих ч үг байгаагүй юм аа. Хэн хэлэв гэдгээс л болсон байх. Ер нь ухаарал сэхээрэл гэдэг хүний сэтгэлийн орон зайнаас хамаардаг нь яалт ч үгүй үнэн. Жишээ нь, зохиогчид нь зэвүүцэж явдаг ч юм уу, зохиогчийнх нь талаар ямар нэгэн муу бодолтой уншигч яаж ч хичээгээд тэр номоос гагцхүү сөрөг сэтгэгдэл л олж аваад салахгүй. Ер нь амьдрал тийм шүү дээ. Амьдралд өшрөөд, хорсоод л байвал амьдрал чамд өршөөлгүй хатуу байх болно. Бүх зүйл бидний сэтгэлд хэрхэн тусч, бид сэтгэлдээ ямраар хүлээн авч байгаагаас л хамаардаг. Мэдээж, яагаад ч нэмэргүй хүмүүс байна л даа. Яаж ийгээд л бусдад гай тарьчих гээд, яаж ийгээд л бусдыг залилчих гээд, яаж ийгээд л бусдаас муу муухайг нь нэн тэргүүнд олооод харчихдаг, амьдрал нь ердөө л бусдыг үзэн ядах эцэс төгсгөлгүй дайн болчихсон хүмүүс байдаг. Уран зохиолыг ойлгох цэгнэх чадвар маань ч ялгаагүй, давын өмнө бидний дотоод сэтгэлээс хамаардаг. Сайхан зүйлийг олж харж чаддаг, зовлон ойлгодог, гуниглаж мэддэг, уудам сэтгэлтэй хүмүүс л хамгийн сайн уншигч байдаг.

-Зохиолчоос зохиолынх нь баатар бодит уу гэж асуух нь олонтаа. Инжанааш багш таны төрөлх нутаг Баянхонгорын тань Жаргалант суманд очоод бүгчихэж байгаа. Би МГУ төгссөн, Гурванбулагт багшилж байсан нэг гавал хүний тухай мэдэх юм. Тэр зохиолын чинь баатар биш биз?

-Биш ээ. Угаасаа ямар нэгэн бодот эх дүрээс сэдэл авсан ч зохиол биш.

-Таны бичсэнээр хүний хувь тавилан урьдаас өгөгдөлтэй, бас томьёотой бол яах бол?

-Нас явахын хэрээр надад тийм нэг фаталист үзэл суугаад байна. Тийм өгөгдөл, тийм томьёо бий л гэж боддог болсон.

-Фаталист үзэл гэхээр?

-Лермонтовын “Манай үеийн баатар”-ын төгсгөлийн бүлэг ийм нэртэй байдгийг санаж байна уу. Хувь тавилан цаанаасаа өгөгдөлтэйд итгэх үзэл юм даа.

-Ном чинь гараад бараг сар гаруй болчихлоо. Гүйлгээ аль хэр байна?

-Нэгдүгээр сарын 29-нд хэвлэгдэж гарсан. Ер нь миний ямар ч ном гарсан даруйдаа дажгүй гүйдэг. Гэхдээ энэ хэнд ч сонин биш байлгүй дээ.

-Та өөр ямар уран бүтээл туурвиж байна?

-Ойрдоо ч дэвтэй хийсэн юмгүй. “Сахиуст Хангайн нууц”, “Сүнсний томьёо” хоёрын дунд нь залгаас маягтай нэг роман байгаа. Түүнийгээ л явуулна даа.

-Бас нэг сайхан бүтээл гарах нь дээ. Юун тухай юм бол?

-Ятгачин ноёны амьдралын төгсгөл, за тэгээд энэ сүнсний томьёо олох даалгаврыг багшаасаа хүлээгээд хоцорч буй Инжингийн өвөөгийн амьдрал гарна.

-Өнгөрөгч нохой жилд хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст, Бавуугийн Лхагвасүрэн, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Баттөрийн Мягмаржав, Л.Ганзул нарын Монголын утга зохиолын сор болсон олон сайхан уран бүтээлч бурхан болсон нь цаанаа л нэг гунигтай. Тэдэнтэй аль хэр харьцаатай байв?

-Тийм ээ. “Уянгын тойрог”-ийг нь бахдаж өссөн нэг ах минь тэнгэрт хальчихлаа. Яг өөр рүүгээ татаад бодох юм бол, өмнөх үеийнхнээс минь одоо Д.Урианхай, Л.Дашням, Т.Галсан гээд хуруу дарам цөөн өвгөдөөр л намайг ойлгодог, сайн ойлгодоггүй ч байж магадгүй, гэхдээ л хайрладаг хүмүүс үнэндээ дуусч байна. Хүн өөрт нь хэрхэн хандаж байснаар л хүнийг үнэлж, зүрхэндээ авч үлддэг бололтой. Тиймээс уран зохиолын хүрээний аль л тулхтай, голтой өвгөдөө буцах тоолонд эзгүй хээр гээгдчих шиг эвгүй оргих юм даа. За, тэгээд үе тэнгийнхэн тэдэнтэй зэрэгцээд эхэлчихээр сэтгэл санаа яаж ч гуниггүй байх билээ. Чадах юм минь бичих л байна. Жагдалын Лхагваа ах, Лхагвасүрэн ах хоёрын нэгэн донжтой ярианы тухай, таван настайдаа эчнээ танилцсан Бааст гуайн тухай гэхчлэн бичил хөрөг мэр сэр бичсэн, миний хуудас дээр бий. Хүмүүс ч нэлээд уншсан байх.

-Ардын уран зохиолч Тангадын Галсан гуай таныг Монгол Улсын төрийн шагнал байтугай Нобелийн шагнал ч багадах уран бүтээлч гэж үнэлж байна лээ. Мэдээж таны авьяасаас гадна хөдөлмөрч, бүтээлч чанарыг өвгөн туурвилч олж харж дээ?

-Үгүй, одоо юу гэмээр ч юм бэ. Миний яг одоогийн, уншигчдынхаа дунд хүлээж яваа шиг ийм хэмжээний хүндлэлийг Монголд бол тийм ч олон зохиолч мэдрээгүй л байх. Ард нийтийг биш, уншдаг хүрээгээ л ярьж байгааг цаадуул чинь ойлгох байгаа. Тэр хүрээнд намайг онцгойлж хараад, тэр хүрээнээс гадуур болохоор дайсагнаад байгаа нь үргэлж мэдрэгддэг. Ийм зүйлийг мэдэрчихсэн хүнд ямар ч шагнал сонин биш шүү дээ.

Уншигчдын хүндлэлд баясаад биеэ тоочихгүйхэн шиг, аль болохуйц үг, үйлдлээ цэнэж, аль болохуйц эгэл даруу явахыг л юу юунаас илүү чухалчлах ёстой байх. Тэгээд ч зорьсондоо хүртэл хол байна. Мэдээж, хүний зорих, бүтээх хоёрын дунд зай завсар их бий. Гэхдээ л хэлбэрэлтгүй зорьж л явна.

-Таны зорьсон алсын харгуй чинь дардан байг ээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *