Categories
мэдээ цаг-үе

Г.Ариунбуян: Дэлбэрэлтэд хоёр иргэн өртсөн байж болзошгүй. Эрлийн ажиллагаа явуулж байна. 20 гаруй машин шатсан DNN.mn

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 01:05 цагт Баянзүрх дүүргийн Дүнжингаравын уулзварт 60 тонн хийн газ тээвэрлэж явсан автомашин эргэх үед осолдож, гал гарчээ.

Энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Газ ачсан тээврийн хэрэгсэл зорчиж байсан “Глобал” сургуулийн хажуугийн 60 айлын орон сууцанд дэлбэрэлтийн улмаас гал түймэр гарсан. Түймрийн утааны бүсэд байсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгууллаа.

Уг орон сууцны 7, 8, 11 давхрын гурван айл галд өртсөн байна. Одоо эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Утаа буурч, түймрийг хяналтдаа авлаа.

Газ ачсан тээврийн хэрэгсэл автомашинтай мөргөлдөх үед ёмкость орчимд хэт халалт үүссэний улмаас дэлбэрсэн болохыг урьдчилсан байдлаар дүгнэж байна.

Ёмкость дэлбэрсний улмаас 40 метрийн зайд үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын албан хаагчид өртөж, хүчтэй шидэгдэн амиа алдлаа. Мөн хоёр иргэн өртсөн байж болзошгүй. Цагдаагийн байгууллага шалгалт хийж байна.

26 дугаар хорооноос 60 айлын орон сууцны 37 айлтай холбогдож, мэдээлэл авсан. Бусад айлтай холбогдож чадаагүй, хаалга нь цоожтой байна.

Анхны дуудлага Онцгой байдлын байгууллагад 01:04 цагт ирсэн. Эхний аврах анги гурван минутын дотор ирсэн, нэмэлтээр аврах ангийнхан ирсэн, цаг алдаагүй.

“Глобал” сургуулийн урд талаас уг байр руу галын машин ороход автомашинууд тавьсан, хашаа саад хаалттай байх зэрэг хүндрэл байсан, гэхдээ цаг алдаагүй. 20 гаруй машин дэлбэрэлтийн улмаас галд шатсан.

Галын голомтод ажиллаж байгаа аврагчид иж бүрэн хамгаалах хувцас хэрэглэлтэй, амьсгалын төхөөрөмжтэй.

Газын улмаас учрах аюул түүнд тохирсон ажиллагааг стандартын дагуу зохион байгуулж байна.

Суурьшлын бүс дотор аюултай ачаа тээвэрлэх, ашиглах хууль, журмыг өөрчлөх шаардлагатай боллоо.

Амиа алдсан онцгой байдлын байгууллагын гурван алба хаагчийг хэн болохыг тогтоох ажиллагаа явагдаж байна, албан ёсоор ар гэрт нь мэдэгдэж, уулзана. Маш харамсалтай явдал боллоо.

Албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан алба хаагчдын ар гэрт тэтгэмж өгдөг” гэсэн мэдээллийг өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *