УИХ–ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.
–Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлох Түр хороо байгуулагдсан. Түр хорооны эрхлэх чиг үүрэг нь юу юм бэ. Хэзээнээс хуралдаж, ажлаа юунаас эхлэх вэ?
-Анхны хурал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болно. бүрэлдэхүүн нь нийслэлээс сонгогдсон гишүүдээс бүрдэж байгаа. Дундаасаа даргаа сонгоно. Одоогоор хэлэлцэх асуудлын дарааллыг гаргаагүй байна. Түр хорооны ач холбогдол нь бусад байнгын хорооны адил статустай байна. гэхдээ хоёр чуулганы буюу энэ хаврын, ирэх намрын чуулганы хугацаанд ажиллана. Өөрөөр хэлбэл, энэ ондоо багтаж ажлаа хийж дуусгаад УиХ-д тайлагнана. энд нийслэл хоттой холбоотой аливаа хууль, тогтоомж эхлээд түр хороогоор хэлэлцэгдэж дэмжигдвэл үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэнэ. Мөн одоо мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтийг хянана. төсвийн байнгын хорооноос гадна хотын төсөвтэй холбоотой асуудлыг мөн хэлэлцэнэ. Бүтээн байгуулалт, том хөрөнгө оруулалтын асуудлыг нийслэлийн удирдлагууд түр хорооны хуралд танилцуулна гэх мэтчилэн нийслэлийн хөгжлийг цогцоор нь харж байгаад нэн түрүүнд шийдэх асуудлыг тодорхойлох, шийдэх чиглэл өгнө.
Нийслэлийн эрх зүйн тухай хуулийг удахгүй хэлэлцэнэ. Энэ хуулиар нийслэл өөрийгөө удирдах тодорхой эрх зүйн нөхцөлтэй болно. Хоёрдугаарт, газрын тухай хууль хэлэлцэгдэнэ. яармаг, Зайсан орчмын газрын тал нь нийслэлийн харьяанд, тал нь байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд байдаг. газар олголт маш эмх замбараагүй, үүнээс үүдэж олон асуудал үүсдэг. Тиймээс үүний зааг хязгаарыг өөрчлөхгүй бол Яармаг, Зайсан орчим аль хэзээний суурьшлын бүс болчихсон. үүнийгээ ч одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ мэтчилэн нийслэл хоттой холбоотой хууль, тогтоомж батлах, хэрэгжилтэд хяналт тавина. мөн нийслэл 400 тэрбум төгрөгийн төсөвтэй болж байгаа учраас төсвийн зарцуулалтад хяналт тавих хэрэгтэй. Мөн түгжрэлийн асуудлыг маш яаралтай шийдэхгүй бол таван жилийн дараа 0 зогсолт хийхээр байна.
–Түгжрэлийг яаж шийдэхээр ярилцаж байна вэ?
-Замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо өсөөд байдаг, гэтэл замын ачааллыг бууруулах гарц нэмэгддэггүй. Өөрөөр хэлбэл, шинэ зам тавигддаггүй. Тэгэхээр богино хугацааны шийдэл нь, гүүрэн гарц, шинэ зам, хороолол дундах замуудыг ашиглалтад оруулна. Нийслэлээс сонгогдсон гишүүд Д.Сумъяабазар даргад “Орон сууц барихаар шинээр зөвшөөрөл авч байгаа компаниудад цэцэрлэгийн асуудлыг заавал шийдэж байж зөвшөөрлийг нь өг” гэсэн шаардлага тавьж байна. Тэгэхгүй болохоор байшин бариад орхидгоос болж тэр хавийн оршин суугчид нь хүүхдээ цэцэрлэг, сургуульд өгье гэхэд байхгүй, хүртээмжгүйгээс өөр дүүрэг, хорооны цэцэрлэг, сургууль руу хүүхдээ зөөдөг. Ингээд нийслэлийн замын түгжрэлийн 40 хувь нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөж байгаагаас үүдэлтэй байна.
Урт хугацаанд бол метроны төсөл хэрэгжинэ. Гэхдээ 10-аад жилийн хугацаа шаардагдах болов уу. Замын хөдөлгөөнийг багасгахын тулд замын сүлжээг нэмэгдүүлэхээс гадна нийтийн тээврийн чадамж, нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Одоо явж байгаа автобуснуудын ашиглалтын хугацаа нь дуусчихсан. Тиймээс дунд хугацаандаа автобусны парк шинэчлэлт хийх хэрэгтэй. Нийтийн тээвэр хангалттай байвал хүмүүс заавал машинаа бариад хөдөлгөөнд оролцох шаардлагагүй болно. Тэгэхээр нийтийн тээврээ дэмжих нь маш чухал.
–Нийслэлд амьдарч байгаа хөдөө орон нутгийн иргэдээс татвар авах санаачилга гарсан. Ямар хуулийн төсөлд тусч байгаа вэ. Түр хорооноос энэ чиглэлд ямар байр суурьтай байгаа вэ?
-Үүнийг хэлэлцэх байх. Яг аль хуульд нь тусгагдахыг одоогоор сайн мэдэхгүй байна. Ер нь аль ч орны том хотуудад бусад хот, улсын иргэдийг шууд оршин суугчаар бүртгэдэггүй. Нийслэлийн багтаамж дийлдэхээ байлаа. Газар, орон сууц, зам, сургууль, цэцэрлэг ямар ч хүртээмжгүй байна. Тиймээс үүнийг зохицуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэдийн хотод суурьших, ажиллах хүслийг нь бууруулах гээд байгаа юм. Аль болохоор орон нутгийг хөгжүүлж, тэнд нь ажлын байр, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Амьдрах орчин, дэд бүтцээр хангаж, бизнес аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого хэрэгтэй. Мөн орон нутаг өөрийн татварын эх үүсвэртэй болж байгаа шүү дээ. Ингэхгүй болохоор гурван сая 300 мянган хүний тал нь энэ хотдоо бөөгнөрөөд байхаар дээр хэлсэнчлэн олон асуудал үүсээд байгаа юм.
–Та нэр бүхий гишүүдийн хамт Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан байсан. Энэ хуулийн гол ач холбогдол нь юу вэ?
-Танхимыг салбар танхимтай болгоё гэж байгаа. Тухайлбал, уул уурхай, ноос ноолуур, газар тариалан гэх мэтчилэн салбар танхимтай болчихоор тодорхой хэмжээний зөвшөөрлийг салбар танхим нь хариуцдаг болохоор зохицуулж байгаа. Бизнес эрхэлж байгаа хүмүүс 1500 янз бүрийн тусгай зөвшөөрөл заавал авах ёстой байдаг. Салбар танхим нь зөвшөөрлийг олгодог болгосныхоо дараа залгуулаад Зөвшөөрлийн тухай хуулийг өргөн барьж хэлэлцүүлнэ. Зөвшөөрлийн тухай хуулиар нийт авах тусгай зөвшөөрлийг 400, 500-гаас хэтрүүлэхгүй байхаар болгох гэж байгаа. Ингэвэл бизнес хийхэд төрийн албанаас нугалаа гаргаж дарамталдаг байдал нь өөрчлөгдөж, сайжирна. Тэгэхгүй бол бизнес хийхэд үнэхээр хэцүү болж байгаа юм. Тэр дундаа цар тахлын үед бизнесийнхэн уналтад орсон, одоо дөнгөж сэргэж байхад нь дэмнэж, дэмжих шаардлагатай байгаа юм.
–Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан. Энэ хуулийн гол зохицуулалт нь юу вэ?
-Банкны тухай хоёр хууль байгаа. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийг би ахалж байгаа. Нөгөөх нь Хадгаламж зээлийн үйл ажиллагааг зохицуулсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл л дөө. Энэ хуулийг би өргөн барьсан ч ажлын хэсэгт ороогүй. Энэхүү хуулийн ач холбогдол нь банк гэрээндээ заасны дагуу зээл олгоно. Гэнэт нэмэлт шимтгэл төлөх, урьдчилж хүүгээ авахгүй байхаар зохицуулсан. Тусгай нөхцөлтэй хадгаламж тохирохыг зогсоочихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, аливаа арилжааны банк зарласан хадгаламжийн хүүгээрээ л хадгаламжаа татаж гэрээгээ хийнэ. Өмнө нь төгрөг есөн хувийн хүүтэй гэж байхад өндөр дүнтэй хадгаламжтай хүн ирээд түүнээс илүү хүү авдаг. Ингээд эх үүсвэрийн өртөг нь нэмэгдэхээр нөгөө талд зээлийн хүү нэмэгддэг байсан. Тэгэхээр үүнийг зогсоож байгаа юм. Жишээлбэл, 1000 төгрөгийн зээлтэй байлаа гэж бодоход 10 хувийн хүү тооцуулна. Ингэхдээ авсан өдөр буюу зургадугаар сарын 1-нд зээл авлаа гэхэд зургадугаар сарын хүүгээ сарын сүүлээр төлнө гэсэн үг. Ингэж зохицуулахгүй бол зарим банкууд зээлийн хүүгээ урьдчилж авах нөхцөл байдал үүсдэг. Өөрөөр хэлбэл, хугацаа өнгөрснийх нь дараа нь зээлийн хүүгээ авна. Энэ нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалтыг тодорхой тусгасан хууль болсон. Ер нь аль болохоор хэрэглэгчийн эрхийг хамгаалсан заалтууд оруулсан хуулийн төсөл сая батлагдлаа. Удахгүй хэрэгжиж эхэлнэ.
Харин Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болохоор том арилжааны банкууд бүгд нээлттэй болж, иргэд хувьцаа эзэмших боломжтой болох юм. Банкны салбар бол гайгүй ашигтай салбар, жилийн 270-280 тэрбум төгрөгийн цэвэр ашиг хийдэг. Энэ ашгаас иргэд, хувьцаа эзэмшигчид нь ногдол ашгаар хүртэх боломж бий болж байгаа юм. Мөн дээрээс нь аливаа банк нэг, хоёр эзэнтэй байж, зөвхөн эздийнхээ төлөө ажилладаг ч юм уу эсвэл ашиг сонирхлын зөрчил гаргахгүйн тулд хяналтыг нь илүү чангаруулчихаж байгаа. Банкны реформын энэ хууль батлагдахгүй долоо, найман жил гацаж байгаад он гараад саяхан л батлагдлаа.
–Хар жагсаалтад багтсан иргэн, аж ахуйн нэгжүүдийг нэг удаа цагаатгахаар болсон. Банкир байсан хүний хувьд үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Шүүмжлэлтэй хандаж байгаа. Учир нь, эдийн засаг хамгийн муу үедээ чанаргүй зээлдэгч 20 хувьтай байдаг. Одоогоор 10 хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл, 10 хувь нь зээлээ төлөлгүй хоцорчихсон, 90 хувь нь хугацаандаа зээлээ хариуцлагатайгаар төлсөн байна гэсэн үг л дээ. Гэтэл алгасалгүй, сар бүр зээлээ төлж байсан сайн ангилалтай харилцагч, зээлдэгч нь хохирч байгаа юм шиг харагдаж байна. Энэ нь цаашид “Зээлээ төлөхгүй байсан ч болно. Дараа нь баллуурдчихдаг юм чинь” гэсэн хандлага үүсэх вий дээ гэсэн болгоомжлол байна л даа. Яахав, миний ойлгосноор саяны зохицуулалтаар муу зээлдэгчдийг бүгдийг нь харагдахгүй болгочихъё гэж байгаа юм байна лээ. Өөрөөр хэлбэл, зээлээ төлдөггүй байсан буюу муу ангилалтай зээлдэгч банк дээр очоод банк зээлдэгчийн мэдээллийн сангаас харахаар муу ангилалд байгаа нь харагдахгүй гэсэн үг. Цаашдаа зээл авчихаад дахиад зээлээ хугацаандаа төлөхгүй бол гарч ирэхээр зохицуулсан байна лээ.
–Ерөнхийлөгчийн сонгуулийн процессыг хэрхэн дүгнэж байна?
-Нэг өөрчлөлт нь энд тэндгүй салбар байршуулдаг хоцрогдсон технологиосоо салсан байна. Бүх зүйл цахим болчихсон энэ үед нэр дэвшигчид заавал 2, 3 сонин тараагаад байх шаардлагагүй байхгүй юу. Энэ чиглэлд санхүүжилтийн гайгүй хэмнэлттэй явж байна гэж харж байна. Зарим хүмүүс нэг л их дарангуйлал үүсэх нь гэсэн юм яриад байна. Гэтэл манай улс чинь ардчилсан парламентын засаглалтай улс шүү дээ. Тэгэхээр яаж ч бодсон дарангуйлал бий болно гэж байхгүй шүү дээ.
Дахиж сонгогдохгүй болохоор заавал хонгил үүсгэж шүүх, прокурорыг базаад хэрэггүй. Бид 30 жилийн хугацаанд 32 Ерөнхий сайдтай байсан гээд бод доо. Маш тогтворгүй. Шинэ сайд гарч ирэхдээ бүхнийг шинээр эхлүүлж өмнөхөө үгүйсгэдэг. Үүнээс нь болж иргэд ядарч байна шүү дээ. Төмөр замын бүтээн байгуулалт 20 гаруй жил гацсан шалтгаан нь төрийн гурван өндөрлөг хоорондоо хэл амаа ололцохгүй байгаагаас болсон. Энэ мэтээр улсын ирээдүйн бодлого, бүтээн байгуулалт саатдаг. Одоо бол Ерөнхий сайд хариуцлагаа хүлээж шийдвэрээ гаргаж, алсын харааныхаа дагуу улсын хөгжлийн гол гол бүтээн байгуулалтыг хийх боломж нь үүсэж байгаа юм. Жишээлбэл, Япон улсыг хар л даа. Японы либерал ардчилсан нам нь 1955 оноос хойш хоёрхон удаа л ялагдаж байсан. Бусад үед нь тогтвортой засаглаж байгаа. тогтвортой засагласны үр дүнд өнөөдөр Японы хөгжил ямар түвшинд байна. Мөн Герман улсыг жишээ татаж болно. Германы Христийн ардчилсан холбоо (CDU) 1990 оноос хойш засаглаж байна. Өмнөх парламентын үед байсхийгээд л нэг сайдыг сугалж огцруулдаг, байсхийгээд л Ерөнхий сайдаа кабинетаар нь огцруулдаг байсан. Монголын ардчилсан нийгэмд аажмаар дарангуйлал тогтоох хөрс байхгүй. Би бол улс төрд харьцангуй шинээр орж ирсэн дүрийн хувьд тийм засаглалыг хүлээн зөвшөөрөхгүй. Юуны төлөө сонгуулиар амлалт өгч гарч ирсэн билээ, юуны төлөө ажиллаж байгаа билээ. Дарангуйллын талд зогсож, кноптоод сууж байна гэвэл тийм юм байхгүй. Залуу хүний хувьд ч түүнийг хүлээн зөвшөөрч болохгүй, чадахгүй. Бид өнөөг хүртэл хараат шүүхтэй явлаа. Одоо хараат бус шүүхтэй болсон. Хэн ч хэзээ ч том бай, жижиг ч бай, иргэн ч бай, аж ахуйн нэгж ч бай шүүхийн өмнө очоод эрх тэгш байх ёстой.
Р.ХИШИГЖАРГАЛ