Categories
гадаад мэдээ

Фейсал Ислам: Оросын дайны эдийн засаг удаан тэсэхгүй DNN.mn

BBC-ийн тоймч Фейсал Исламын “Russia’s war economy cannot last but has bought time- Оросын дайны эдийн засаг удаан тэсэхгүй” нийтлэлийг товчлон хүргэж байна.

2022 оны гуравдугаар сар. Оросын рублийн ханш огцом унаж, Лондонгийн хөрөнгийн бирж дээр Газпром, Сбербанкны ханш шууд 97 хувиар суларч, Москвагийн АТМ-д дараалал үүсэв. Олигархуудын дарвуулт онгоц, хөл бөмбөгийн баг, ордон нь хураагдаж, тэдний зээлийн карт хүртэл хүчингүй болов. Орос улс тэр аяараа ноцтой хямралтай нүүр тулав. Энэ бол Барууны улсууд Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Оросын эсрэг авсан санхүүгийн хориг арга хэмжээний эхний үр дүн байв. Энэхүү арга хэмжээний гол цөм нь Оросуудын хадгаламж дахь валютыг хурааж, ялангуяа Оросын Төв банкны 300 тэрбум долларын нөөцийг царцаасан явдал болов. Барууны орнуудын эрх баригчид “эдийн засгийн дайн” гэх хэллэгээс ухаалгаар зайлсхийж, бодит байдал дээр Кремлийн эсрэг санхүүгийн сөрөг үйл ажиллагаа болох байлдааны фронт нээсэн мэт явдал байлаа.

Энэ явдлаас хойш бараг хоёр жил өнгөрч, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд мэдэгдэхүйц өөрчлөгдөв. Өнгөрсөн долоо хоногт Такер Карлсонд өгсөн “Владимир Путины ярилцлага” гэх сунжруу ярианы үеэр тэр “Оросын эдийн засаг одоо Европт хамгийн хурдацтай хөгжиж буй үзүүлэлттэй байна” хэмээн өөрийн “ялалт”-ыг зарлав. Учир нь Олон улсын валютын сан Оросын эдийн засгийн тогтвортой байдлыг хүлээн зөвшөөрч, энэ оны өсөлтийн таамаглалыг 1.1%-аас 2.6% болгон нэмэгдүүлсэн юм. ОУВС-гийн тоон мэдээллээс харахад Оросын эдийн засаг өнгөрсөн онд “G7”-ийн орнуудын эдийн засгаас илүү хурдацтай өссөн бөгөөд энэ жил ч илүү өсөх аж. Гэхдээ эдгээр нь эдийн засгийн үүднээс зүгээр л хоосон тоо юм. Иймээс Оросын эдийн засгийн энэ загвар удаан тэсэхгүй гэдгийг барууны эдийн засгийн шинжээчид бүгд онцолж байна. Эндээс Оросууд энэ байдлаар яг хэр удаан тэсч чадах вэ гэдэг асуулт яах аргагүй урган гарна.

Орос улс дайчилгааны гэгдэх дайны эдийн засагт шилжсэнээр Оросын төр ЗХУ-аас хойш дайнд хамгийн их хэмжээний мөнгө зарцуулж буй явдал болж байна. Арми, тусгай албаны зардал Оросын нийт төсвийн 40 хүртэлх хувийг эзлэх болов. Энэ нь Кремлийг нийгмийн зардлаа танахаас өөр аргагүй байдалд оруулж байна. Барууны орнууд Оросын газрын тос, байгалийн хийн салбарын эсрэг хориг арга хэмжээ авсаар байгаа ч нүүрс устөрөгчийн борлуулалтын орлого Орос улсын төсөвт орсоор байгаа билээ. ОХУ-ын газрын тосны олборлолт өдөрт 9.5 сая баррель хэвээр байгаа бөгөөд энэ нь дайны өмнөх түвшнээс арай доогуур үзүүлэлт юм. Орос улс хэдэн зуун танкер бүхий “сүүдрийн флот” худалдаж авснаар хориг арга хэмжээг тойрч гарах аргатай болж чадсан билээ. Иймээс өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Сангийн яам энэ оны нэгдүгээр сард нүүрс устөрөгчийн борлуулалтаас олсон орлого 2022 оны нэгдүгээр сарын орлогоос давсан гэж мэдэгдэв. Нефть, байгалийн хий, алмазын борлуулалтаас олсон валютын урсгал нь рублийн дарамтыг бууруулахад тусалж байна. Иймээс Оросын эдийн засаг удаан оршин тогтнохгүй гэж дэлхийн эдийн засгийн тэргүүлэх шинжээчид дүгнэж байгаа ч богино хугацааны үр нөлөөг бол харин хүлээн зөвшөөрч байгаа юм. Тэдний нэг нь саяхан “Тэр эдийн засгийн салбараа бидний бодож байснаас илүү үр дүнтэй дахин зохион байгуулж чадсан учир 2024 он Путины хувьд бидний төсөөлж байснаас хамаагүй эерэг жил байх болно” гэж хэлсэн. Гэсэн ч эдийн засгийн өсөлт мэт харагдаж буй энэ загвар нь Москвагийн газрын тосны орлого, Хятадын байдал, дайны гэгддэг ямар ч үр ашиггүй зардал зэргээс ихээхэн хамаарах болно. Оросын статистик мэдээнд тусгагдсан Дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ)-ий тоон өсөлт нь үнэндээ үйлдвэрлэлээс гарсан танк, пуужин, дроны үнэ бөгөөд эдгээр нь Донбасст устгагдаж байгаа учир эдийн засгийн хувьд үр ашигтай зарцуулалт гэж үзэх аргагүй юм. Үүний зэрэгцээ Орост “тархи урсалт” гэх хамгийн чадварлаг иргэд нь зугтах явдал байсаар байна. Мөн Оросууд хий, нефтийн зөөврийг зөвхөн Энэтхэг, Хятад руу хийж, ачаагаа доллараар зарах боломжгүй болсон. Иймээс Оросын ДНБ-ий цаасан дээр байгаа өсөлт нь эдийн засгийн үүднээс зүгээр л хоосон тоо юм. Харин Барууны улсуудын стратеги нь Оросын эдийн засгийг бүрэн бүслэлтэд оруулахгүй, технологи оруулахыг хязгаарлаж, бүтээгдэхүүнийх нь зардлыг нэмэгдүүлж, орлогыг нь бууруулж, улмаар дайн тулааныг Оросын хувьд удаан хугацааны дааж давшгүй ачаа болгон хувиргаж “муур хулгана болж тоглох” явдал юм. Америкийн нэгэн албан тушаалтан надад “Оросууд Украиныг буудах танканд мөнгө зарцуулж байснаас өөрсдийн нефть, байгалийн хийг зөөх танкерт мөнгө зарцуулж байх нь дээр” гэж хэлсэн. Нефтийн зах зээл дээрх Барууныхны зорилго нь тухайлбал, Энэтхэгийг Оросын нефтийг худалдан авахыг багасгах гэх мэт янз бүрийн аргаар Оросын экспортын орлогыг танаж, улмаар Кремлийн дайны машиныг удаашруулах явдал. Гэхдээ Оросын эдийн засгийн өсөлт энэ жилийн турш үргэлжилж, фронт дахь зогсонги байдлын хугацааг уртасгаж магадгүй байна. Иймээс Кремль өөрийн стратегийн дагуу, АНУ-ын ерөнхийлөгч солигдохыг хүлээж, Украинд үзүүлэх барууны тусламжийг багасгаж чадна гэсэн итгэл дээр тогтон ажиллаж байна. Үүнээс үүдэн дайны үед битүүмжлэгдсэн Оросын хэдэн зуун тэрбумын хөрөнгө сонирхол татаж эхлээд байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Энэ мөнгийг Украиныг сэргээхэд зориулах ёстой” гэж хэлсэн. Их Британийн Сангийн сайд Жереми Хант, Гадаад хэргийн сайд Дэвид Камерон нар энэ санааг дэмжиж байна. Камерон надад “Энэ мөнгийг одоо ашиглах нь Оросын нөхөн төлбөрийг урьдчилж төлсөнтэй адил хэрэг. Энэ нь бидэнд Украинд туслахын зэрэгцээ барууны татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх боломж олгоно” гэж тайлбарласан. Гэхдээ энэ бол маш нарийн асуудал. Хэрэв Оросын хөрөнгийг булааж авбал бусад орнууд, тухайлбал, Персийн булангийн орнууд, Африк, эсвэл Төв Азийн орнууд барууны төв банкууд дахь нөөцийнхөө аюулгүй байдлын талаар юу гэж бодох вэ? Эдгээр нь дэлхийн санхүүгийн гол артерийн нэг хэсэг бөгөөд өдөр бүр тэдний хэдэн зуун тэрбум долларын төлбөр урсаж байдаг юм.

Дайны байдалд орсон Оросын эдийн засаг урт хугацаанд тэсч чадахгүй ч барууныхан Кремльд тодорхой хугацаанд тэсэх боломж хэдийнээ олгосон. Одоо барууны улсууд Оросын эсрэг өмнөхөөсөө давж гарах арга хэмжээ авахаар бэлтгэж байна. Энэхүү санхүүгийн байлдаан хэрхэн явагдахаас Орос, Украины дайны хувь заяа ч бас хамаарна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *