Categories
мэдээ нийгэм

Фулбрайтын Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээг шинэчилсэн гэрээ байгууллаа

Фулбрайтын Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээг шинэчилсэн гэрээ байгууллаа

Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улс хоёр орны боловсролын байгууллагуудын хооронд урт хугацааны харилцааг бий болгохоор Фулбрайтын Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний шинэчилсэн гэрээнд энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан нар оролцов. Шинэчилсэн гэрээгээр хөтөлбөрт оролцогчдод өмнө нь тавьж байсан барьцааны шаардлагыг албан ёсоор цуцалж, тэтгэлэгт хамрагдах боломжийг эдийн засгийн байдлаас үл хамааран бүх монгол залууст нээлттэй болгож байна.

“Боловсролын салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны 35 жилийн дипломат харилцааны үндсэн суурь нь байж ирсэн бөгөөд өнөөдрийн арга хэмжээ энэхүү өдрийг тэмдэглэх төгс ёслол болж байна” хэмээн Элчин сайд Клечески хэллээ.

Фулбрайтын хөтөлбөр Монголд 28 жилийн өмнө эхэлсэн бөгөөд Монголын анхны Фулбрайтын зочин-судлаач 1994 онд, анхны оюутан 1995 онд АНУ руу явж байжээ. Түүнээс хойш АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр нийт 400 гаруй хоёр талын солилцоог Фулбрайт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлээд байна.

Хамтарсан Фулбрайтын хөтөлбөр хэрэгжүүлэх хэлэлцээр 2009 оноос эхэлж, 2010 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс хойш Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэйгээр 100 гаруй монгол оюутан боловсрол, байгалийн шинжлэх ухаан, нийгмийн эрүүл мэнд, геологи, инженерчлэл зэрэг мэргэжлээр магистерийн зэрэг эзэмшжээ.

“Энэхүү 100 гаруй залуучууд өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж буй, тухайн салбар бүрдээ манлайлагч болсон гэдгийг онцолж хэлэхийг хүсэж байна” хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан ёслолын үеэр хэлэв.

Боловсрол, шинжлэх ухааны чиглэлийн хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Элчин сайдын яам нь жил бүр нийт 2 сая гаруй ам. долларын санхүүжилттэй 120 гаруй хоёр талын, бүрэн тэтгэлэгт солилцоог хэрэгжүүлж байна.

АНУ-ын Засгийн газрын боловсролын солилцооны тэргүүлэх хөтөлбөр Фулбрайт нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэг олон улсын боловсрол, соёлын солилцооны боломжийг санал болгодог хөтөлбөр юм. Фулбрайт хөтөлбөр нь ээдрээтэй, үргэлжид хувьсан өөрчлөгдөж буй ертөнцөд хүмүүсийг хооронд нь холбож байх зорилготой. Дэлхийн Фулбрайтуудын сүлжээ нь АНУ болон хамтрагч улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, мэдлэг мэдээллийг түгээж, дэлхийн өнцөг булан бүрд амьдрах нөхцөлийг сайжруулсаар байна.

АНУ болон Монгол Улс нь энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжих үүднээс хоёр орны хүмүүс хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажилласаар ирсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *