Хувцас загвараар төдийгүй сэтгэлгээний хэв маягаар өөрийгөө илэрхийлэгч залуусын жил бүр хүсэн хүлээдэг “Free market academy 2018” эрчимжүүлсэн сургалт энэ сарын 03-07-нд Gobi Deluxe амралтад болно.
Эдийн засгийн сэтгэлгээний түүх, үндсэн суурь зарчим, чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд, эдийн засгийн болон улс төрийн эрх чөлөө, мөнгө, ёс суртахуун, дэлхийн эдийн засгийн тулаан зэрэг сэдвээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачид урилгаар ирж лекц уншдаг нь энэхүү сургалтын үр нөлөө, нэр хүндийг тодорхойлдог. Энэ жилийн сургалтад олон улсын нэрт эдийн засагч, философич, Хонолулу дахь Хавайн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн төвийн захирал Кэн Скүүлэнд, TFT Events-н үүсгэн байгуулагч, Актон институтийн Ази, номхон далайн бүсийг хариуцсан гадаад харилцааны захирал Ли Скүүлэнд, Эдийн засгийн ухааны доктор, Francisco Marroquín их сургуулийн зочин профессор Кристофэр Линг нар хичээлийг удирдан явуулж, мэдлэг мэдээллээ хуваалцах юм.
Түүнчлэн эдийн засгийн суурь зарчим, онолын сэтгэлгээний талаар мэдлэгээ тэлээд зогсохгүй тэдгээрийг өөртөө шингээх явцдаа өөрийгөө болон хүрээлэн буй ертөнц, хүмүүс, хувьсан өөрчлөгдөх асуудлуудыг хэвшмэл бус шинэ өнцгөөс харах чадварт суралцдаг. Эцсийн дүндээ тэрхүү чадвараа өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх сэдэл, дадалд сургах нь сургалтын зорилго хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Төсөв, татвар болон түүгээр дамжуулан хэрэгжүүлдэг орлогын дахин хуваарилалтын бодлого гэж юу болох зэрэг асуудлаар дээрх багш нараас лекц сонсч, эдийн засгийн бодлогод дүн шинжилгээ хийх чадварт суралцах юм. “Торгоны зам сан”, “Мизес Монгол” ТББ хамтран олгож буй тус ургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.freemarket.mn/free-market-academy, мөн https://www.facebook.com/events/522829784800905/хаягаас авах боломжтой.