Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Францын Ерөнхийлөгч Макроны айлчлал эдийн засаг бодитой хөгжихийн дохио боллоо DNN.mn

Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад албан ёсны айлчлал хийгээд буцлаа. “Их долоо”-гийн орнуудын нэг, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, НАТО-г үүсгэн байгуулагч, хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч хүчирхэг орны төрийн тэргүүний айлчлал гэдэг гуравдагч хөршийн мөнхийн хэрэгцээ шаардлагатай манай улсын хувьд тунчиг тааламжтай үйл явдал юм. Өмнө нь Монгол Улсад дэлхийн топууд айлчилж л байсан. НҮБ-ын тэргүүн, АНУ-ын ерөнхийлөгч, Германы канцлер, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, Японы ерөнхий сайд гээд уртаас урт цуваа гарна. Харин энэ удаагийн Францын тэргүүний айлчлал бол ковидын цар тахал, Орос Украины дайны нөлөөгөөр уруу дорой байгаа манай нийгэм, эдийн засагт итгэл найдвар төрүүлсэн, гэрэл гэгээ оруулсан явдал боллоо.

Ковидын цар тахлаар гурван жил шахам хил хаагдаж, дотоодын эдийн засгийн цусны эргэлт царцанги байдалд орсон. Цар тахал арай нэг гайгүй болмогц дайн эхэлснээр эдийн засгийн хямрал үргэлжилсээр байна. Инфляци дийлдэхээ больж, ард түмэн өдөр хоногийг л өнгөрөөх хэмжээний орлоготой байсан энэ үед арай ойроор нь бид Япон, Өмнөд Солонгосыг царайчлангуй хардаг байлаа. Гэтэл хаа холын Францын тэргүүн гялалзтал айлчилж, газарт унаад байсан урам зоригийг тэнгэрт гаргаж өглөө. Монголчууд мөнхөд хоёр хөршийнхөө аясыг дагах ёсгүй гэдгийг, ганцаардмал хөөрхийлөлтэй хувь заяатай биш юм гэдгийг ч санууллаа.

Айлчлалын үеэр харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэх болон олон улсын харилцаанд тулгамдсан нийтлэг зарим асуудлаар ярилцаж, хоёр улсын Ерөнхийлөгч нар хамтарсан тунхаг гаргасан. Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл хөтөлбөрийг онцолъё.

Онцолбол, “Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд “Бадрах Энержи” ХХК-ийн Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслөөр яриа хэлэлцээг эрчимжүүлж, ирэх намар байгуулах чиглэлээр ажиллана. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт Францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих чиглэлээр ажиллана” гэжээ. Хамгийн чухал, үндсэн гэмээр хамтрах төсөл хөтөлбөр бол энэ юм.

Монгол Улс ураны батлагдсан нөөцөөрөө дэлхийд тавд ордог бол Франц улс ураны хэрэглээ, атомын цахилгаан станцын тоогоороо тэргүүлдэг. Нэг талд нь ураны нөөц, нөгөө талд нь асар их хэрэгцээ байгаа цагт аль алиныхаа эрх ашигт нийцсэн томхон төсөл хэрэгжүүлэхэд л гуравдагч хөршийн хамгаалалт, эдийн засгийн шинэ эргэлт, орлогын шинэ эх үүсвэрүүд гээд тун таатай нөхцөлүүд манайд бүрдэх нь тодорхой. Харин бид бусдын хатгаасаар ураны эсрэг жагсаж, алдарт “гурван толгойтой тугал”-ын үлгэрээ яриад эхлэмгүй байна. Үнэхээр ураны шар нунтагаас хордоод гурван толгойтой тугал гараад байгаа юм бол тэндхийн хүүхдүүд ч гэсэн яагаад гурван толгойтой төрдөггүй юм бол.

Энэ бол бусдыг төөрөгдүүлэх гэсэн худал цуу яриа юм. Юу ч нягталж шалгадаггүй, аман эх сурвалжид итгэдэг манайхны зан араншинд тохируулсан пиар билээ. Энэ чигийн нэг эрдэмтэн “Ураны шар нунтаг чинь энэ шүү дээ” гээд цүнхнээсээ шилэнд хийсэн шар юм гаргаж үзүүлээд аймхай нэгний зүрхийг авах дөхсөн гэдэг. Гэтэл дэлхийд мөрдөж байгаа технологийн дагуу л ажиллаад, ашиглаад байх юм бол атомын станц, ураны олборлолт нь хор хөнөөлгүй гэдэг нь олон оронд батлагдаад л явж байна. Францад уран олборлож байсан газраа шугуй шиг шигүү мод тарьж, баялаг загастай нуур байгуулчихаад, түүнээс нь хүн, амьтангүй ундаалж байдаг нь үлгэр биш, хий хоосон пиар ч биш бодит байдал нь. Байдал ийм байхад монголчууд бид гурван толгойт тугалны үлгэрээр хичнээн ч жил айлгав даа. Өнөөдрийн байдлаар дэлхийн 31 оронд 420 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байгаа. Шинээр 60 гаруй реактор баригдаж буй бол цаашдаа 160 орчим атомын цахилгаан станц баригдах төлөв гарсан байна.

Хөөрүү хийсгэлэн зантай монголчууд өнөөдөр арай нэг хэрсүү суух нь уу дээ гэж ажиглагдаж байна. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны зээл, төрөл бүрийн сангуудын зарцуулалт гээд ард түмний боломжийг хулгайлсан хэргүүдтэй тэмцэж эхэллээ. Дотоодын ийм шударга ёсны тэмцэл, гадны өндөр дээд хэмжээний айлчлалууд зэрэг нь нийгэм цэвэрших, шударга ёс тогтох, эдийн засаг сэргэх, улс орон хөгжих эхлэл, үндэс суурь нь юм. Дотоодын луйвар, эх оронч бус хандлага л энэ улс орныг сүүлийн 30 жил сөхрүүлж гүйцсэн байна. Улс орноо улс шиг хөгжүүлэхийн тулд монголчууд бид өөрсдийгөө, сэтгэхгүйгээ өөрчилмөөр байгаа юм. Адаглаад л төрд ажилд орвол эх орноо тонон дээрэмдэж баяждаг гэсэн бодлоо өөрчлөх хэрэгтэй. Хоёрхон хөрштэй, энэ хоёрынхоо аясаар амьдрах ёстой гэсэн гутранги бодлоосоо ч салах хэрэгтэй юм байна. Өөрсдөө бид хүн шиг байж, улс орноо өөдтэйхөн авч явбал дэлхий биднийг тоох юм байна гэдгийг сүүлийн үеийн үйл явдлууд баталж байна. Дөнгөж өчигдөрхөн Монголд айлчлаад буцсан Францын Ерөнхийлөгч Макроны айлчлал л гэхэд Монголын эдийн засаг бодитой хөгжихийн дохио боллоо.

Г.Гэндэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *