Categories
мэдээ нийгэм

Францчууд яаралтай тусламжийг бэхжүүлэхэд туслана

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Францын “Санте Сюд” төрийн бус байгууллагын менежер Анн Бургонион, ажилтан Орэли Дантан нарыг хүлээн авч, санал солилцов.

“Санте Сюд” төрийн бус байгууллага 1994 оноос хойш манай улсын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүнс, хөдөө аж ахуйн салбарт төсөл, хөтөлбөрүүдийг төв, орон нутгийн байгууллагуудтайхамтран хэрэгжүүлж иржээ.

Тухайлбал 2013-2015 онд тухайн үеийн Эрүүл мэндийн яам, Архангай аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “Архангай аймагт эсэн мэнд амаржихуй“ төслийг тус аймгийн 17 сумын эрүүл мэндийн төвд хэрэгжүүлсэн байна.

Мөн Архангай, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлсэн “Байгууллагын хөгжлийн бодлого” төсөлд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид хамрагджээ.

Түүнчлэн “Архангай аймгийн хүн амын эрүүл мэнд ба хоол тэжээл” төслийг хүнсний ногоо тариалалтыг дэмжих, хүн амд эрүүл зохистой хооллолтын мэдээлэл сурталчилгааг сайжруулах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хэрэгжүүлж байна.

Манай улсад 2016 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Эх баригчийн ур чадварыг бэхжүүлэх төсөл” нь олон талт хамтын ажиллагааны дүнд эх баригчийн эрх зүйн орчин, сургалтын хөтөлбөрийг шинэчилснээр эх баригчийн ур чадварыг сайжруулж эх, нярайн эндэндлийг бууруулахад чиглэсэн юм.

Тус ТББ-ын хөтөлбөр хариуцсан менежер Анн Бургонион Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнд найрсаг дотноор хүлээн авч, дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлээд өнгөрсөн хугацаанд “Санте Сюд” ТББ , Монгол Улсын Эрүүл мэндийн яам хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Цаашид манай улсад яаралтай тусламжийн салбарыг бэхжүүлэх хэрэгцээ шаардлага байгаатай холбоотойгоор“Монгол Улсын яаралтай тусламж, үйлчилгээг бэхжүүлэх төсөл“-ийг ЭМЯ, Азийн хөгжлийн банкны санхүүгийн туслалцаатайгаар хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд дэд сайд Л.Бямбасүрэн Монгол Улсын эрүүл мэндийн тулгамдсан асуудалд анхаарч, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэн эх, нярайн эрүүл мэнд дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш гэдгийг онцлоод “ Эх баригчийн ур чадварыг бэхжүүлэх төсөл”, “Байгууллагын хөгжлийн бодлого” төсөл нь эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулж, үр өгөөжөө өгч байгаа талаар дурьдав. Цаашид “ Монгол Улсын яаралтай тусламж, үйлчилгээг бэхжүүлэх төсөл “ дээр хамтарч, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *