Categories
мэдээ цаг-үе

Франц Азийн орнуудаас анх Монголтой харилцаа тогтоосон

Ирэх жил Монгол-Францын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох юм.  Үнэндээ бол манай хоёр улсын харилцаа 50-иас илүү олон жилийн түүхтэй. Үүнийг баталгаа болох зургуудыг Гадаад хэргийн яамнаас зохион байгуулсан нээлттэй хаалганы өдрүүдэд оролцсон Монгол Улс дахь Францын ЭСЯ-ныхан толилуулсан юм. Энэ зургуудын талаар Францын Онц бөгөөд бүрэнд эрхт Элчин сайд Ив Дэнлунэгээс тодруулсныг сонирхуулъя.

-Манай хоёр улс XII зуунаас харилцаатай байсныг гэрчлэх энэ зургийн талаар та манай уншигчдад сонирхуулаач..

-Эхний зураг Францын хаан Луи IX (Гэгээн Луи ч гэж нэрлэдэг) Монголын элчүүдийг хүлээн авч уулзаж байгааг харуулсан. Үүнийг XV зуунд зурсан. Тэгэхээр үүнтэй холбоотой үйл явдлуудын талаар яримаар байна. Баруун гар талд буй зураг нь 1248 онд 12 дугаар сарын 18-ны өдөр Францын хаан Луи IX  нь Гүюг хааны Перс дахь төлөөлөгч Алжигдайн элчийг Кипрт хүлээн авч байгааг харуулсан. Луи IX нь загалмайтны долдугаар дайнд бэлдэж байсан үе. Египетийн мамлюкуудын гарт орчихоод байсан Иерусалим хотыг дайтахаар 25000 цэрэг дагуулан явж байсан гэдэг.  Монголын хааны элч түүнд бараалхахдаа “Ариун газар нутгийг эзэлж Иерусалимыг чөлөөлөхөд туслахад бэлэн” хэмээн хэлсэн тухай түүхэнд өгүүлсэн байдаг. Үүний дараахан 1249  оны нэгдүгээр сард хаан Луи IX нь Андре дө Лонжюмо тэргүүтэй элчээ Монгол руу илгээсэн. Тэр үед хаан Гүюг өөд болоод удаагүй байсан тул Франын хааны элчийг төрийн эрх барж байсан хатан Огул Хаймиш  нь Балхаш нуурын зүүнтэй хүлээн авч уулзаж байжээ. 1252 оны тавдугаар сард Андре дө Лонжюмо тэргүүтэй Францын хааны элчийг нутаг буцахад  хамт ирсэн Монголын элчүүдийг Цезаред хүлээн авсан. XIII зуунд манай хоёр улсын дипломат харилцаатай холбоотой үйл явдлууд болсон байдаг. 1253 онд  хаан Луи IX нь өөрийн элч Гийом де Рубрукийг Монгол руу илгээсэн. Үүний дараа 1288 онд Монголын элч нар Францад ирсэн юм.

-Тэгвэл XX зууны үеийн үйл явдал хамаарагдах  нэгэн түүхэн гэрэл зураг байна. Францын нэртэй улстөрч болох Шарь де Голльтой энэ зураг ч их сонин юм байна.

-1966 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч, генерал Шарль де Голль, Гадаад хэргийн сайд Кув де Мурвиль нар Елисейн ордонд  БНМАУ-ын Элчин сайд Б.Жаргалсайханыг итгэмжлэх жуух бичгээ хүлээн авсны дараахан авахуулсан зураг. Манай хоёр улсын Засгийн газар 1965 оны тавдугаар сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоохоор шийдээд байсан үе. Тухайн үед генерал Шарль де Голль  дорно дахинтай дотно харилцаатай болох гадаад бодлогыг баримталж байсан. 1964 оны гуравдугаар сард Франц БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон юм. Түүний хэлснээр ЗХУ-тай сайн харилцаатай байх гадаад бодлогыг  хэрэгжүүлж байжээ. Үүнээс хэдэн сарын өмнө Франц Улс нь БНМАУ-д Элчин сайдын яамаа нээх боломжийг судлуулахаар дипломатч Филипп Ришиег илгээсэн. Тэр хүн тайландаа өөрийгөө 1253 онд Монголд ирж байсан Гийом де Рубрукийн залгамжлагч хэмээн тодорхойлсон байдаг юм.

БНМАУ-ын Элчин сайд Б.Жаргалсайханыг итгэмжлэх жуух бичгээ барих үеэр генерал Шарль де Голль 1289, 1302 онуудад Аргун, Өлзийт хаадаас Францын Филипп хаанд илгээсэн захидлын хувийг танай Засгийн газарт дамжуулан өгсөн түүхтэй. Тэдгээр захидлын хувь нь танай Гадаад хэргийн яамны архивт хадгалагдсан байх ёстой.

-Энэ хоёр зураг, ялангуяа XV зуунд зурсан зургийн талаар хэдхэн түүхч болон мэргэжилтнүүд мэднэ гэж та ярьж байсан. 


-Франц, Монгол хоёр бол хүлээн зөвшөөрөгдсөн өөрийн түүхтэй. Үүнийгээ үндэсний бахархлын нэгэн хэсэг болгож үздэгээрээ төстэй. XIII зуунд хоёр улсын зорилго ижил байсан байна. Хоорондоо дайтах бус хамтран ажиллах, тохиолдлоор бус тогтмол харилцаатай байх зорилготой байжээ.  Бас нэгэн баримтыг дурдахад Франц улсын Ази тивд харилцаа тогтоосон анхны орон нь Монгол байсан. Хэдэн зууны туршид Франц нь Монголыг сонирхсоор ирсэн нь үүнтэй холбоотой юм.

Манай хоёр улсын харилцаа эрчимжиж байгаа энэ үед түүхэн үндэс суурь болсон үйл явдлуудыг  сануулах нь чухал болов уу гэж  бодож байна.

Ю.ДЭЛГЭРМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *