XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо.
Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр гурвын даваанаас эхлэн үргэлжилж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар хүрэлцэн ирлээ.
Бөхийн барилдааны гурвын давааны өмнө Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам нар бөхчүүд, үзэгчид, нийт ард түмэнд зориулж “Өлзий хутгын хурыг буулгагч их сан”, “Дөрвөн уулын сан”, “Хийморийн сан” тавьж, “Буян хишгийн даллага” авлаа.
Бөхийн барилдааны дөрвийн давааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уяачдад улсын цол хүртээх ёслол болов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6, 8.8 дахь хэсэгт заасан болзлыг хангасан уяачдад Монгол Улсын цол хүртээх тухай 9 дүгээр зарлигийг 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан.
МАНЛАЙ УЯАЧ ЦОЛЫГ:
- Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Дугаржавын Ганзориг,
- Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэн,
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Хүүгийн Түмэнбаяр,
- Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Ухнын Эрдэнэбилэг нарт,
АЛДАРТ УЯАЧ ЦОЛЫГ:
- Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Самдангийн Дамбажав,
- Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Бөөрөнхийн Амарбаясгалан,
- Дундговь аймгийн Хулд сумын уугуул Дэмчигцоодолын Эрдэнэбулган,
- Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын уугуул Гомбосүрэнгийн Адъяасүрэн,
- Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Паламын Гөлгөө,
- Увс аймгийн Түргэн сумын уугуул Сайнжаргалын Анхбаяр,
- Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Даваасамбуугийн Жаргалсайхан,
- Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Энхбатын Дашчирэв,
- Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Энэбишийн Ууганбаяр нарт тус тус хүртээв.
Мөн бөхийн барилдааны дөрвийн давааны өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Улсын аварга малчин, тариаланчдын төлөөлөлд шагналыг нь гардуулж, баяр хүргэсэн юм.