Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Фортуна 99 тэнгэрийнхээ нэгийг явуулахад Н.Мөнхбатыг уг нь аварчихна даа

АН-ын томчууд үнэндээ залуу үеэ, залгамж халаагаа хайр найргүй үрж байна. Дэндүү харамсалтай байна. Дэнзэн, Ганбат, Мөнхбат… ааяа яа… Араас нь ахиад хичнээн залуус ах нарын золиос болохыг мэдэхгүй. Гадаад дотоодын нэр хүндтэй сургуулиудад боловсрол эзэмшсэн олон сайхан залуу мэдлэг чадвараа шавхан, мэрийлт чамбайлттай ажлаа эхэлцгээж билээ. Ард түмэн санаж байгаа байх, хиртэй гараар баримгүй тунгалаг залуус 2012 оны сонгуулийн үр дүнгээр АН-аас албан тушаалд очиж байсныг. Одоо бүгдээрээ ажилгүй болж байх шиг байна. Ажилгүй болох яах вэ, бага хэрэг болох нь. Намынхаа томчуудын дарамт шахалтаар гарын үсэг зурсан, түүнийхээ золиос болсон найзуудынхаа аав ээж, залуу сайхан гэргий, нялх үрсийнх нь нулимстай нүдийг харах тэдэнд үнэхээр аймшигтай байна.

Энэ бүхэн тэгээд юунаас эхлэлтэй вэ. Шулуухан хэлэхэд намынх нь ах нараас. Жишээ нь Женко нарын нөхдүүдийн нэр холбогдсон “Нүүрсчдийн нам”-ын хэрэг байна. Энэ хэрэгт нэр нь холбогдсоноор гадагшаа зугтаасан Ганбат гэж мундаг боловсролтой залуу 2013 онд Төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төслүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Либерти Партнерс” компанийг байгуулан захирлаар нь ажилласан. Түүний намтраас товчхон хүргэхэд л тэр Монголд бүү хэл олон улсад ажиллах хэмжээнд бэлтгэгдсэн шинэ үеийн боловсон хүчин. Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, ТИС-ийн КТМС, Нью Хэйвэны их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр, АНУ-ын Колумбийн их сургуулийг Олон улсын санхүү, эдийн засгийн магистр зэрэгтэй төгссөн. Азийн хөгжлийн банкинд зөвлөх, “Буян холдинг” компанийн гадаад харилцааны хэлтсийн дарга, Нью Йорк хотод ХБНГУ-ын “COMMERZBANK AG” банкны International Structured Finance-т дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байгаад эх орондоо ирж “Женко” Баттулгын саналаар хамтран ажиллаж эхэлсэн байдаг. Эцсийн үр дүн нь одоо тэрбээр эх орноосоо дайжиж, эрүүгийн хэрэгт татагдан эрэн сурвалжлагдаж байна. Хэн түүнийг ийм байдалд хүргэв. Нам нь, намынх нь ах нар.

ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн гэж мундаг потенциалны залуу байна. Өнөөдөр шоронд. Анх 10 жилийн сургуулийн сурагч байхдаа л математикийн улсын олимдиадад гуравдугаар байр эзлэн МУИС-д урилгаар суралцсан хүүхэд. Толгойтой хүүхдүүд л суралцдаг хэрэглээний математикийн мэргэжил эзэмшиж Их сургуульдаа багшилж байгаад АН-ын ах нартаа уруу татагдаж улс төрд орсон. Улмаар Засгийн газрын гал тогоонд гарын үсэг зурдаг хамгийн чухал албанд томилогдож, төрийн өмчийн бүх компанийн ТУЗ-ийн даргаар түүнийг ажиллуулсан. Хийж бүтээх их хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн түүний тэр их зорилго, мэдлэг чадвар АН-ын ах нарынх нь улсын төрийн ашиг хонжооны зорилгод ашиглагдаж, нэр төр, ирээдүйн карьер, намтар цадигт нь арилшгүй муухай мөр үлдээлээ. Муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олдохгүй хатуу тавилан түүнд тохиолдлоо. Тэр хэрэвзээ АН-ын ах нарынхаа улс төрийн золиос болоогүй бол өнөөдөр Монголын том сэхээтэн явна. Түүний чадварыг найз нөхөд нь, хамтран зүтгэгчид нь биширдэг. Ишш… одоо энэ нэг сайд хийж буй нөхөдтэй Дэнзэнг яаж жиших юм бэ, дэндүү гавал толгой шүү дээ гэж ярих улстөрчид одоо ч ордонд байдаг. Гэвч тэр Монголын төрд сүүлийн 26 жил буг болтлоо суугаа АН-ын ах нарынхаа зодооны золиосын золиос болон залуу нас, халуун дулаан амьдралаа үрж шоронгийн торны цаана сууж байна. Түүнийг хүндэтгэдэг хүний тоо өдрөөс өдөрт цөөрч байна. Энэ бол түүний төлөө хийсэн АН-ын томчуудын “гавьяа”.

УИХ-ын М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав гэж эмэгтэй байна. Хятадад өндөр боловсрол эзэмшсэн энэ эмэгтэйн хийсэн гэх хэрэг нэн ээдрээтэй. Яах аргагүй АН-аас УИХ-д суусан М.Батчимэгийн дэргэд байж байгаад л тагнуулын хэрэгт татагдан шоронд суусан. УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн уйгаржин монгол бичгийг дахин сэргээх гэсэн үл гүйцэлдэх, эх орноо дэлхийн хөгжлөөс хойш татсан, гадны явуурга мэт сонин сэдэл санаачилгатай давхцаад л түүний туслах, зөвлөхөөр ажиллаж байсан энэ залуу бүсгүй эх орноосоо урвасан хэрэгт холбогдон амьдралаа үрсэн.

Өнөөдөр ид яригдаж байгаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат гэж залуугийн хувь тавилан байна. Англи хэлний өндөр мэдлэгтэй, боловсролтой энэ сайхан залуу бол ерөөсөө л УИХ-ын гишүүн асан, “фортуна” Н.Батбаярын золиос гэдгийг бүх хүн ярьж байгаа. Туслахаар нь ажиллаж байгаад Хөгжлийн банк байгуулагдахад Фортуна түүнийг захирлаар нь тавьсан. Хөгжлийн банкаар орж гарсан санхүүгийн бүх урсгалын эрх мэдлийг түүнд өгсөн. Өнөөдөр харин харж байхад захирал гэж дээ, Фортуна нарын АН-ын гишүүн бүлэг улстөрч, бизнесмэнүүдийн могойд барьдаг мод байсан нь тодорхой болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай улсын гайгүй өндөр мөнгөн дүн, санхүүжилт, төсөл хөтөлбөр, бондын хөрөнгүүд бүгд энэхүү Хөгжлийн банкаар дамжсан. Н.Мөнхбат өнөөдөр АН доторх фракцынхаа ах нарыг аврах уу, алах уу гэдгээ шийдэж ядан “Ганц”-ын өрөөнд хэвтэж байна. Шоронгийн гадаа нь саяхан төрсөн нялх биетэй эхнэр нь, насан өндөр ээж нь уйлаад сууж байна. Түүний хувьд Хөгжлийн банкнаас гарсан 1.3 их наяд төгрөгийг хэрхэн яаж зарцуулснаа Төрийн хуулийн өмнө тайлагнах ёстой. Ийм аюултай нөхцөл байдал дундаас Фортуна л 99 тэнгэрээ дуудаж түүнийг “Ганц”-аас гаргахгүй юм бол баларлаа гэсэн яриа гарсан байна лээ. Өнөө 99 тэнгэр нь “Гүрийхээрээ гүрийнэ шүү, би гаргаад авна” гэж байгаа байх. Энэ сайхан залуу ийм харанхуй нүхэнд залуу насаа өнгөрөөх гэж эрдэм боловсрол эзэмшээгүй. Ээж, аавынхаа ачийг хариулах гэж, эх орныхоо төлөө хөдөлмөрлөх гэж, эхнэр хүүхдүүдтэйгээ сайн сайхан амьдрах гэж мөрөөдөж явсан. Гэтэл АН-ын ах нар нь түүнийг улс төр, бизнесийн золиос болгочихлоо.

Ганц АН ч бус ерөөсөө Монголын улс төрд байгаа том ултөрчид, том хоёр намынхан баруунд боловсрол эзэмшсэн, мэдлэг боловсролтой, авьяас чадвартай олон залуусыг өөрсдийн заваан улс төрдөө хутган, тодорхой албан тушаалд тавьж, дараа нь амаар тушаал заавар өгөн гарын үсэг зуруулж, өөрсдөө ард нь цэвэрхэн үлддэг болсон. Жишээ нь Н.Энхбаярын дотнын залуу анд Г.Шийлэгдамба байна. Түүнийг хэн ийм хүнд, дарамттай амьдралд хүргэсэн тухайд ярих нь илүүц биз. Том сэхээтний удам, ерэн оны үеийн том бизнесмэний хүү. Аль ч утгаараа түүнд буруу төлөвшил байхгүйг нутгийнхан нь, мэдэх таних найз нөхөд нь ярьдаг. Г.Шийлэгдамба Лондонд “Center London” коллеж төгссөн. 2004 онд Голландын Мастрихтийн магистрантурт суралцаж аялал жуулчлалын менежерийн мэргэжилтэй болсон. Залуугаасаа төрийн хоёр том яамыг толгойлж үзсэн онол-практикийн туршлага хуримтлуулсан монгол төрийн сор болох залуу түшээдийн нэг. Гэвч “том ах”-ынхаа улс төрийн том золиос боллоо. МАХН-ын дарга Н.Энхбаярын зүгээс түүнийг намдаа санхүүжилт олж ир хэмээн дарамталснаар мөнгө олох гэж яваад ийм хэрэгт унасан нь эмгэнэл.

МАН-ынхны ахмад-залуу үеийн тухай яриад ч хэрэггүй. Үнэн хэрэгтээ МАН-ын араас АН-ын томчууд залуусаа чирээд тоормосгүй явчихлаа гэдгийг л хэлэх байна. МАН бол залуу үеэ хооронд нь алалцуулж, нэгээр нь нөгөөгийнх нь амийг хөнөөлгөхөд хүргэдэг хүмүүс. ХЗХоршооны хэргийн үеэр МАН-ын гишүүн, баруунд боловсрол эзэмшсэн 20 гаруй залуус ээж аав, эхнэр хүүхдийнхээ нулимсыг баран шоронд явж ах нар нь юу ч болоогүй юм шиг ард нь үлдсэн, өнөөдөр ч төр зайдагнан сууж байгааг мэдэх хүмүүс нь мэднэ. Хадгаламж банкны 14 тэрбумын Чимэдцэрэн гэж хичнээн сайн эдийн засагч, боловсролтой залуу байгаад ах нарынхаа хэргийг үүрч шоронд суулаа. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслах сайхан залуус даргынхаа сонгуульд санал худалдаж авахаар мөнгө тарааж яваад баригдаж шоронд орсон. Энэ мэтээр МАН-ын тухай яривал барагдахгүй.

Тэгэхээр МАН-ынхан ч дүүрч, АН-ынхан дагуулсан залуу үеэ ингэж буруу зүйлд уруу татмааргүй байна. Боловсролтой сайхан залуусаар боодогны чулуу хиймээргүй байна. Та нарын үр хүүхэдтэй ялгаа юу байна. Үр хүүхдээ ядаж бодоод өөрсдөө тэдгээр залуусын оронд явцгаа. Эр хүн шиг гарч ирээд “Энэ хүүхдийг би гарын үсэг зур гэж шахсан юм” гэж хэл. Та нарын дарамт шахалт дор зурсан гарын үсэг бүрийнхээ төлөө АН-ын олон сайхан залуус шоронд сууж, амьдралаа үрж, нэр төрөө шороотой хутгаж эхэллээ. Энэ аймшиг хэдүй болтол үргэлжлэхийг мэдэхгүй. Одоо бол АН-ын томчуудын араанга л мэдэх байх.

Д.БАТБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *