Хэнри Фордын машин угсралтын ажил автомашиныг хэдэн зуугаар нь үйлдвэрлэх зорилготой байв. Форд анхны “Т” загвараа 1909 оны сард олон нийтэд зарласан бөгөөд 900 ам.доллараар үнэлж байлаа. Түүний үйлдвэрлэсэн машин олон нийтийн анхаарлыг татаж машин авахыг хүсэгчдийн тоо эрс нэмэгдэж байв. 1916 оны “Т” загвар болох “Ранабаут”ийн үнэ 345 доллараас буухгүй байсан нь Америкийн иргэдийн төсвийг шавхах шалтгаан болж байсан тул өрхийн жилийн орлогын 10-20 хувьтай тэнцэх хэмжээний өртөг бүхий автомашиныг олноор үйлдвэрлэж эхэлжээ. Форд эхнээсээ л худалдан авалтын “хэсэгчилсэн төлбөрийн төлөвлөгөө” буюу лизингийн ямар ч төрлийн үйлчилгээг эсэргүүцдэг байв. Харин үүний оронд худалдан авагчид мөнгөө цуглуулан бэлнээр худалдан авалт хийхийг илүүд үздэг байлаа. Гэсэн ч 1923 онд “Форд” автомашины борлуулалтыг долоо хоногийн төлөвлөгөөгөөр борлуулж байхаа мэдэгдсэнээр лизингийн үйлчилгээний суурь тавигдсан юм. Фордын борлуулагчдад бүртгүүлэн банкинд 5 доллараас доошгүй төлбөр хийснээр зээлийн үйлчилгээ идэвхжин автомашины үнийн дүнг бага багаар дансанд хийн хуримтлуулах тогтолцоотой аж. Түүнчлэн Форд хэрэглэгчдийн данснаас мөнгөө хүссэн цагтаа авч хүүг нь хүлээж авдаг байсан байна. Ингэж Хэнри Фордын автомашиныг өргөн хэрэглээний бараа болгох санаа хэсэгчилсэн төлбөрийн төлөвлөгөөгөөр дамжуулан амжилттай хэрэгжсэн байдаг. Цаашлаад Америкийн зах зээлд, оёдлын машин, хийн болон цахилгаан зуух, төгөлдөр хуур, угаалгын машин, индүү, эгшигт хайрцаг, тоос сорогч гэх зэрэг цахилгаан хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд “хэсэгчилсэн төлбөрийн төлөвлөгөө”-нд шилжиж эхэлсэн байна.
Б. ОДГЭРЭЛ