Америкийн мэргэжлийн боксчин Флойд Мейведер Японы Сайтамад 12-р сарын 31-нд болох “Risin 14” тэмцээнд оролцох болсон талаараа хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр Японы Тэншин Насүкаватай тоглоно гэж ярьж байсан.
Харин Токиогоос нутагтаа харьсан Флойд инстаграм хуудсандаа Тэншинтэй зодолдохгүй, угаасаа түүнтэй тулалдах гэрээ байгуулаагүй гэж мэдэгдсэн байна.
Флойд “Би Японд очихоосоо өмнө энэ тамирчны тухай огт дуулаагүй байсан. Би хэзээ ч Тэншинтэй тулалдах талаар яриагүй. “Rizin Fighting Federation” холбооны нэг тамирчинтай 3 үе үзүүлэх тоглолт хийх л яриа байсан. Жирийн үзүүлэх тоглолт тул дэлхий дахинд цацахгүй гэж байлаа. Харин хэвлэлийн бага хурал дээр тулаан гэж зарлахад бид их гайхсан” гэж бичжээ.
Флойдын мэдэгдлийг сонссон “Rizin Fighting Federation” холбоо тун эвгүй байдалд ороод байна. “Risin Fighting Federation” холбооны тэргүүн Нобүки Сакакибара “Бид Флойдтой тохиролцсон байсан” л гэсэн ганц үг сэтгүүлчдэд хэлсэн бол холбооны хэвлэлийн албанаас Флойдын талаас хариу хүлээж байна” гэжээ.
Б.АМАР