Сүүлийн жилүүдэд мах болон сүүн бүтээгдэхүүний оронд ургамлын гаралтай бүтээгдэхүүн илүү их анхаарал татаж байгаа билээ. Энэ нь зөвхөн “цагаан хоолтон” болон “веган” хүмүүсийн ачаар биш харин “Flexitarian” буюу “уян хатан хоолтнууд”-ын тоо нэмэгдсэнтэй мөн холбоотой юм. “Флекситариан” хүмүүс амьтны гаралтай бүтээгдэхүүнээс бүрэн татгалздаггүй харин багасгахыг эрмэлздэгээрээ “веган” хүмүүсээс ялгаатай юм. Тэгвэл энэхүү хооллолтын давуу болон сул тал нь юу вэ? Хоол тэжээлийн мэргэжилтнүүд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Мөн махны хэрэглээгээ хэрхэн их хүч хөдөлмөр зарцуулахгүйгээр багасгах вэ? зэрэг мэдээллийг танд энэ удаагийн Энтертаймэнт булангаараа хүргэж байна.
Яагаад махны хэрэглээгээ багасгах хэрэгтэй вэ?
Махнаас бүр мөсөн татгалзсанаар эсвэл махны хэрэглээг багасгаснаар таны эрүүл мэндэд эерэг өөрчлөлтүүд гарч, байгаль орчин болон амьтдад үзүүлж буй хор нөлөө тань эрс багасах билээ. Тэр ч бүү хэл өнгөрсөн жил халдвар судлаачид махнаас аль болох татгалзах талаар ярьж эхэлсэн. Гэсэн хэдий ч “цагаан хоолтон” болон “веганчууд”-ын тоо төдийлөн өсөхгүй байгаа бөгөөд дийлэнх орнуудад махны хэрэглээний түвшин урьд урьдынхаас өндөр байна. Амьтны гаралтай бүтээгдэхүүнээс бүрэн татгалзаж чадсан хүмүүс энэ үзэгдлийг тайлбарлахдаа мах огт хэрэглэхгүй байх нь тийм ч амар даалгавар биш тул махны хэрэглээ одоо хүртэл өндөр хэвээр байгааг онцолжээ.
Флекситариан дэглэмийн төрлүүд:
Цагаан хоол болон амьтны гаралтай бүтээгдэхүүн хослуулан хэрэглэх хэд хэдэн хувилбар байдаг байна.
1.Оройн 18 цаг хүртэл цагаан хоолтон
Энэхүү аргыг сэтгүүлч Марк Битман гэх хүн зохиосон бөгөөд оройн 18:00 цаг хүртэл зөвхөн ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хооллох хэрэгтэй юм. Харин оройн хоолондоо заавал цагаан хоол идэх шаардлагагүй байна. Учир нь найз нөхөдтэйгөө хамт гадуур оройн зоог барих үе их тохиодог тул ургамлын гаралтай хоолыг ердийн ресторануудын цэсээс олоход төвөгтэй байдаг билээ.
2.Ажлын өдрүүдэд цагаан хоолтон
Энэхүү зарчим нь маш ойлгомжтой бөгөөд мөрдөж биелүүлэхэд хялбар билээ. Түүнчлэн бусад бүх “флекситариан” дэглэмүүдийн адил хангалттай уян хатан юм. Гэхдээ та өөрийгөө хэтэрхий их хязгаарлаж байгаа мэт мэдэрвэл уг дэглэмийн дүрмийг зөрчиж болно. Жишээлбэл, хэрэв пүрэв гаригт та содон, өвөрмөц хоолтой газар найзуудтайгаа орсон боловч цагаан хоолны сонголтгүй байх тохиолдолд өөрийгөө хорилгүй махан төрлийн хоол авч идээрэй. Харин ингэснийхээ дараа бямба эсвэл ням гаригуудын нэгэнд цагаан хооллох ёстой юм шүү.
Долоон хоногийн тав хоногт нь амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзсанаар махны нийт хэрэглээгээ 70%-иар бууруулсантай тэнцэх юм.
3.Махгүй даваа гариг
Бусад өдрүүдээс илүү даваа гаригт бид эрүүл мэнддээ илүү анхаарал, халамж тавьдаг нь судалгаагаар нотлогдсон байна. Тухайн өдөр хүмүүс хоолны дэглэм барьж, спортоор хичээллэж, тамхинаас гарч, цахимаар эрүүл мэндийн талаар мэдээлэл хайх зэрэг үйлдлүүдийг хийдэг юм. Тийм учраас хэрэв та амьдралынхаа хэв маягийг өөрчилж, эрүүл мэндэд тань тустай зуршлуудыг хэрэгжүүлэхээр шийдсэн бол даваа гаригт эхлэх нь хамгийн тохиромжтой юм. Түүнчлэн дээр дурдсан хувилбаруудыг мөрдөхөд бэлэн биш байгаа хүмүүсийн хувьд зөвхөн даваа гаригт цагаан хооллох нь зөв сонголт болно.
Уг арга барил нь Пол Маккартни ба түүний охид Мэри, Стелла нар 2009 онд Их Британи улсад “Meat Free Monday” гэх хөдөлгөөнийг эхлүүлсний дараагаар өргөн тархаж эхэлсэн билээ.Нэмж дурдахад, өнөөдрийн байдлаар энэхүү хөдөлгөөнийг дэлхийн 40 гаруй улс орон дэмжиж байна. Мөн Кэти Перри, Том Хэнкс, Опра Уинфри зэрэг алдартнууд тус хөдөлгөөнд идэвхтэй оролцдог билээ.
4.Челленжид хамрагдах
Урт хугацааны туршид ийм дэглэм барих хүсэлгүй хүмүүст тохиромжтой богино хугацааны олон төрлийн сорилтууд бий. Иймэрхүү сорилтод хамрагдсанаар та тодорхой хугацааны турш махгүй хоолны амттай жорууд, мөн махыг орлуулах ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл авах болно
.
Одоогоор хамгийн алдартай цагаан хоолны челленжээр "Veganuary" нэрлэгдэж байгаа. 2021 оны нэгдүгээр сард л гэхэд л уг челленжид 500,000 гаруй хүн хамрагдсан байна. Тэр ч бүү хэл Rammstein хамтлагийн ахлагч Тилл Линдеманн мөн тус сорилтод оролцжээ.
Флекситариан дэглэмийн давуу талууд
Хоол тэжээлийн мэргэжилтнүүд ургамал болон амьтны уургийн харьцаа 50:50 байх ёстой хэмээн зөвлөдөг. Харин EAT-Lancet байгууллагын судлаачид ургамлын гаралтай уургийг амьтны уурагтай харьцуулахад 3:1 харьцаатай байлгахыг зөвлөж байна. “Байгаль дэлхийгээ аварч, 2050 он гэхэд 10 тэрбум хүн хооллох чадвартай байхын тулд улаан махны хэрэглээг хоёр дахин багасгах хэрэгтэй бөгөөд хүнсний ногоо, жимс, самар зэрэг бүтээгдэхүүнүүдийн хэрэглээг эсрэгээр нь хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй” хэмээн судлаачид хэлжээ.
Ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийн гол давуу тал нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд оршдог юм. Амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг багасгасны улмаас гарсан ашиг тусын хамгийн тод жишээг “Хойд Карелия” төслөөс олж харах боломжтой. Тодруулбал, уг төслийн хүрээнд Финлянд улс сүүлийн 40 жилийн хугацаанд иргэдийнхээ хоол тэжээлд эерэг өөрчлөлт оруулж чадасны улмаас дундаж наслалтыг 13 жилээр нэмэгдүүлж, зүрхний өвчнөөс шалтгаалсан нас баралтын тоог долоо дахин бууруулж чадсан байна.
Амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг багасгахын хэрээр идэх хоолны тань сонголт ховордох болно гэж бүү санаа зовоорой. Сэвэгзарам, вандуй, киноа будаа, шар буурцаг, шош, төрөл бүрийн үр тариа зэрэг уургаар баялаг олон төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд байдаг. Мөн эдгээр бүтээгдэхүүнүүдэд уургаас гадна маханд байдаггүй ашигт орцууд болох эслэг болон антиоксидантууд агуулагддаг байна.
Идэж дассан махны амтнаасаа татгалзахыг хүсэхгүй байгаа хүмүүст таатай мэдээ дуулгахад, амт болон бүтцээрээ махнаас ялгагдахааргүй бүтээгдэхүүнүүд зах зээлд өдөр ирэх тусам илүү өргөн сонголттойгоор танилцуулагдаж байна. Мөн Стэнфордын саяхны хийсэн судалгаанд жирийн мах болон ургамлын гаралтай махан котлетын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг харьцуулсан бөгөөд ургамлын гаралтай мах нь илүү эрүүл болохыг тогтоосон билээ.
Н.ЦОГЗОЛМАА