Төгсөлтийн хавар. 1992 он
1987 онд тухайн үеийн Улсын багшийн дээд сургуулийн Физик, математикийн факультетын Физик, математикийн ангид газар газраас ирсэн шилдэг хүүхдүүд элсжээ.
Энэ үед боловсролын давлагаа үүсч, улс орон даяар шилдэг хүүхдүүдийг шалгаруулж багш мэргэжлээр бэлдэж байж. Элсэлтийн ерөнхий шалгалтаас өмнө математик, физикийн сургалт сайтай орон нутаг, нийслэлийн дунд сургуулиудаас энэ ангид хүүхдүүдийг элсүүлсэн гэнэ. Ингээд 26 оюутан багш мэргэжлийг эзэмшихээр эрдмийн их далайд гарсан байна. Үүний 21 нь орон нутаг, үлдсэн нь Улаанбаатар хотын хүүхдүүд байжээ. Ийнхүү саяхан төгсөж ирсэн залуухан багш Р.Базарсүрэнгийн удирдлага дор нэгдсэн гэнэ. Физик, математикийн багш гэсэн хос мэргэжлийн таван жилийн ангийг дүүргэхдээ шилдэг оюутнууд маань чамгүй амжилт гаргажээ. Гадаадад сургууль төгссөн, эрдэм чадалтай багш нараараа “Нэг ангийнхан” маань бахархдаг аж. Ангийн багш доктор, профессор Р.Базарсүрэн багш “1987-1992 оны төгсөлтийн хүүхдүүд маань их онцгой. Тэр үед хамгийн сайн хүүхдүүд физик, математикийн ангийг сонгодог байсан юм. Одоо арай эсрэг болчихжээ. Гайгүй сайн хүүхдүүд нийгмийн салбарын мэргэжил сонгож, арай тааруухан нь яагаад ч юм физик, математикийн чиглэл авах болж. Манай сургуулийн Физик, математикийн факультетын ангиуд хоорондоо математикийн олимпиадаар өрсөлддөг байлаа. Энэ олимпиадад математикийн анги түрүүлдэг байсан юм. Гэтэл миний шавь нар гарцаа байхгүй математикийн ангиас илүүрхэж, нэгдүгээр байр эзэлчихэв. Тэгсэн нөгөө ангийн багш нар ичсэн юм уу, яасан юм миний хүүхдүүдийг доош нь дарж, өөрийнхөө хүүхдүүдтэй зэрэгцүүлж байж нэгдүгээр байр өгсөн юм. Би түүнд нь дургүйцэж, хэл ам хийж явсан удаатай. Зөвхөн физикээр биш, математикт ч хүртэл залуу хүний хэллэгээр “галзуу” анги байлаа” хэмээн шавь нарынхаа талаар хуучлав. Хэдийгээр оюутан ширээнээс холдоод 26 жил өнгөрсөн ч багшийнхаа нүдэнд хүүхэд хэвээрээ харагддаг “Нэг ангийнхан” маань багшийнхаа хайр ивээл, харамгүй сэтгэлд насан туршдаа талархаж явдаг гэдгээ энэ үеэр хэлж байлаа.
Ангийн даргын үүргийг О.Намсрайжав таван жилийн турш гүйцэтгэжээ. Багшаар ажиллаж байгаад энэ ангид элссэн учраас насны хувьд бусдаасаа ахмад. Энэ утгаараа ангийнх нь нөхөд түүнийг хүндэлж, үгнээс нь зөрөлгүй дагадаг байсан гэнэ. Бараг багшаасаа илүүтэй ангийн даргаасаа эмээж явдаг байснаа ярьцгаав. Ангийн багш Р.Базарсүрэн гадаадад сургууль төгсөж ирээд удаагүй, залуухан хүн байж. Харин О.Намсрайжав ангийн багштай нас ойролцоо байсан учир оюутнууд ийнхүү үг бүрийг нь дагадаг байсан биз. Нэгдүгээр курстээ анги дотроо “Ангийн гурвалжин” ажлыг зохион байгуулдаг уламжлалтай байжээ. Энэ нь долоо хоног бүр гурван хүүхэд ангидаа сонирхолтой ажил өрнүүлэхийг хэлдэг аж. Энэ ажлын хүрээнд ангиараа кино үзэх, хичээлээ хамтдаа давтах зэргээр хамтдаа цагаа өрнүүлдэг гэнэ. Нэг удаа ангиараа Хон Гил Дон киног үзэх гэж кино театрын гадаа дугаарлаж байжээ. Тухайн үед кино үзнэ гэдэг “алаан” байжээ хэмээн инээлдэв. “Ангийн гурвалжин”-гийн ажилд тэд өөрсдөө дуртай. Энэ анги дотор үйл ажиллагаа нь өнөөг хүртэл сурагчдад хичээл заахад дэм болдог гэдгийг ч хэлж байв.
Тэднийг оюутан байх үед цаг төр өөр болж, 1990 оны хувьсгал өрнөжээ. Ардчилсан социалист холбоо, Монголын социал демократ нам, Залуучуудын холбоо гээд янз бүрийн байгууллагууд их сургууль, оюутны байраар ухуулах хуудас, ном тараах болж. Энэ талаар Г.Мөнх-Эрдэнэ “Тухайн үед тараасан материалыг гайхан уншиж байлаа. Тэр жагсаалд нь ямар ч бодлогогүйгээр дагаж жагсаж байсан удаатай. Хүүхэд байсан болохоор төр өөрчлөгдөж байгааг бүрэн ойлгоогүй л гүйж явлаа шүү дээ” гэв. Заримынх нь эцэг, эх жагсаал, цуглаанд орж болохгүй шүү гэж анхааруулж байсан гэнэ. Өлсгөлөн зарласан хүмүүсийг үзмэр үзэж байгаа юм шиг очиж үздэг байлаа гэцгээн залуу насныхаа явдлуудыг шоолон инээцгээв. Ардчилсан хувьсгалыг манлайлж байсан Э.Бат-үүл, Р.Гончигдорж, П.Улаанхүү зэрэг эрхмүүд цөмөөр физик, математикийн салбарын хүмүүс аж. Энэ утгаараа “Нэг ангийнхан” маань тэдний үйл хэргийг соргогоор хүлээн авч, сэтгэл хөдлөлөөр дагасан гэдгийг хэлж байв.
Гол баатруудын маань оюутан ахуй үед сар бүр стипент авдаг байж. Сургалтын төлбөр төлдөггүй байсан учир эцэг, эхээ зовоолгүйгээр төгссөн гэнэ. Стипент гэж сардаа 240 төгрөг авна. Онц сайн сурвал стипент нь нэмэгдэнэ. Энэ нь одоогийн багшийн нэг сарын цалинтай дүйх хэмжээний мөнгө гэнэ. 60 мөнгөний хуушуур, нэг төгрөг 20 мөнгөний талх, нэг төгрөг арван мөнгөний бялуу зэрэг нь оюутнуудын хэрэглээ байжээ. Орон нутгаас ирсэн оюутнуудын ихэнх нь оюутны байранд сууцгаана. Оюутны байранд хөл хөдөлгөөн, инээд, наргиан тасрахгүй. Хотод амьдардаг хэдэн оюутнууд байранд очиж, бусадтайгаа хамт шаагилдах гэж хорхойсдог байсан нь тэдний ярианаас мэдрэгдэж байлаа. Х.Гулшакер “Би хотын хүүхэд учраас оюутны байранд очих их дуртай байсан. Байранд очиж нэг талх аваад элсэн чихэр дээр нь түрхэж идэнгээ хар цай ууна. Тэр үеийн оюутны хоол талх, сахар, хар цай л байсан” гэж ярихтай зэрэгцэн ангийн нөхөд нь оюутны байран дахь амьдралаа дурсан хөөрөлдөв. “Оюутны байранд өрөөгөө тохижуулж, ханандаа обой нааж чимнэ. Өрөөний хүүхдүүд дундаасаа мөнгөө нийлүүлж хулдаасаа авна. Эдгээрээс хамгийн чухал нь хоолны асуудал. Стипент авахаар хөвгүүд тогоо дүүрэн хоол унд хийж идээд л. Харин охид хоолныхоо махандаа хүртэл гамтай хандаж, сараа дуустал хоолтой байна. Хөвгүүд долоо хоногийн дараа хоолгүй болчихоод охидын өрөөгөөр хэсэж, хоол буудчих санаатай явцгаана” гэж Н.Болормаа хэлэв.
Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангиртын үтрэм. 1991 он
Нэг л өглөө босоод ирэхэд дөрвөн төгрөг байсан юм найман төгрөг болж өөрчлөгдсөн явдал тэдний санаанд тодхон үлджээ. Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйл үлдээгүй ч сүйд болон сандарсан удаагүй гэнэ. Хүүхэд байсан болохоор энэ бүхэнд ач холбогдол өгөөгүй гэдгийг ангийн нөхөд хэлж байлаа. Уг нь эдний ангийнхан сар болгоны стипентээсээ мөнгө цуглуулж, Хөвсгөл далай руу аялна гэж байжээ. Гэтэл 20 дугаар тушаал гарснаас болж энэ хүсэл нь талаар өнгөрчээ.
Одооны оюутнуудаас ялгаатай нь тэд таван жил сурахдаа жил бүр намрын ажилд явжээ. Төмс хураана, үтрэм дээр очиж тариа хураана. 1988 онд наймдугаар сарын сүүлээр яваад аравдугаар сард ирсэн гэнэ. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангиртын үтрэм дээр эдний ангийнхан намрын ажилд дайчлагдан очиж байжээ. Бороо орохоор хөзөр тоглож, дуу дуулан цагийг өнгөрөөнө. Сангийн аж ахуйд очсон даруйдаа охид жижигхэн аяганд хооллоно. Хөвгүүдийнхээ том аягыг хараад “Ичмээр юм” гэж шоолдог байж. Гэтэл яваандаа хөвгүүдийн том аяга хугархай шанага, хөнгөн цагаан түмпэн болж томорчээ. Харин охид хэд хэдэн жижиг аяга зэрэгцүүлж байгаад хооллох болсон гэнэ.
Орой ажлаа дуусгачихаад Г.Чулуунбаатар, нөгөө ангийнх нь Т.Дуламрагчаа нар гитар тоглож, залуус оройжин бүжиглэцгээдэг байжээ. Гэрэл унтарсан ч лаа асааж, зогсолтгүй бүжиглэсээр үдэш өнгөрүүлдэг байсан гэлээ. “Өдөржингөө ажилласан хэрнээ амрахгүй яадаг байсан юм бол оо. Залуу байсан болохоор ядрахыг мэддэггүй байж дээ” гэсэн яриа тэдний дунд өрнөлөө. “Тэр үеийн оюутнуудад чемодам ховор. Модон авдартай явдаг байлаа шүү дээ” гэж Г.Мөнх-Эрдэнэ ярив. Намрын ажил хүнд хэцүү ч хөвгүүд нь хүнд бэрхийг нь хийчихдэг байсан учир охидод арай амар байсан ажээ.
Эдний ангийнхан дуу дуулах сонирхолтой гэнэ. Ямар сайндаа лабораторийн хичээл дээрээ бөөндөө нийлж дуулалдаж байхав. Ангийнх нь Батжаргал шинэ дуу сурч ирээд ангийнхандаа заадаг байж. Хичээл ордог Г.Бямбаа багш нь “Дуул дуул. Дуулаад хий” гэдэг байжээ. “Гэр лүүгээ харихдаа Багшийн дээдээс Хороолол хүртэл алхана. Тэр үед ч машин, түгжрээ гэж байх биш. Хоорондоо инээлдэж, дуулалдаад явдаг байлаа” гэцгээв.
Шилдэг тодотголтой оюутнуудын ихэнх нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, ардын олон хүүхдэд Физикийн ухааныг ойлгуулах буянтай үүргийг биелүүлж яваа. Т.Чулуунбаатар МУИС-д багшилж байна. Г.Мөнх-Эрдэнэ, Н.Болормаа нар Нийслэлийн шилдэг сургагч багшаар шалгарч байжээ. Г.Мөнх-Эрдэнэ нийслэлийн 18 дугаар сургуульд, Н.Болормаа нийслэлийн 20 дугаар сургуульд физикийн багшаар ажиллаж байна. Ангийн дарга О.Намсрайжав Хэнтий аймгийн Баянхутаг сумын ЕБС-ийн захирлаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Мөн Н.Хэрлэн Хэнтий аймагт багшилж байна. Тэрбээр удахгүй докторын зэрэг хамгаална гэнэ. Я.Цэцэгээ “Ирээдүй” цогцолбор сургуулийн математикийн багш, О.Алтанхуяг тус сургуулийн физикийн багшаар ажилладаг ажээ. Нийслэлийн 76 дугаар сургуульд Ш.Уранчимэг, III сургуульд Х.Гулшакер нар багшилж байна. М.Баяртогтох Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн багш, Б.Мөнхсүх Төв аймгийн I сургуулийн математикийн багш, Мягмарсүрэн Дундговь аймгийн ЕБС-д тус тус ажиллаж байгаа гэнэ. А.Мөнхзул Налайхад багшилж байгаа бол С.Отгонбаяр хувийн сургуульд багшилдаг юм байна. Түүнчлэн Д.Энхтайван нийслэлийн III сургуулийн сургалтын менежерийн албыг хаших болжээ. Харин О.Энхтуяа, Цэнгэлмаа, Д.Түвшинзаяа нар хувиараа бизнес эрхлэх болжээ. Б.Батжаргал, Ж.Булган-Эрдэнэ, Ц.Отгонбаяр нар нь гадаадад аж төрж байна. Ч.Ганхуяг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа гэнэ. Харин Л.Энхтуяа Боловсролын үнэлгээний төвд ахлах мэргэжилтнээр ажилладаг гэв.
Тус ангийн багш, профессор Р.Базарсүрэн эрхлэгчтэй “Монозүкүри” төвөөс өнгөрсөн хугацаанд ЕБС-ийн Физик сургалтын Цахилгаан, Механик, Оптик, Долгионы хичээлийн сургалтын олон арван хэрэглэгдэхүүн, лаборатори туршилтын багаж төхөөрөмжийг зохион бүтээжээ. Тус багаж төхөөрөмжүүдээ Увс аймгийн Улаангом сумын III сургууль, Тэс сумын I сургууль, Завхан аймгийн Отгон сумын ЕБС, Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын IV сургууль тэргүүтэй орон нутаг, нийслэлийн нийт 20 сургуулийн физикийн багш нарт өчигдөр гардуулсан юм. Эдгээр багаж төхөөрөмжүүд нь ЕБС-д дутагдалтай төдийгүй огт байдаггүй аж. Инноваци болсон энэ бүтээгдэхүүнүүд овор хэмжээ бага, тоо хэмжээг ихэсгэх боломжтой ба нэг багаж дээр дөрвөн сурагч зэрэг ажиллах боломжтой ажээ. Мөн багаж төхөөрөмжүүдээ угсарч, засах үйлчилгээг ЕБС-ийн багш, сурагчид өөрсдөө хийх бололцоо бүрджээ. Энэ үеэр “Нэг ангийнхан” булангийн маань энэ удаагийн гол баатрууд хүрэлцэн ирж, сургалтын шинэ багаж, төхөөрөмжүүдтэй танилцсан юм. Шавь нар нь өвгөн багшийнхаа хийсэн бүтээл, хичээл зүтгэлд талархаж, дунд сургуулийн сурагчдад хэрэгтэй багажтай болсонд сэтгэл хангалуун байсан юм. Энэ талаар Н.Болормаа “Орчин үеэ дагаад сургалтын агуулгад радио, технологи нэмэгдэх болсон. Гэтэл бидний хэрэглэж байсан сургалтын багаж дутмаг болчихсон. Гэтэл өнөөдрийн тараасан багаж хэрэгсэл хүүхдүүдийн сурах арга барил том хувь нэмэр болж байна. Заавал физикч болох албагүй. Харин инженерийн сэтгэлгээтэй, зохион бүтээх авьяастай болох нь чухал. Үүнд нь шинэ багажууд нэмэр болох байх” гэсэн юм.
Иж бүрэн багаж гардуулах үеэр МУБИС-ийн захирал, доктор Д.Мандах “Манай сургууль сүүлийн үед шинжлэх ухааныг хөгжүүлэх шинэ бүтээгдэхүүн, дунд сургуулийн сургалт руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Багш бэлтгэхийн зэрэгцээ ажлын байрны бүрэлдэхүүнийг бэлдэх чиглэлд амжилттай ажиллаж байна. Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсын эрдэмтэдтэй хамтран физикийн лабораторид хэрэглэдэг багажуудыг хямд өртгөөр хийлээ. Энэ төсөл маань 2013 оноос эхэлсэн” гэж ярилаа.
Э.ЯНЖМАА