Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн: Гадны орнуудад алдаа гаргасан хүмүүстэй үл харьцах зарчим баримталдаг. Манайд нийгмийн шүүлтүүр буруу ажиллаж, тэднийг дэмждэг DNN.mn

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэнтэй нийгмийн шүүлтүүрийн талаар ярилцлаа.


-Нийгмийн шүүлтүүр гадны хөгжсөн улс оронд эрүүл, ёс зүйтэй үйлчилдгийг бид хардаг. БНСУ гэхэд нэр алдартай, төрийн өндөр албан тушаалтан байлаа гэхэд ёс зүй, шударга ёсны асуудал хөндөгдөхөд нийгэм нь эрүүлээр шүүгээд хариуцлага хүлээлгэдэг. Тэгвэл өнөөдөр манай улсын нийгэмд ийм шүүлтүүр хэрэгтэй гэж бид харцгаадаг. Ер нь нийгмийн шүүлтүүр гэдэгт бид юуг ойлгох ёстой юм бэ?

-Нийгмийн шүүлтүүр гэдгийг философийн үүднээс харахад оюун санааны болон ёс суртахууны цэвэр тунгалаг байдал гэдгийг илүү өргөнөөр ярьж таарна. Ер нь хүн төрөлхтний түүхэнд ч тэр нийгмийн амьдралыг, оюун санааны амьдралыг философийн үүднээс авч үзэхдээ шүүн шинжлэхүй буюу критика гэдгийг түгээмэл хэрэглэсээр ирсэн. Үүнийг тунгаан бодохуй ч гэж хэлж болно. Нөгөө талаас шүүлтүүр буюу филтер гэдэг талаас нь авч үзвэл тунгаах, цэвэрлэх, ариусгах гэсэн үүднээс ярьж болно.

Үүнийг жишээ болгоод тодорхой яривал Германы сонгодог философич Иммануэл Кант “Би юу хийх ёстой вэ, би юуг танин мэдэж болох вэ, би юунд найдаж болох вэ” гэж асуусан байдаг. Кантын энэ сонгодог асуултыг нэгтгэвэл “Төр засаг юу хийх ёстойгоо мэдэж байгаа гэдэгт ард түмэн найдаж байгаа болов уу гэсэн асуулт урган гардаг. Өөрөөр хэлбэл, нийгмийг ариун тунгалаг байлгах үйл функцийг төр хийж гүйцэтгэж чадаж байна уу гэсэн асуулт болгож болох юм. Яахав итгэл найдвар гэдэг үеийн үед байсаар ирсэн. Одоо ч байх хэрэгтэй. Харин итгэл найдвар хий хоосон байж болохгүй. Тиймээс нийгмийн шүүлтүүрийн ариун тунгалаг байдалд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгох ёстой.

Учир нь монголчуудын хувьд “Чи хийчих юм чинь би яахав дээ” гэх мэт үгс, зарим зүйр үгний буруу хэрэглээ, утга шилжилтүүд ч өнөө цагт байж болох талтай. Жишээ нь, бурууд нүд аниад өнгөрөөд байдаг тал бидэнд байх шиг байна. “Чадаж байгаа юманд аргагүй шүү дээ, яадаг юм тэгж л байг”. “Дээдсүүд нь идэж ууж байхад би яагаад болохгүй гэж” гэх янз бүрийн хандлагууд түгээмэл гаргаад байгаа нь харагдаад байна. “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэдэг ч юм уу, хэн нэгэн хүн юмыг шүүмжлэх, ярих болохоор энэ дандаа л түрүүлж дуугарч байдаг гэж тэр хүнийг илүү тусгаарлах, ялгаварлах хандлага манай нийгэмд нэлээд байна. Ийм байгаа тохиолдолд хүн өөрөө амьдарч буй орон зайдаа зөв явах боломжийг хязгаарладаг гэж хэлж болно.

-Сошиалаар жишээ авъя л даа. Тэнд жинхэнэ хатуу шүүлтүүр явж байгаа юм уу гэж харагддаг. Хэн нэгэн хүнийг ажил, амьдралтай нь шүүж, үгүй хийх ч тохиолдол бий. Бас сошиал дээр төр засгийн ажил явагддаг, тэндэх уур амьсгалаас шалтгаалж төрийн шийдвэр гарах тохиолдлыг бид хардаг. Нийгмийн шүүлтүүр буруу талаараа хэрэгжээд байна уу?

-Нийгмийн сүлжээний төрөл хэлбэрүүдийг би түгээмэл ашигладаг хүний нэг л дээ. Түүн дээр голдуу анализ хийдэг. Түүнээс харвал нийгмийн тодорхой бүлэг, харьцангуй сайнаар яривал идэвхтэй хэсэг нь тэнд санаа бодлоо илэрхийлж байгаа нь харагддаг. Гэвч ихэнх нь өөр өөр, хувийн зорилготой, бас зарим нь нам бүлэглэлийн зорилготой хүмүүс үзэл бодлоо илэрхийлдэг. Тэд нийгмийг ариусгах шүүх үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ нийгмийн сүлжээгээр явагдаж буй хэлэлцүүлэгт үндэслэж төр засгийн шийдвэр гаргадаг байж хэзээ ч болохгүй.

Төр засгийн шийдвэр гэдэг бодлогод, шинжлэх ухаанд суурилсан, маш их рациональ буюу оюунлаг, практик иш үндэс бүхий амьдралаас урган гарах нийтлэг зохицуулалт бүхий шийдвэр байх ёстой шүү дээ.

Гэтэл нэг сайдын хэлсэн үгнээс юм уу, түүний шүүмжилсэн шүүмжлэлд үндэслээд төр засаг гаргасан шийдвэрээ эргэж хардаг. Эсвэл зөвхөн төр засгийн шийдвэр гал унтраах маягтай явдаг шинж төлөв сүүлийн үед ажиглагдаж байгаа. Угтаа төр засгийн шийдвэр тухайн намын ч шийдвэр, Засгийн газрын ч шийдвэр төдийгүй ирээдүйг харсан стратегийн шинжтэй, нийгмийн харилцааг бүхэлд нь зохицуулсан, дэг журамд нь оруулсан шийдвэрүүд байх ёстой. Түүнээс биш өнөө маргаашийг аргацаасан байж болохгүй. Тиймээс нийгмийн шүүлтүүрт наад зах нь гурван янзын шүүлтүүр байх ёстой гэж би хэлмээр байна.

-Тодруулахгүй юу?

-Нэгд, шинжлэх ухааны шүүлтүүр байх ёстой. Хоёрт, ёс зүйн шүүлтүүр. Гуравт, оюун санааны шүүлтүүр байх ёстой. Их сэтгэгч Кантын хэлснээр цэвэр оюун ухааны шүүлтүүр буюу тунгаан бодохуйн шүүлтүүр. Философийн хэлээр эпистемологи буюу шинжлэх ухааны танин мэдэхүйн онолын шүүлтүүр гэж хэлж болно. Хоёр дахь нь ёс зүйн шүүлтүүр гэж хэлсэн. Кантынхаар практик оюун ухааныг шүүн шинжлэхүй байх ёстой. Практик шүүлтүүр гэдгийн цаана ёс зүй, эрх зүй, төрийн бодлогын шүүлтүүр байна гэсэн үг.

-Амьдралд ойрхноор тайлбарлабал?

-Тухайлбал, шинжлэх ухааны шүүлтүүр гэдэг аливаа төрийн бодлого, шийдвэр шинжлэх ухааны суурь судалгаа болон хавсарга судалгааны үр дүн, бодлогын зөвлөмж дээр суурилж шийдвэр нь гарах юм бол нийгмийг зохицуулах үйл хэрэгт шүүмжлэл багатай, үр дүнтэй, оновчтой, эргэлзээгүй, урт настай шийдвэр гарна гэсэн үг.

-Тэгж чадаж байна уу. Төр засаг шинжлэх ухааны салбарын та бүхнийг хэр их ашиглаж байна вэ?

-Ойрын үед Боловсролын ерөнхий хуулийн тухай хэлэлцүүлэг нэлээд яригдаж байна. Гэтэл энэ бол наад зах нь боловсрол судлал, боловсролын философийн судалгааны үр дүн, дэлхийн чиг хандлага, өөрийн орны өвөрмөц онцлог энэ бүгдийг харгалзан үзсэний үндсэн дээр энэ хууль гарах байх гэж найдаж байна. Энд шинжлэх ухаанаас гадна практик шүүлтүүр байх ёстой. Гэтэл манайх гадны тийм улсад ийм байдаг, одоо тэгэх ёстой гэсэн ерөнхий шүүлтүүрээр буюу заримдаа хувь хүний шүүлтүүрээр гэмээр асуудалд хандах явдал түгээмэл ажиглагдаж байгаа. Нэг ёсондоо зарим нь практик шүүлтүүргүй байна гэсэн үг. Хүмүүс практик гэхээр хуучин үг хэллэг ашиглаад байна, Марсксист философийн зүйл яриад байна гэж ойлгож магадгүй. Үүний цаана эрх зүй, ёс суртахуун, төрийн шүүлтүүр гэсэн утгаар энэ үгийг хэрэглэж байна.

Гурав дахь шалгуур бол оюун санааны шүүлтүүр. Үүнийг зарим талаараа эргэцүүлэх шүүлтүүр, үнэлэмжийн шүүлтүүр ч гэж хэлж болно. Энэ бол сайн муу, сайхан муухайн талаарх шүүлтүүр байх боломжтой.

-Эхний асуулт руугаа эргээд оръё. Япон, Солонгос зэрэг орны иргэд, нийгэм нь маш өндөр ёс суртахуунтай, ёс зүйтэй учраас шударга бус зүйлийн эсрэг эрүүлээр тэмцдэг, нийгмийн зөв шүүлтүүр ажиллаж байна. Ингэж чадсанаар тэнд хөгжил цэцэглэлт явагдаж байна гэж үзэх гээд байна л даа?

-Хөгжил гэдэг бол дандаа дээшээ цойлсон, дандаа гайхамшгийг бүтээсэн зүйл биш юм. Нийгмийн хөгжил гэдэг явж, явж алдаа онооны л нийлбэр байдаг. Алдахгүйгээр урагшилсан хувь хүн, улс орон ч гэж байхгүй. Тийм учраас аль алинд нь алдахаас онох нь илүү байж тэр хөгжил урагшилж байдаг гэж энгийнээр хэлж болно.

Шүүлтүүр гэдгийн цаана хүнийг хүн ёсных нь үүднээс ялгаварлан гадуурхах, тусгаарлах хандлага байж болохгүй юм. Ер нь сайнтай муутайгаа сав дүүрнэ гэж Монголын философи бий. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг өөрөөр хэлбэл хорвоогийн үзэгдэл, үйл явц алаг цоог л байдаг гэсэн санаа.

Харин нийгмийн шүүлтүүр гэдэгт та бид хоёр илүү оюун санааны цэвэр тунгалаг байдал, нийгмийн ариусал, нийгмээ зөв оношлох функцүүд рүү илүү төвлөрөх нь зүйтэй болов уу. Түүнээс хэн нэгэн хувь хүнийг хүний өөрийнх нь эрхэм чанарыг үл харгалзаад тусгаарлах үйл явц байж болохгүй. Хүн болгон өөрийн гэсэн эрхэм чанар, орон зайтай. Өөрийн гэсэн эрхтэй. Шүүж байгаа нь энэ гээд л жишээ нь хүнийг төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөөд байх нь хэр зөв бэ. Танай сонины саяхны дугаар дээр нийтлэгдсэн байсан. Маш олон хүн өөрийн саналаар төрийн албанаас чөлөөлөгдсөн байна гэсэн мэдээлэл олж харлаа. Энэ бол практик шүүлтүүр ажиллаж байна гэсэн үг. Гэтэл энэ шүүлтүүр өөрөө буруу шүүвэл яах вэ. Жишээ нь, тэр олон хүн ажлаас чөлөөлөгдөж байгаагийн цаана төрийн албанд он удаан жилийн туршлагатай, мэдлэгтэй, ажилдаа сэтгэлтэй хүмүүс чөлөөлөгдөж байвал яах вэ. Энэ бол бодит жишээ. Шүүж байгаа нь энэ гээд усанд байгаа хамаг эрдэс баялгаа шүүчихвэл тэр ус мөн үү, чандмань эрдэнэ байж чадах уу гэдэг ойлголттой агаар нэг. Тэгэхээр хүн гэдэг эрдэнийг, хүний нөөц гэдэг баялгийг хэтэрхий зүй бус арга технологиор шүүлтүүрдэх вий гэдэг болгоомжлол үүсч таарна.

-Яг үүнийг л сошиал орчин руу хөрвүүлбэл өнөөдрийн бидний төрх ажиглагдаад байна уу даа. Угтаа бол бид хэрсүү үндэстэн байх ёстой биз?

-Аль ч улс үндэстний хүн хэрсүү байхыг хичээдэг. Монгол хүн гэхээр бусдаас илүү ухаалаг, хэрсүү гэсэн концепци өрөөсгөл. Хүн угаасаа нэг л төрлийн биологийн амьтан. Амь бол амьтай зүйлийн гол шинж гэж ярьдаг. Аристотелийн томьёолсноор хүн ч гэсэн нийгмийн амьтан. Тийм болохоор монголчууд өөрсдөө илүү ухаалаг, бодол суурьтай, алсын хараатай байгаа гэсэн санаагаар хэрсүү байх тухай хөндөж байгаа байх.

Бид үнэндээ гадны соёл, мэдээ мэдээлэлд шүүлтүүр багатай хандаж байгаа нь үнэн. Элдэв соёлын давлагаанд, шашны урсгалд шүүлтүүр багатай хандаж байгаа. Энэ нь яваандаа улс үндэстний нэгдмэл үнэт зүйлтэй байна гэсэн алсын хараанд тийм ч нийцтэй зүйл биш. Тиймээс юмыг заавал томоос эхэлнэ гэхээс илүү жижгээс эхлээсэй гэж боддог. Та гадны жишээг дурдаж байна. Азийн орнуудад янз, янз л байдаг. Гол нь манайд ёс суртахууны алдаа дутагдал гаргасан тохиолдолд тэр хүн нь өөрөө ажил албан тушаалаас чөлөөлөгдөх соёлтой болох хэрэгтэй. Одоо бол би буруугүй гээд өөрийнхөө буруугүйг нотлохын төлөө явж байна шүү дээ.

Хоёрт, тийм алдаа дутагдал гаргасан хүнийг “За яахав дээ, эр хүн нэг алдаа л биз, эрэг нэг нураа л биз” гэх мэтээр дандаа зөвтгөлийн философи үйлчилж байдаг. Энэ л өөрөө нийгмийн шүүлтүүр ажиллахгүй байхын нэг үндэс. Энэ нь цаагуураа шударга ёс буюу зүй ёс хэрэгжихгүй байна гэсэн үг.

Тэр хүн үнэхээр алдаа дутагдал гарсан тохиолдолд заавал хамтарч ажиллах, тэр хүнийг өрөвдөх, “Би ер нь хүний унасан талд нь байх дуртай” гэж ярьдаг хүмүүс бий. Үүнийгээ нэг их чухал аргументыг олоод гаргаад ирчихсэн юм шиг ярьж сурталчилдагаа монголчууд одоо болих хэрэгтэй. Ёс зүйн сахилга хариуцлага өндөртэй орнуудад тийм алдаа дутагдал гаргасан хүмүүстэй эхнээсээ чимээгүй, үл харьцах зарчмыг баримтлаад эхэлчихдэг. Тэр хүнтэй харьцаад л, “дайныг санхүүжүүлнэ” гэдэг шиг тухайн хүнийг дэмжээд байна гэдэг та өөрөө шударга бус байдалтай эвлэрээд байна, түүнийг бүр хөхиүлэн дэмжээд байна гэдэгтэй агаар нэг юм.

-Оюун санааны шүүлтүүр гэдэгт та сайн муу, сайхан муухайн тухай хөндсөн. Ингээд харахаар өнөөдрийн нийгэмд муу, муухай гэж ер нь юу юм бэ. Түүнийг яаж тогтоох вэ. Магадгүй үүнийг мэдэхгүй байгаа хүмүүст хэн хэлж ойлгуулж сэхээрүүлэх ёстой юм бэ?

-Сайн муу философийн ойлголт бол ёс зүйн үндсэн ойлголт юм. Ёс зүй ерөөсөө явж явж сайн гэж юу вэ, муу гэж юу гэдгийг л судалдаг. Түүнийг л ёс зүйн шинжлэх ухаан гэж байгаа. Үүнийг нэг жишээгээр тайлбарлая л даа. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл яригдаж байна. Ёс зүй гэдэг бол нэгд шинжлэх ухааных нь нэр. Ёс суртахуун гэдэг нийгмийн харилцааны сайн мууг илэрхийлж байгаа зүйл. Тийм учраас ёс зүйн зарчим, хэм хэмжээ нийгмийн хөгжлийнхөө явцад эрх зүй болон хувирдаг болохоос биш ёс суртахууны харилцааг шууд хуульчилж болохгүй. Ингэвэл энэ нь өөрөө ёс суртахууны хэм хэмжээ биш болно.

Сайн муу гэдэг үнэлэмжийн шалгууртай байдаг. Үнэлэмж гэдэг нийгэмд тогтсон, зонхилох хэм хэмжээнээс хамаарч байдаг зүйл. Үүнийг соёл судлалын хэлээр зонхилох соёл гэж байгаа юм. Түүнд нийцэж оршин тогтнож байгаа бусад хэлбэрүүдийг дэд соёл, бүр түүнд үл нийцэж байвал сөрөг соёл гэж нэрлэнэ. Тиймээс муу, муухай, гаж гэж байгаа зүйл бол сөрөг соёлын хэлбэрт харьяалагдана.

Үнэлэмжийн шалгуур өөрөө харьцангуй бөгөөд тухайн орон зай, хүрээ, бүлэг, үндэстэн угсаатныхаа хүрээнд тодорхойлогдож байдаг. Түүнээс биш нийгмийн шалгуураар дэлхий даяараа сайн муу гэж хэлэх юм бол ховор. Гэхдээ аливаа зүйлд түгээмэл шинж гэж байна. Мэдээж хүн алах муу, дайн буруу юу буруу. Сайн муу хүн гэж хэн байх вэ гэвэл тодорхой хэмжээгээр боловсролтой л холбоотой. Ер нь улс орны хөгжил бол хүнийхээ хөгжлөөс л шууд хамаарна. Хүний хөгжил бол боловсролын чанар хүртээмжээс хамааралтай. Боловсрол сайн муу байх нь боловсролын зорилго зөв буруу байхаас эхэлнэ. Мөн түүний хэрэгжилт хэр байхаас ч хамаарна.

-Тэгвэл өнөөдрийн нийгэмд монгол хүн ямар байх ёстой болж байна вэ?

-Ямар ч орны ард иргэд тухайн улс орныхоо Үндсэн хуулийн эрхэм зорилгод ямар нийгмийг бүтээнэ гэж заасан байна, тэр нийгмийнхээ төлөө ажилладаг, амьдардаг, зүтгэдэг хүн байх ёстой. Манай Үндсэн хуульд хүмүүнлэг, ардчилсан, энэрэнгүй иргэний нийгмийг байгуулна гэж заасан байгаа биз. Тэгвэл монгол хүн ёс суртахуунтай, мэргэжил боловсролтой, бүтээлч, өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, эх оронч хариуцлагатай л иргэн байх ёстой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *