ОХУ-ын “Спутник V” вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олголоо гэж Филиппинийн Хүнс, эмийн хяналтын газрын дарга Энрике Доминго өнөөдөр мэдэгджээ.
“Спутник V” вакцины үр дүнгийн мэдээлэлд үнэлгээ хийсний дүнд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олголоо. Уг вакциныг 18-аас дээш насны хүмүүст тарина” гэж Э.Доминго мэдээлсэн байна.
Филиппин “COVID-19”-ийн дөрөв дэх вакцинд зөвшөөрөл олгож буй нь энэ бөгөөд өмнө нь “Pfizer-BioNTech”, “Oxford-AstraZeneca”, “Sinovac”-ийн вакциныг бүртгэсэн юм.
Филиппинийн Засгийн газар энэ онд 70 сая иргэнээ вакцинжуулахыг зорьж байгаа ажээ. Тус улсад өнөөдрийн байдлаар 640 894 хүн халдвар авч, 12887 хүн нас баржээ.