Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Филипп Мэрлин: Малчид ноолуураа өөрсдийн гар дээрээс Францын тансаг зэрэглэлийн брэндүүдэд борлуулдаг болно

Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинтэй ярилцлаа.


-Таны хувьд Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүргийг хүлээж аваад удаагүй байгаа. Удахгүй Монгол Улсын үндэсний их баяр Наадам болох гэж байна. Монгол орон болон монголчуудын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Монгол Улсын түүх соёлыг таних, Монгол орноор аялах, монголчуудтай танилцах, цаашлаад Монгол, Франц хоёр орныхоо хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах нь миний эртний хүсэл байсан. Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч намайг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилсныг сонсоод маш их баярласан. Монгол Улс болоод миний уулзаж танилцсан монголчууд төcөөлснөөс минь ч илүү сайхан хүмүүс байсан. Азийн цээжин дэх энэ орон маш үзэсгэлэнтэй, түүх соёлын хувьд ч маш өвөрмөц. Би удахгүй Монголын их баяр наадмыг үзэх гэж байна. Энэ баяр бол монголчуудын өв соёлын бас нэгэн илэрхийлэл шүү дээ. Түүнчлэн монгол залуучуудын хандлага надад их таалагдсан. Тэд маш хөдөлмөрч, шаргуу, өөрсдийнхөө боловсролд маш их анхаарч байна. Ийм залуустай Монгол Улс хөгжих өндөр потенциалтай харагдаж байна.

-Та элчин сайдын бүрэн эрхийн хугацаандаа хоёр орны хамтын ажиллагаан дахь юунд анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

-Улс төрийн бодлого болон үнэт зүйлийн хувьд Монгол, Франц улс ижилхэн ардчилсан засаглалтай. 1991 оноос хойш сонгосон Монгол Улсын түүхэн замнал нь энэ оронд илүү үр өгөөжтэй байгаасай гэдэг үүднээс миний хэрэгжүүлэх ажил үүнтэй илүү уялдаж байгаа. Манай улстай ижил үнэт зүйлтэй учраас бид Монгол Улсыг илүү дэмжиж, тусалсан бодлого баримталж ажиллана.

Энэ нь Франц улс гуравдагч хөршийн үүргээ биелүүлж буй хэрэг юм. Гуравдагч хөршийн бодлого үргэлжилсээр байгаа.

Монгол Улс өөрийн хөгжлийн замаа сонгосон. Тиймээс манай улс Монгол Улсыг хөгжлийн замаа улам өргөжүүлэхэд дэмжин тусалж, хамтран ажиллана. Ингэхдээ эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх мөн хоёр орны улс төрийн гэрээ хэлэлцээр, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагаа, иргэний нийгмийн байгууллага болон хоёр орны ард түмний хоорондох найрсаг харилцааг улам бэхжүүлж өргөжүүлэн ажиллана. Франц улс дэлхий даяар өргөн хамтын ажиллагаатай улс. Францын элчин сайдын яамнаас Монгол Улсад авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй явуулахад илүү төвлөрч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тодорхой салбарт хөрөнгө оруулалтыг татах болон сургалтын тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт үр дүн нь шуурхай гарах салбаруудад төвлөрч ажиллана. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Францын Парис хотод MEDEF /Францын ажил олгогч эздийн холбоо/-ны уулзалт болсон. Зөвхөн бизнесийн салбарын хүрээнд болдог тус уулзалтад миний бие Францын томоохон компаниудад Монгол Улсад хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг уриалах зорилгоор оролцоод ирсэн.

-Монгол, Франц улс дипломат харилцаа тогтоосон түүхт 55 жилийн ой ирэх онд тохионо. Ойн хүрээнд ямар ажлууд төлөвлөж байна вэ?

-Ойн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгмөөргүй байна. Энэ тэгш ойн хүрээнд олон чухал ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Миний гол зорилго бол монголчуудтай хамтран ажиллах. Тиймээс Франц улс дахь Монгол Улсын элчин сайдын яамтай хамтран энэхүү ойг тэмдэглэх талаар голлон анхаарах болно. Өөрөөр хэлбэл Монгол Улсад манай хоёр орны хамтын ажиллагааны 55 жилийн ойг тэмдэглэж байхад Францад мөн харилцан тэмдэглэх юм. Энэ ойд зориулж соёлын салбарын төрийн байгууллагууд болон бусад хүмүүстэй хамтарч соёлын хөтөлбөр гаргахаар төлөвлөж байгаа.

-Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг цаашид Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх боломжтой юу?

-Өнгөрөгч хоёрдугаар сард Монгол Улсын гадаад харилцааны сайд Парис хотод айлчилсан. Энэ айлчлалын хүрээнд яам хоорондын өндөр дээд түвшний уулзалтуудыг зохион байгуулсан. Уг айлчлалын дараагаас хоёр орны одоогийн болон ирээдүйн хамтын ажиллагааны талаар ярилцаж, түншлэлийн замын зураг боловсруулагдах шатандаа явж байна.

-БСШУСЯ болон БНФУ-ын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яам хооронд сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг 2015 онд хийсэн. Уг хэлэлцээрээс хойш жил бүр арван оюутныг тэтгэлгээр суралцуулах болсон. Тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлага, боломжууд нь юу байдаг вэ. Цаашдаа Франц улс оюутан солилцоог хэр дэмжих бол?

-Түрүүн хэлсэнчлэн Монголын залууст сурах маш өндөр хүсэл эрмэлзэл бас хэрэгцээ бий. Энэ хүрээнд одоогоор Монгол, Францын Засгийн газрын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ бол манай хоёр орны Засгийн газрын хамтарсан тэтгэлэг. Энэ нь Монголын Засгийн газар залуучуудаа Франц улсад боловсрол эзэмшихэд анхаарч ажиллаж байна гэсэн үг. Монгол Улс иргэдээ мэргэшүүлэх, боловсрол эзэмшүүлэх хэрэгцээ хамгийн өндөр шаардлагатай байгаа салбартаа нийцүүлэн уг тэтгэлгийг олгодог. Тэрхүү хэрэгцээт мэргэжлүүдийг Засгийн газар Монголд хэрэгтэй салбаруудыг сонгон судалж буй хүмүүст олгох зорилготой. Тус хөтөлбөрт хамрагдсан Монгол оюутнуудыг Францын их, дээд сургуулиуд ч маш өндрөөр үнэлдэг. Ерөнхийдөө энэ хөтөлбөр ахисан шатны буюу магистр, докторын зэрэгт олгодог тэтгэлэг. Би уг тэтгэлэгт хамрагдах хүмүүсийн тоог нэмэхээр зорьж байгаа. Жишээлбэл, Францын тал энэ жил хоёр оюутанд тэтгэлэг нэмж олгосон. Цаашид энэ тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх бүхий л боломжийг судалж, хичээнгүйлэн ажиллах болно. Мөн Францын зарим хувийн компани болон төрийн байгууллагууд сайн дураараа сургалтын тэтгэлэг олгодог, их, дээд сургуулиудын хамтарсан олон тэтгэлэгт хөтөлбөрүүд бас бий. Erasmus болон ЕХ-ны их сургуулиудын гэх мэт… Бид их сургуулиудын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийг мөн судалж санал солилцож байгаа.

-Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуйн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байна. Тухайлбал, хоёр жилийн өмнө угсааг сайжруулах зорилгоор Франц улсаас мах сүүний чиглэлийн үхэр, сүүний чиглэлийн ямаа, ноосны чиглэлийн хонийг амьдаар импортлон оруулж ирж байсан. Өнөөдөр энэ ажил ямар явцтай байгаа вэ. Энэ салбарын хүрээнд ямар ажлуудыг хамтран зохион байгуулах вэ?

-Монгол Улсын мэргэжлийн хяналтын газар болон мал эмнэлгийн хяналтын газрынхан саяхан Франц улсад айлчлаад ирсэн. Франц Улсад саяхан малын эрүүл ахуйн гэрчилгээг шинээр дахин олгосон. Уг гэрчилгээ нь МАА-н салбарт явагдаж буй төслүүд үргэлжлэх боломжийг олгож байгаа юм. МАА салбарт үйл ажиллагаа явуулж буй фермерүүд, ААН-үүдийн зүгээс энэ тал дээр Франц улстай хамтарч ажиллах сонирхол өндөр байдаг. Ирэх аравдугаар сард ЭСЯ-аас хоёр орны МАА салбарт ажилладаг фермерүүдэд зориулсан арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн. Монгол Улсын нэг том давуу тал нь Хятад гэх дэлхийн маш том хэрэглэгч улстай хиллэдэг. Тиймээс Монгол Улсыг энэ салбарын үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд нь анхаарч, Францын технологийг нэвтрүүлэхэд туслахдаа бид баяртай байх болно. Ялангуяа, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Франц улсын шинэ технологийг нэвтрүүлэхэд дэмжиж ажиллана. Мөн дунд хугацааны зорилтын хувьд Монгол Улсад газар тариалангийн чиглэлийн аж ахуйн нэгжид туслах зорилт бий. Хоёр орны Засгийн газар хэдэн жилийн өмнөөс хүнсний тусламжийн сан байгуулж ажиллаж байгаа. Энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон хувь хүмүүст үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд нь чиглэсэн бичил зээл олгодог.

-Таван жилийн өмнө “Цөмийн технологи ба дэлхий ертөнц” хэлэлцүүлгийн үеэр Францын “Арева Монгол” ХХК-ийн захирал Тьерри Плэзант “2019 оноос Монгол Улс уран олборлож эхэлнэ” гэж мэдэгдэж байсан. Энэ ажил ямар шатанд яваа бол?

-Саяхан Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газраас стратегийн уул уурхайн бүтээгдэхүүний талаар мэдэгдэл гаргасан. Уг стратегийн бүтээгдэхүүнд уран орсон байсан. Энэ стратеги бол маш ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө авч ирэх нь тодорхой. Францын Арева компани ”Орано” болж нэрээ шинэчилсэн. Уг компани нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах энержи” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Энэ компанид Монгол Улсын Засгийн газар ч гэсэн хувь эзэмшдэг. “Орано” компани Монгол Улсын Засгийн газар болон “Бадрах энержи” ХХК болон бусад хувьцаа эзэмшигч нартай хамтран уран олборлох салбарт хамтарч ажиллахад бэлэн байгаа. Францын “Арева” компанийн хувьд Францад болон дэлхийн бусад оронд уг салбартаа ажилласан 70 гаруй жилийн туршлагатай. Казахстан зэрэг олон оронд маш олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн. Франц улсын зүгээс “Орано” компанийг энэ чиглэлээр олборлолт үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлж, байгаль орчныг хамгаалж, цацраг идэвхт бодис, ураны аюулгүй байдал зэргийг дээд зэргээр хангаж ажиллах, туршлага хуваалцах, Монгол Улсыг шинэ чиглэлд ажиллаж эхлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, хамтарч ажиллахад хамгийн тохиромжтой олон улсын компани гэж үзэж байгаа. Ойрын хугацаанд хэрэгжүүлэх гэж буй зорилт бол туршилтын үйлдвэрийн эхний шатны үйлдвэрлэл юм. Монгол Улсын Засгийн газар энэ салбарт аж үйлдвэрийн хэмжээнд хүрэх төлөвлөгөөгөө бий болгох боломжтой болно. Ойрын хэдэн жилдээ Монгол Улсын засгийн газар, Францын “Орано” компани болон бусад хамтран хувьцаа эзэмшигчид хэрхэн уран олборлолтыг аж үйлдвэрийн түвшинд хүргэх тухай хэлэлцэх байх.

-Францын хөрөнгө оруулалт бүхий уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн явц хэр байгаа бол?

-Монгол Улс Парисын гэрээг соёрхон баталж идэвхтэй оролцож байгаад бидний зүгээс баяртай байгаа. Монгол Улсад Азийн хөгжлийн банк болон Европын хөгжлийн сэргээн босголтын банкаар дамжуулан хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүчний олон төсөл бий. Франц улс Азийн хөгжлийн банкны 12 дахь санхүүжүүлэгч томоохон улс, харин Европын хөгжлийн банкны хоёр дахь томоохон санхүүжүүлэгч улс гэдгийг дурдмаар байна. Тэгэхээр энэ хоёр банкаар санхүүжүүлэгдэж буй төсөлд Францын хувь нэмэр их байгаа гэсэн үг. Мөн хувийн салбарын хөрөнгө оруулалтууд бий. Тухайлбал, Францын “Энжи” компани Сайншандын салхин паркийн төсөл дээр хамтарч ажилласан. Франц улсын зүгээс Сайншандын салхин паркийн ирээдүй, цаашдын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж байгаа. Ялангуяа санхүү, эдийн засгийн хүрээнд гарах үр дагаварт анхаарлаа хандуулж ажиллана. Сайншандын салхин паркийн төсөл дээр Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Европын холбооны санхүүжүүлэгч банк хамтарсан. Энэ хоёр байгууллага Францын санхүүжилттэй учир уг төсөлд манай улсын оролцоо мөн өндөр байсан гэсэн үг. Түүнчлэн “Акуо энержи” гэх сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг францын компанийг дурдмаар байна. Уг компани Монгол Улсад эрчим хүч хадгалах чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Зорилго нь шинээр гаргаж авч буй эрчим хүчийг Монгол Улсын одоо байгаа чадамжинд хэрхэн нэгтгэх тал дээр ажиллаж байна.

-Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа хэр байдаг вэ. Эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломж бий юу?

-Манай хоёр орны эдийн засгийн харилцаанд маш том боломж бий. Би Парис хотод болсон MEDEF /Францын ажил олгогч эздийн холбоо/-ны уулзалтад очихдоо Франц улсын томоохон 25 компанид Монгол Улсын хэтийн төлөв, эдийн засгийн орчны талаар танилцуулсан. Тэдгээр байгууллагуудад Монгол Улстай хамтарч ажиллах сонирхол нэлээд байсан. Бид хүнс, хөдөө аж ахуйн салбар мөн эрчим хүч, уул уурхайн салбарын тухай ч ярилцсан. Уул, уурхай болон эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн компани бий. Хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүнийг ч мөн дурдаж болно. Жишээлбэл, Францын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, автомашин зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны тухай ярилцсан. Мөн олон нийтэд чиглэсэн төслүүдийг орхиж болохгүй. Утаа гаргадаггүй нийтийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод оруулахаар ярилцаж байна. Энэ утаагүй тээврийн хэрэгслийн санхүүжилтийг Францын засгийн газар дэмжиж ажиллахаар болж байгаа. Франц улсын элчин сайдын яамны зүгээс Монгол Улсын ноолуурыг Францын болон дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдэд шууд худалдах, уялдаа холбоотой ажиллуулах зорилгоор техникийн хамтын ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Зорилго нь Монгол Улсын чанартай ноолуурыг ямар нэгэн гуравдагч улсаар дамжуулалгүй шууд Францын томоохон тансаг зэрэглэлийн компаниудад нийлүүлэх боломжийг хангах техникийн хамтын ажиллагааны төслүүд дээр ажиллахаар төлөвлөөд байна.

-Өөр ямар төсөл боловсруулж байгаа вэ?

-Сая дурдсанчлан “Tогтвортой ноолуур” төсөл байгаа. Энэ төсөл нь хоёр үндсэн зорилттой. Нэг талаасаа ямааны тоо толгойг хэт өсгөж байгальд сөрөг нөлөө үүсгэлгүй бэлчээрийн зохицуулалт ноолуурын чанарыг илүү хангах. Энэ хүрээнд байгалийн сөрөг нөлөөг бууруулах буюу байгаль орчинд чиглэсэн ажлуудыг хийнэ. Нөгөөтэйгүүр малчин ноолуураа самнаад өөрийн гар дээрээс Францын тансаг зэрэглэлийн брэндэд ноолуураа шууд борлуулах боломжийг хангаж өгөх зорилготой төсөл юм.

-Энэ талын техникийн талаар тодорхой ярилцаагүй байгаа юм байна, тийм үү?

-Малчдын ноолуурыг Францын тансаг зэрэглэлийн брэнд худалдаж авна гэдэг нь ноолуурын үнэ хөөрөгдөх, ямааг түлхүү өсгөх, дотоодын ноолууран эдлэлийн зах зээлийг шахах гэсэн үг огт биш. Ноолуурын тодорхой хэсгийг гуравдагч орны нөлөөгүйгээр тэдгээр брэндүүдэд хүргэх нь энэ төслийн хамгийн гол зорилго юм.

-Хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр орны харилцаа ямар байдаг вэ. Та энэ тал дээр ямар бодлого баримтлах вэ?

-Энэ тал дээр бодлого баримталж ажиллах хүсэл бий. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь хоёр орны Засгийн газар, эсвэл төрийн байгууллага ярилцаж тохироод болчихдог зүйл биш. Францын хөрөнгө оруулагчид өөрсдөө шийдэх асуудал. Тиймээс бид тэдний хөрөнгө оруулалтыг хэрхэн Монгол Улс руу татах талаар ярих нь зүйтэй байх.

-Монгол Улсын эдийн засгийн орчин ямар байвал Франц улсын хөрөнгө оруулагчид биднийг сонирхох вэ?

-Эдийн засгийн бодлогын орчин хөрөнгө оруулагч нарт нааштай, таатай байх нь чухал. Мөн бодлого нь тогтвортой байх хэрэгтэй. Үүнд Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв чухал байр суурь эзэлнэ. Эдгээр нөхцөлүүдийг харгалзаж хөрөнгө оруулагчид шийдвэрээ гаргадаг. Жишээлбэл, сүүлийн үед уул уурхайн үйлчилгээний чиглэлээр Монгол Улсад францын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Монгол Улсын уул уурхайн эдийн засаг маш ирээдүйтэй салбар. Энэ салбарын төлөв хөрөнгө оруулагчдад эерэг ажиглагдаж байгаа учир Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа юм. Уул уурхайн үйлчилгээ болон олборлолтын чиглэлд хөрөнгө оруулалтууд явж байгаа. Хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын бодлогын орчин тогтвортой, таатай байвал бүр их хөрөнгө оруулалтыг татах боломжтой болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *