FIFA-гийн ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болно Авлигын хэл ам, шалгалт мөрдлөгт автаад буй Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) өнөөдөр ерөнхийлөгчөө сонгоно. Ажиглагчид одоогийн тэргүүн Зепп Блаттерыг дахин сонгогдох эсэх дээр нэлээд эргэлзээтэй байр суурьтай байгаа ч зарим хэвлэлд бичсэнээр Блаттер тав дахь удаа энэ албан тушаалд саадгүй хүрнэ гэв. АНУ-ын мөрдөн байцаах алба FIFA-гийн эрх бүхий 11 удирдах албан тушаалтныг баривчлан саатуулж, авлига авсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа. Тэд 2018, 2022 оны ДАШТ-гийн сонгон шалгаруулалтад бусдын нөлөөнд автаж, авлига авсан байж болзошгүй юм. FIFA-гийн одоогийн ерөнхийлөгч Зепп Блаттер үүсээд буй асуудлын тухай “Нөхцөл байдлыг маш сайн ажиглаж байгаа. Гэхдээ хүн бүрийг нарийн хянаад байх боломжгүй” гэсэн юм. Энэ нь түүнийг өөрийн удирдлагад буй хүмүүсийг өмөөрч, тэдний талд байр суурьтай буйг илтгэж байна гэж зарим эх сурвалжид тэмдэглэжээ.