Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФИФА 2014: ДАШТ-ийг өнжих одод

2014 оны ДАШТ-ийг хөлбөмбөгийн ногоон талбайн чимэг болсон одод өнжихөөр болж байна. Эдгээр одод ДАШТ-ий эрхээ авч чадаагүйн улмаас, мөн гэмтэл бэртлийн улмаас өнжиж байгаа юм.  

Златан Ибрагимовыч


Шведийн шигшээ баг ДАШТ-ий сонгон шалгаруулалтаас хасагдсан. Ингэснээр Шведийн шигшээ болон Францын “Пари Сейн Жермен” багийн ахлагч Златан Ибрагимовыч ДАШТ-ийг үзэгчийг суудлаас үзэх болсон. 2014 оны ДАШТ Ибрагийн уран гоё техник, гоёмсог чамин гоолоор дутах болно. Златан Ибрагимовычийн хувьд 2014 оны ДАШТ шигшээ багаа ахлан оролцох сүүлийн жил нь байсан юм.

Радамель Фалкао


Колумбийн шигшээ багийн од Радамель Фалкао гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжинө. 2014 оны Францын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний үеэр дөрөвдүгээр лигийн “Шассле” багийн хамгаалагч Сонер Эртек Фалкаог гэмтээсэн билээ. Өдгөө Сонер Эртекийг занаж, амийг нь хорооно гэсэн сүрдүүлэг 7000 даваад байгаа гэнэ. Сонер Эртек ч цагдаагийн тусгай хамгаалалтад амьдарч байна.

Кака


Бразилийн дасгалжуулагч Луйс Филипе Сколари 2007 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Какаг шигшээ багтаа дуудсангүй. 2002 оны ДАШТ-ээс хойш Бразилийн төвийн хагас хамгаалалтын цөмийг бүрдүүлж байсан Какагийн оронд залуу тоглогчдыг дасгалжуулагчи нь илүүд үзсэн юм.

Самир Насри


Францын дасгалжуулагч Дидие Дешам шигшээ багтаа Самир Насрийг дуудаагүй нь ДАШТ-ий өмнөх хамгийн том дуулиан байлаа. Самир Насри энэ жил тун гайхамшигтай сайн тоглож “Манчестер Сити” багийнхаа хамт Английн “Премьер лиг”-т түрүүлсэн юм. Жигүүр, төвийн хагас хамгаалалтын довтолгоог удирдан тоглодог Самир Насрийн үзүүштэй тоглолт 2014 оны ДАШТ-д үгүйлэгдэх нь гарцаагүй.

Марко Ройс


Германы шигшээ багийн залуу хагас хамгаалагч Марко Ройс шагайндаа бэртэл авсны улмаас ДАШТ-ийг өнжих нь тодорхой боллоо. Марко Ройс ДАШТ-ий өмнө Арментай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр шагайгаа бэртээсэн юм. 2014 оны ДАШТ-д түрүүлэх магадлалтай багуудын тоонд Герман зүй ёсоор багтана.  Ройсын оронд Германы шигшээн дасгалжуулагч Иохим Лёв Италийн “Сампдори” багт хүчин зүтгэдэг Шкодран Мустафи дуудсан байна.

Франк Рибери


2013 оны Европийн шилдэг хөлбөмбөгч, Францын шигшээн түлхүүр тоглогч Франк Рибери нурууны гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжих нь тодорхой боллоо. 2006 оны ДАШТ-ий үеэр хэний ч танихгүй, сорвитой залуу Франк Рибери авьяас чадвараа дэлхий нийтэд харуулсан. 2006 оноос хойш Францын шигшээн гол тоглогч байсан Рибери ийнхүү гэмтлийн улмаас тун харамсалтайгаар ДАШТ-ийг өнжих нь. Түүний орон зайг нөхөн тоглох Самир Насри шигшээдээ дуудагдаагүй учир Франц хагас хамгаалалтдаа тун асуудалтай ДАШТ-д оролцох төлөвтэй.  

Роман Широков


ОХУ-ын шигшээн ахлагч Роман Широков гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжинө. 2012 оны Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнээр шигшээ багийнхаа гол тоглогч гэдгээ баталсан Широков өнгөрсөн дөрөвдүгээр сард өвдөгтөө бэртэл авсан. Түүнээс хойш удаа дараа хагалгаанд орсон ч ДАШТ-ийг нь өнжих нь тодорхой боллоо. Широковыг ОХУ-ын шигшээн дасгалжуулагч итали мэргэжилтэн Фабио Капелло ДАШТ-ий мэдүүлгээс хасчээ. Широковын оронд дасгалжуулагч Капелло “Рубин Казан” багийн хагас хамгаалагч Павель Могилевецийг дууджээ.

Рикардо Монтоливо


Италийн шигшээн хагас хамгаалагч Рикардо Монтоливо гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжинө. Рикардо Монтоливо ДАШТ-ий өмнө Ирландтай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр бэртэж, яаралтай хагалгаанд орсон. Гэсэн ч Монтоливогийн гэмтэл илааршаагүй учир ДАШТ-ийг өнжихөөр болсон юм.

Виктор Вальдес

Испанийн шигшээ багийн хоёрдугаар хаалгач Виктор Вальдес гуяны дотор шөрмөсийн гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжинө. Виктор Вальдес өнгөрөгч гуравдугаар сард Испанийн лигийн тэмцээний үеэр бэртсэн юм.

Тео Уолкотт


2006 оны ДАШТ-д 17 настайдаа Английн шигшээн бүрэлдэхүүнд багтаж байсан Тео Уолкотт мөн л гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжиж байна. Хурдтай, тэсрэлттэй Тео Уолкотыг Английн шигшээн дасгалжуулагч Рой Хожсон дуудах нь тодорхой байсан юм. Гэсэн ч Тео Уолкотт өнгөрөгч нэгдүгээр сард лигийн цомын тэмцээний үеэр хүнд бэртэл авч, ДАШТ-ийг өнжих хөлбөмбөгчийн жагсаалтад орсон юм.

Рафаель ван дер Ваарт

Нидерландын шигшээн хагас хамгаалагч Рафаель ван дер Ваарт өвдөгний зөөлөн эдийн гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжинө. Хэдийгээр энэ жил төдийлөн сайн тоглоогүй ч “Уран зураач” хочтой ван дер Ваартын тоглолт ДАШТ-ий үеэр үгүйлэгдэх нь тодорхой.

Эдгээр хөлбөмбөгчдөөс гадна Германы шигшээ багийн хамгаалалтын ноён нуруу Холгер Бадштубер, Испанийн залуу од Тиагу Алкантара, Японы шигшээ багийн ахлагч Макото Хасебе, Хорватын найруулагч Нико Кранчар нар ДАШТ-ийг гэмтлийн улмаас өнжинө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *