Дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс “Малын эрүүл мэндийн тухай” хууль, “Малын генетик нөөцийн тухай” хууль хэрэгжиж эхлэх болсонтой холбогдуулан Фермерийн аж ахуй эрхлэгчдийн дунд харилцан туршлага солилцох сургалт, аялалыг зохион байгуулаа.
Сургалтад дүүргийн 11, 20 дугаар хорооны мал бүхий иргэд хамрагдсан бөгөөд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, дүүрэг дэх Цагдаагийн III хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн Хөгжлийн төв хамтран тус сургалтыг явуулсан байна.
Тухайлбал дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс “Малын эрүүл мэндийн тухай хууль”-ийг танилцуулсан бол Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс “Малын генетик нөөцийн тухай хууль”-иар сургалт орсон байна.
Харин Дүүргийн хөгжлийн төв “Иргэдийн бүлэг хэрхэн байгуулах” талаар нээлттэй мэдээлэл хийж дүүрэг дэх Цагдаагийн III хэлтсээс малын хулгайн гэмт хэргийн талаарх танилцуулга, урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч ажиллалаа.
Түүнчлэн уг сургалтын үеэр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян семинтал” фермерийн компанитай танилцаж, харилцан туршлага солилцон хамтран ажиллаж, фермийн аж ахуйн менежментийн талаар заавар зөвлөгөө авсан байна.