Харри Поттероос өмнөх үеийн шидтэний ертөнцийг өгүүлэх “Fantastic Beasts” киноны гуравдугаар анги 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд нээлтээ хийхээр боллоо. “Fantastic Beasts: The Secrets of Dumbledore” гэх уг шинэ ангид шидтэн Дамблдорын түүхийг илүү дэлгэрэнгүй өгүүлэх гэнэ.
Кино зураг авалт 2020 оны эхээр эхлэх төлөвлөгөөтэй байсан боловч коронавирусийн цар тахлын улмаас тухайн оны есдүгээр сар хүртэл хойшилжээ. Мөн өмнөх ангиудад жүжигчин Жонни Депп харын шидтэн Гринделвалдын дүрийг бүтээсэн бол шинэ ангид жүжигчин Мадс Миккелсен тогложээ.
Жонни Депп “Fantastic Beasts” кинонд дүр бүтээн, дараагийн ангиудад ч оролцох байсан боловч Амбер Хердтэй үүссэн гэр бүлийн хүчирхийллийн маргаанаас үүдэж Гринделвалдын дүрээс татгалзахыг “Варнер Брос” кино компани санал болгож, Жонни Депп уг саналыг хүлээн авсан билээ.
“Fantastic Beasts: The Secrets of Dumbledore” киноны үйл явдал өмнөх ангиас цөөн жилийн дараах цаг үед өрнөх бөгөөд Дэлхийн II дайны үеийн Рио-де-Жанейро, Берлинд зэрэг хотуудад аж төрөх шидтэнүүдийн амьдралыг дүрслэх юм.
Киноны найруулагчаар өмнөх хоёр ангийг найруулсан Дэвид Йейтс ажилласан бол зохиолыг Ж. К. Роулинг, Стив Кловз нар бичжээ.