Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эзэнтэй ба эзэнгүй сэтгүүлчид

НЭГ. МОНГОЛЫН ГУРАВДУГААР МЭРГЭЖИЛ

Сэтгүүлчийн ажил нь хамгийн хаалттай орчинд ч гэсэн өөрийн үзэл бодлыг “илэрхийлэх” боломж олгож байсны хувьд ХХ зууны Монголын мөрөөдлийн мэргэжлийн нэг байлаа. Үнэн хэрэгтээ тэрхүү эрх чөлөө нь нам, төрийн заасан хэмжээ, зааварласан хязгаар хоёрт хатуу баригдаж байсан ч гэсэн.

Олон түмэн радиогоор ярьж, зурагтаар гарч, сонин хэвлэлд юм бичээд нэрээ тавьдаг тэр хүмүүсийг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний амьд биелэл хэмээн хардаг байжээ. Хүмүүс санасан бодсоноо ингэж ярьж, бичиж үзэхсэн гэж мөрөөсөн бодно. Уг нь мэргэжлийг биш мэргэжлийнхээ далбаан дор эдэлж “харагддаг” эрх чөлөөг л мөрөөдөж байсан хэрэг юм л даа.

Өнгөрсөн үеийн энэ итгэл мөрөөдөл өнөө ч хэвээрээ байгаа болохоор хувь, хувьсгалын бараг бүх дээд сургууль сэтгүүлчийн анги нээжээ. Багш бэлтгэдэг сургуульд хүртэл иймэрхүү анги байдаг нь “Багш болж чадахгүй юмаа гэхэд ядаж сэтгүүлч болог” л гэсэн санаа юм болов уу даа. Анагаахын сургуульд байдаг эсэхийг мэдэхгүй ч гэсэн “Эмч болохоо байг гэхэд-толгой өвдөхөд анальгин зүгээр гэж зурагтаар яриад амь зууж яваг, хөөрхий” гээд сэтгүүлчийн анги нээсэн байхад гайхах юм алга.

Өнөөгийн монголчуудын мэргэжил хуульч, эдийн засагч, сэтгүүлч гэсэн гурван хэсэгт хуваагдаж байна. Хуульч болбол хэрэгт орохгүй гэж манайхан итгэдэг. Монгол Улс 30.000 хуульчтай, 3000 хуульчийн орон тоотой гэдэг статитистик бий. Тэднээс хуульч Нямдорж л ганцаараа сайд болж, лексус 570″ унаж байгаа ч “ядаж л хэрэгт орохгүй” гэх найдлагаар мянга мянган хуульч шинээр мэндэлсээр… Уг нь бол “хэрэг хийхгүй байхад л хэрэгт орохгүй” гэдгийг хэлээд ч яалаа, байлаа ч яалаа.

Эдийн засагч болчихвол баяждаг гэж монголчууд бас боддог. Оюутнууд, эдийн засаг зааж байгаа хүмүүсийнхээ хөрөнгө чинээгээр баримжаа авч болох ч гэсэн тэгдэггүй. Эрхбиш, эдийн засагч болоод сайхан амьдарч болохгүй бол эдийн засаг заагаад амь зууж болох юм гэсэн итгэлтэйгээр төгсдөг байлгүй, яав гэж. Ер нь бол эдийн засагч олшрохын хэрээр эдийн засаг унаж байгаа нь бол баримт юм.

Харин сэтгүүлчийн мэргэжил нь түүнийг дагнан эзэмшигчээс гадна, хуульч болж барахгүй бол, эдийн засагч болж дийлэхгүй бол, эмч болж дийлэхгүй бол барьж авдаг салбар болоод иржээ. Хуульчийнхаас ялгаатай нь, юм яригч, бичигчийн орон тоо хумигдах биш харин ч нэмэгдсээр… фэйсбүүк, твиттер, юүтүб гээд интернэт орчныг оруулаад үзвэл хүн төрөлхтний нийтлэг мэргэжил болоод явчихлаа.

Манай сэтгүүл зүйд түгээмэл байгаа баримт мэдээллээс илүүтэйгээр байр суурь үзэл бодлоо түгээх хандлага нь сошиаль ертөнцийн жиргээ сэлттэй холилдоод ер бусын өнгө төрх бүрдүүлж эхэллээ. Энэ бүхний дундаас мэргэжлийн сэтгүүл зүй хэрхэн ялгарах нь сонин байна.

ХОЁР. МОНГОЛЫН ДӨРӨВДҮГЭЭР “ЕС”

Ардчиллын үед “чөлөөт хэвлэл нь дөрөв дэх засаглал” болдог гэдэг афоризм манайхны сэтгэлийг их татдаг. Үүнийг шууд л хоёрдогч төрийн алба гэж ойлгох. Нэг, хоёр, гуравдугаар төрийн албанд орж чадахгүй юм аа гэхэд, дөрөвдөгч төрийн албанд орох боломж нээлттэй гэсэн үг.

Дөрөв дэх засаглал гэж юүг хэлээд байна гэхээр, ийм юм. Юуны өмнө хууль тогтоох, тогтоосон хуулийг нь хэрэгжүүлэх, хууль хэрэгжиж байгаа эсэхийг шүүх ийм гурван засаглалын дараагаар мэдээллийн “засаглал” орсны учрыг олохын тулд эхлээд мэдээлэл бол бизнес гээд тогтчихьё.

Хэвлэл, мэдээлэл нь нэгэнт л бизнес учраас хэн нь илүү их мэдээлэл зарах тухайд өрсөлдөөн эхэлнэ. Илүү мэдээлэл зарахын тулд илүү уншигч, үзэгчдийн итгэлийг илүү хүлээх ёстой. Илүү итгэгдэхийн тулд хамгийн зөв, хамгийн сонин мэдээг, хамгийн түрүүнд хүргэх ёстой болно. Энэ өрсөлдөөн нь нийгэмд үнэн мэдээллийг шуурхай түгээх уралдаан өрнүүлнэ. Уралдааны үр дүнд нийгэм нээлттэй болж, сайн муу бүх юм нь мэдээлэгдэнэ. Энэхүү нээлттэй байдал нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг ил тод байлгаснаар шударга ёс ноёлно гэсэн философи.

ГУРАВ. МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН “БҮГДИЙН ДАРГА”-ЫН СОНГУУЛЬ

Өнөө маргаашгүй Монголын сэтгүүлчдийн байгууллага их хурлаа хийх гэж байна. Хүмүүс “дөрөвдүгээр засгийн газрын Ерөнхий сайд” хэн болохыг анхааралтай харж байх шиг. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бол хуучин Монголын сэтгүүлчдийн холбоо хэмээх төр, засгийн дэргэдэх төрийн бус байгууллагын өв залгамжлагч маягтай газар юм.

ХХ зуунд МАХН бол цор ганц улс төрийн нам бөгөөд цор ганц эрх баригч байсан. Түүнийг тойруулан төрийн бус байгууллага нэртэй олон тооны “дэд МАХН” байсны нэг нь. МҮЭ, Зохиолчдын эвлэлийн нэгэн адил Засгийн газрын бүтцэд багтана.

Өнөөдөр ч гэсэн эрх баригч нам ба түүний дагуул хөдөлгөөн, “дэд нам”-ын үзэгдэл тодорхой утгаараа оршсоор байгаа юм. Тэр утгаараа, Монголын сэтгүүлчдийг бүгдийг нэгтгэсэн гэх байгууллага ба түүний толгойлогч оршин байгаа нь манай улс төрөөс урган гарсан үзэгдэл билээ.

Яагаад гэхээр ийм юм. Зарим хүний ойлголтоор, Монголын Дөрөв дэх Засаглалын тэргүүн буюу Х.Баттулга, М.Энхболд, У.Хүрэлсүх нарын дараагаар нэр нь бичигдэх нигууртай гэгдэх хүн бол хоёрдмол шинжтэй дарга.

Нэг талаасаа улсын “дөрөвдүгээр” хүний үгэнд ороод явах сонин сэтгүүл, сэтгүүлч ч цөөхөн дөө цөөхөн. Гэхдээ айхгүй ч аягүй гэгчээр хаанаас нь ч харсан Монголын бүх сэтгүүлчийн дарга учраас бусад улс төрчдөд их хэрэгтэй. Түүнийг талдаа татсан хүн ерөнхийдөө л бүх сэтгүүлчдийг өөртөө татчихсан ч юм шиг харагдана. Бас “ерөнхийдөө л бүхий л сэтгүүлч” нарыг таны талд харагдуулах энэ чанар дээрээ томоохон менежмэнт хийж болно.

Чухам ийм учраас сэтгүүлчдийн өмнөөс ярих эрхийн төлөөх өрсөлдөөн болно гэсэн үг. Дараагаар нь уг “бүгдийн даа”, “өмнөөс яригч”-ийг улс төрийн аль нам, бүлэглэл ивээх тухай бизнес-улс төрийн яриа үүснэ. Ийм учраас Монголын сэтгүүлчдийн “бүгдийн даа”-гийн төлөөх өрсөлдөөн манай орны улс төрийн амьдралд мааш чухал үйл явдал болоод байгаа хэрэг.

ГУРАВ. МОНГОЛЫН ЭЗЭНГҮЙ СЭТГҮҮЛЧИД

Харин хэрэг дээрээ Монголын хэвлэл, сэтгүүлчид “Бүгдийн дарга”-ынхаа үгэнд ороод явах нь юу л бол. Угаасаа толгой толгойгоо даах эрмэлзэлтэй, “миний амбиц-миний иймэж” уриатай монголчууд нэг малгайн дор ороод явах ямар ч бололцоо байхгүй.

Нөгөө талаас сэтгүүлчдийн байгууллага нь сэтгүүл зүйн салбарын эрх ашгийг хамгаалах боломж нөхцөл ч хоёрдмол. Хэвлэн нийтлэх эрх чөлөө болон мэдээллийн бизнесийг хамгаалах тал дээр бол юм яриад байж болдог.

Харин сэтгүүлчийн хувийн эрх ашиг, цалин хөлс, ажиллах орчин, илүү цагийн хөлс, урамшууллын талаар ярих бололцоо хязгаарлагдмал. Учир нь хэвлэл мэдээллийн байгууллагад “анги хамт олноороо” буюу ажлын газраараа элсдэг учраас иймэрхүү алхмууд эздийн эрх ашигт харшлана. Ихээхэн дургүйг нь хүргэвэл “хамаг хүмүүсээ аваад танайхаас гарна, сэтгүүлчдийн шинэ холбоо байгуулна” гээд “Бүгдийн дарга”-ыг айлгачихна.Хувь сэтгүүлчийн эрх ашиг үнэн хэрэгтээ хамгаалалтгүй үлдэж байгаа юм. Энэ утгаараа сэтгүүлчдийн холбоо гэхээсээ илүү мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбоо маягтай харагддаг.

Нөгөө нэг тал нь ахмад сэтгүүлчид. Насаараа аль нэг хэвлэлийн байгууллагад ажиллаж, зохих ёсоор хүндлэгдэж явсан ахмадууд өнөөгийн сэтгүүлчдийн байгууллагыг халуунаар тойрон хүрээлдэг. Чөлөөндөө гарч, албан байгууллагын харьяаллаас холдон ганцаардахын зовлонгоос олон ахмадыг аварч, өөрийн гэх байгууллага, харьяалалтай байлгаж, ой өдөрлөгүүддээ урьж баярлуулах нь сэтгүүлчдийн байгууллагын нэгэн тулгуур ажил бөгөөд баярласан ахмадууд ч тэдний бодлого ажлыг дэмждэг нэгэн цөмийг бүрдүүлдэг гэж хэлдэг.

Яг амьдрал дээр сэтгүүлчдийг сонирхол онцлогоор нь нэгтгэсэн, амьд үйл ажиллагаатай олон байгууллага бий. Жишээ нь “Өдөр тутмын сонины холбоо” байна. Өдөр тутам хэвлэгддэг сонинуудыг нэгтгэсэн энэ байгууллага Монголын хамгийн хамгийн хүчтэй сэтгүүлчдийн холбоо байж магадгүй. Бас “хамгийн олон хүн уншдаг” шалгуураар гишүүдээ цуглуулсан “Монголын шилдэг нийтлэлчдийн клуб” буюу “baabar.mn” сайтынхан бол Монголын нийгэм улс төрд хамгийн нөлөөтэй Сэтгүүлчдийн холбоо байх. Хувийн салбарыг түшиглэсэн Монголиан масс медиа, Блүүмбэргийг тойрсон бүлэглэл гээд сэтгүүл зүйн шинэ нэгдлүүд үүсч байна.

За тэгээд, ерөөсөө “сонины холбоо”, дурын “сайтын холбоо” гээ л бишгүй л олон газар дуулддаг нь байх ёстой, хэвийн зүйл.

Өнөөгийн манай МСНЭ бол нэгдүгээрт Монголын сэтгүүлчдийн байгууллагуудын холбоо гэмээр ч юм шиг. Нөгөө талаас нь Монголын хэвлэл, мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбоо ч гэмээр. Улмаар ахмад сэтгүүлчдийн байгууллага ч юм уу гэхээр. Үнэндээ бол улс төрийн сонирхол дагуулсан “дэд нам засаг” гэчихсэн ч болохоор. Өөрсдийгөө болохоор “Монголын бүхий л сэтгүүлч нарын холбоо” гэж ойлгох жишээний.

Нэг үнэн юм юу байна гэхээр, сэтгүүлчийн хувийн эрх ашгийг хамгаалсан сэтгүүлчдийн байгууллага Монголд байхгүй байна. Хууль бусаар халагдсан сэтгүүлчийг хамгаалах, тэдэнд хөдөлмөрийн сайн нөхцөл шаардах, цалин хөлс нэмэхийг шаардах хэн ч байхгүй учраас Монголын сэтгүүлчид үнэн хэрэгтээ “Сэтгүүлчдийн холбоо”-гүй байгаа юм.

Дээрхи байгууллагыг тойрсон ахмадуудын хүрээлэл нь хүмүүнлэг нинжингийн үйлс байж болох ч байнгын ирц, тодорхой асуудлаархи саналын багц гэдэг утгаараа л хэрэгцээтэй байдаг ч байж магадгүй.

Ингээд харахаар дараахь хоёр дүгнэлт гарч байна.

Нэгдүгээрт бүх сэтгүүлч, бүх сонин хэвлэлийг нэгтгэнэ гэдэг өөрөө боломж муутай төдийгүй угаасаа боломжгүй. Иймээс “сэтгүүлчдийн холбоодын холбоо” гэдэг агуулга руугаа илүү зохион байгуулагдах болов уу.

Хоёрдугаарт, яг сэтгүүлчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах байгууллагагүй аж. Ийм үйл ажиллагаа нь өнөөгийн мэдээллийн бизнес эрхлэгчдийн эвсэл маягтай ажилладаг МСНЭ-ийн мөн чанарт ч харш юм байна. Тийм учраас багш нарын цалинг нэмэх жагсаал болдог, харин сэтгүүлчдийн цалин нэмэхийг шаардсан жагсаал гэж байдаггүй юм байна. Өмнөөс нь ярих олон эзэнтэй ч, өөрийнх нь төлөө явах эзэнгүй, сэтгүүлчдээ гэж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *