Categories
мэдээ нийгэм

Эзэмшил газраа өмчлөх аян өнөөдрөөс эхэллээ

Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм.

Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан тараах материал, зөвлөмж өгч, Газрын албаны мэргэжилтэн тухайн айл бүрт очиж, иргэдтэй уулзан газар өмчлөлийн материалыг бүрдүүлэн авах юм. Ингэснээр газар дээрээ олон жил амьдарсан ч өмчлөж аваагүй байгаа иргэд газраа өмчлөн авах боломжтой болж байна.

Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны 334 нэгж талбар багтаж байна.

Нийслэлийн Газрын албанаас өмчлөгдөх боломжтой гэж үзэж буй 79985 нэгж талбар байна гэсэн судалгааг гаргаад байгаа бөгөөд үүнээс 3442 нэгж талбарыг аяны хүрээнд өмчлүүлэх юм. Цаашид үлдсэн 76543 нэгж талбарыг өмчлөлд хамруулах ажлыг дүүргийн Газрын албатай хамтран 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Энэхүү аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгөх зорилгоор өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Иргэд мэдээлэл өгөх өдөрлөг” зохион байгууллаа. Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэд өөрт ойрхон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн аль ч салбараас авах боломжтой гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *