Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн (2021.10.27) хуралдаанаараа гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.

Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахал дэгдсэнээр 2020 онд дэлхий эдийн засаг 5.3 хувь, манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, төсөв, санхүүгийн хүнд он жилүүд өнгөрсөн гэдгийг танилцуулгад дурдав. Харин Засгийн газар боломжит бүх нөөцийг дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт энэ оны эхний зургаан сарын байдлаар 6.3 хувь, жилийн эцсээр 4.1 хувьд хүрэхээр хүлээгдэж байна.

Засгийн газар ирэх оны төсвийн төслийг “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжихэд чиглүүлжээ. Энэ хүрээнд худалдаа, бизнесийг хөнгөвчлөх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлэх зэргээр экспортыг эрчимжүүлж, ажлын байр, бүтээмжийг нэмэгдүүлэн эдийн засгаа тэлж, төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргана хэмээн төлөвлөжээ.

Түүнчлэн төр зардлаа танаж, цомхон чадварлаг бүтцээр ажиллах, төрийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг өөрчлөх замаар боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, халамжийг цэгцэлж хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ирээдүйн өв сангийн өгөөжийг нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжилд чиглүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг томоохон зорилтуудыг тавьсан байна.

Алсын хараа-2050, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө зэрэг хөгжлийн бодлогын баримт бичиг, стратегиудад туссан хөгжлийн төслүүдийг эрчимжүүлэхийн зэрэгцээ экспорт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэчлэлийн арга хэмжээнүүдийг эхлүүлэх аж.

Гадаад худалдааг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хилийн мэргэжлийн хяналтын алба, экспорт, импортын хорио цээрийн албаны чиг үүргийг гаалийн байгууллагад нэгтгэж, гадаад худалдаа эрхлэгчдээс шаардах баримт бичиг, биет үзлэг, шалгалтын тоог бууруулж, бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр хурдан, шуурхай, зардал багатай нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Үүгээр зогсохгүй, гаалийн үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий тоног төхөөрөмж ашиглан үзүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн гадаад худалдаанд зарцуулах цаг, зардлыг бууруулах замаар худалдааг дэмжинэ хэмээн Сангийн сайд танилцууллаа.

Монгол Улсын эрдсийн түүхий эдийн нөөц, баялгийг өсгөх, уул уурхайн тогтвортой үйл ажиллагааг хангах хүрээнд геологийн судалгааны ажлыг 2022 оны төсвийн жилд эрчимжүүлэх аж. Мөн ирэх онд Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн цахилгаан станц, Газрын тосны бүтээгдэхүүн дамжуулах хоолой, Богдхан төмөр зам болон улсын чанартай томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж эхлэхээр тооцжээ.

No description available.Дээрх төсвийн бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5.0 хувиар өсөхөөр төсөөлсөн байна.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг танилцуулсан. Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд Улсын Их Хуралд төсвийн орлого нэмэгдүүлэх хоёр асуудлыг толилуулж, Засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх таван зөвлөмжийг өгөөд байгаа юм.

Тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 оны төсвийн төсөлд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны төсвийн төсөл нь 2021 оны төсвийн төслөөс 0.5 тэрбум төгрөгөөр буурсан,Үндэсний статистикийн хорооны даргын төсөв 7.5 тэрбумаар нэмэгдсэн, Барилга, хот байгуулалтын сайдын төсөв 155.4 тэрбум төгрөгөөр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын төсөв 35.9 тэрбум төгрөгөөр, Зам, тээврийн хөгжлийн сайдын төсөв 218.6 тэрбум төгрөгөөр, Эрчим хүчний сайдын төсөв 125.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ.

Үндэсний аудитын газар нь аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээс тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгийг танилцууллаа. Тухайлбал, аудитын дүгнэлт 6.1 буюу Монгол Улсын 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 15,771.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нийт зарлага 18,158.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.8 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 2,387.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна. Гэвч төсвийн хүрээний мэдэгдлийг тухайн жилийн төсөвтөө тааруулан өөрчилж ирсэн нь нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн удирдлагын зарчмын хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна гэжээ.

Аудитын дүгнэлт 6.3 буюу төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, нотолгоо-үр дүнд суурилан хийх ажлыг төлөвшүүлэх шаардлагатай гэжээ. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдаагүй, салбарын үйл ажиллагааны үр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байгаа аж. Аудитын дүгнэлт 6.5-д Засгийн газраас өргөн мэдүүлсэн газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосиныг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар буцаан татсан тул уг бараанд ногдуулах онцгой албан татварыг тооцоолж төсөвт тусгах шаардлагатай гэдгийг аудитын дүгнэлтэд дурджээ.

No description available.Аудитын дүгнэлт 6.6-д Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн захиргааны байгууллагуудын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бий гэж үзсэн байна. Аудитаар төсвийн төсөлд тусгасан зардал хэмнэх зорилтын хүрээнд Засгийн газрын 2015 оны 184 дүгээр тогтоолд заасан шаардлагад нийцээгүй суудлын автомашиныг шилжүүлэх, худалдан борлуулах замаар төсвийн зардлыг хэмнэх боломж байна гэж дүгнэсэн. Иймд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчид Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж автомашинд зарцуулдаг байсан засвар үйлчилгээ, жолоочийн орон тоо, цалин гэх мэт зардлыг хэмнэх, төр, хувийн хэвшлийн түншлэлээр автомашины хэрэглээг зөв, зохистой шийдвэрлэх боломжтой гэжээ.

Аудитын дүгнэлт 6.7-д төсвийн төсөлд тусгагдсан орлого, зардалтай холбоотой нарийвчилсан тоон мэдээлэлтэй нээлттэй танилцах төсвийг оновчтой төлөвлөх, дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагдаж байгааг дурдсан байна. Төсвийн тухай хуульд “төсөв хэлэлцэх, батлах” үйл ажиллагаа нээлттэй /6.5.1/, “батлагдсан төсөв, тэдгээрийн гүйцэтгэл”-ийн ил тод байдлыг хангах /41.7/ болон төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах /6.5.3/ талаарх зохицуулалтыг тусгаж өгсөн. Харин төсвийн төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал бэлтгэх үйл ажиллагааг ил тод, нээлттэй, олон нийт хяналт тавих боломж олгох асуудал тодорхойгүй байгаа аж. Төсвийн төлөвлөлтийн чанар сайн бол төсвийн гүйцэтгэл илүү үр дүнд хүрэх нөхцөл хангагдана. Иймд төсвийн төлөвлөлтийн үйл явцыг төсвийн зарцуулалттай нэгэн адил ил тод, нээлттэй байлгах, олон нийт хяналт тавих боломжоор хангах хууль эрх зүйн орчныг бий болгон сайжруулах шаардлагатай гэжээ.

Аудитын дүгнэлт 6.10 буюу төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын 62 төсөл, арга хэмжээг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор дахин эрэмбэлж хуулийн шаардлагад нийцүүлэн зохицуулалт хийх шаардлагатай гэсэн байна. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын сайдын багц дахь төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй 36.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий 13 төсөл, арга хэмжээ, Зам, тээврийн хөгжлийн сайдын багц дахь төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй 108 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий 7 төсөл, арга хэмжээ, Эрчим хүчний сайдын багц дахь төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй 1 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий 1 төсөл, арга хэмжээ, нийтдээ 145.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий 21 төсөл, арга хэмжээ төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй байгааг дурдсан.

Эцэст нь, аудитын дүгнэлт 6.13-д олон улсын байгууллагуудаас цар тахлын нөхцөл байдлыг харгалзан өгсөн зөвлөмжийн хүрээнд нийтийн эрүүл мэндэд чиглэсэн цогц арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг төсөвт бодитой тооцож тусгаснаар нүүрсний экспортыг төлөвлөсөн хэмжээнд хүргэж, эдийн засгийн өсөлтийг хангах боломж байна гэжээ.

Б.Жавлан сайдын танилцуулга болон Ерөнхий аудитор Д.Занданбатын танилцуулсан аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав.

Улсын Их Хурлаас 2018 онд ногоон болон дотоодын худалдан авалтын дэмжихээр холбогдох хуульд өөрчлөлт оруулсныг Х.Булгантуяа гишүүн сануулаад, 2019 оноос хойших энэ төрлийн худалдан авалтын харьцуулсан үзүүлэлт, ирэх оны төсвийн төсөлд ногоон худалдан авалт болон үндэсний үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтаар хэрхэн дэмжих талаар тодруулсан. Улсын Их Хурлын гишүүн C.Чинзориг ирэх онд экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодрууллаа. Мөн бүсчилсэн байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулж, экспортод гаргах үйлдвэрүүд байгуулах зорилт, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн талаар, Хоршооны тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүсэв.

No description available.Экспортын асуудал ирэх жилүүдэд том сорилт байх болно гэдгийг Сангийн сайд хэллээ. Гол экспортын бүтээгдэхүүн нь уул уурхайн түүхий эд байх болно, үнэ өндөр байгаа энэ үед хангалттай экспорт хийж чадахгүйгээс алдагдал хүлээх төлөвтэй байгаа талаар Б.Жавхлан сайд хэлэв. Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа энэ боломжийг 2022 онд алдахгүйгээр, экспортын хэмжээг цар тахлын өмнөх үетэй ижил хэмжээнд хүргэхээр төлөвлөсөн гэв. Нөхцөл байдал гадаад, дотоод орчноос хамааралтайг дурдаад дотоодоос шалтгаалах асуудлуудаа шийдвэрлэх чиглэлд бүхий л боломжоо дайчилж байгаа гэлээ. Тухайлбал, Гашуун-Сухайт боомт дээр чингэлэг тээврээр нэвтрэн өнгөрүүлэх томоохон чингэлэг тээврийн терминалыг барьж дуусгасан байна. Мөн Шивээ хүрэн боомт, Замын-Үүд дэх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа аж. Аж үйлдвэрийн паркын талаарх асуултад З.Мэндсайхан сайд хариулт өгсөн юм. Ховд аймагт байгуулах аж үйлдвэрийн паркын бүтээн байгуулалтад ирэх оны төсөвт 9.7 тэрбум төгрөгийг суулгажээ. Дархан-Уул аймагт байгуулах арьс, ширний паркыг төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаанаас хөрөнгө оруулалт хийх байдлаар санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн Засгийн газрын шийдвэрийн дагуу Италийн энэ чиглэлийн үйлдвэртэй ТЭЗҮ-ийг боловруулаад ажиллаж байгаа юм байна. 2022 оны хоёрдугаар сард нарийвчилсан ТЭЗҮ-ийг манай талд хүлээлгэн өгөх аж. Түүнчлэн малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг дэмжих хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 4 аймагт нийт 76 сая ам.долларын өртөг бүхий 4 үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ-ийг хүлээн авсан бөгөөд гэрээний нарийвчилсан хэлцэлд орохоор ажиллаж байгаа аж. Хэлцэл амжилттай болвол ирэх оноос хэрэгжүүлж эхэлнэ гэлээ.

Хоршооны хуулийг хэрэгжилтийг хангах, хоршооны хөгжлийг дэмжих хүрээнд “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” гэсэн аяныг ирэх онд өрнүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд сургалт, судалгаа, гарааны сургалтыг зохион байгуулахаар 80 орчим сая төгрөгийг ирэх онд төсөвлөөд байгаа талаараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээллээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн асуултад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хариулт өгсөн юм. Энэ онд хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт өсөлттэй байсныг дуулгав. Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ түүхэндээ анх удаа 5 их наяд төгрөг давжээ. 2021 онд нийт 13 төрлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс бодлогын болон бусад шийдвэр, арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж ажилласан байна. Ойрын хугацаанд салбарын эрх зүйн гол зохицуулалтыг өөрчлөхөөр төлөвлөн, ажиллаж байгаа гэв. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх улсын эрсдэлийн үнэлгээг Санхүүгийн зохицуулах хороо дангаараа хариуцаж ажиллаж байгаа бөгөөд 2023 онд ФАТФ-д харилцан үнэлгээний тайлан хамгаалах ёстой. Тиймээс мөнгө угаалт, терроризмын санхүүжилттэй тэмцэх үйл ажиллагаанд Монгол Улс анхаарлаа сулруулж болохгүй, үүн дээр тус хороонд санхүүжилт, төсвийн дэмжлэг хэрэгтэй гэдэг саналыг Д.Баярсайхан дарга хэлж байв. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны төсвийн төсөл нь 2021 оны төсвийн төслөөс 0.5 тэрбум төгрөгөөр буурсан дүнтэйгээр төсвийн төсөлд тусгагдаад байгаа бөгөөд холбогдох саналаа Сангийн яам болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн гэв.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, барилгын материалын үнийн өсөлтийг хэрхэн шийдвэрлэхээр төсөвт тусгасныг тодрууллаа. Үнийн өсөлттэй холбогдуулаад Улсын Их Хурал дээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж. 2022 оны төсвийн төсөлд тусгагдсан төсөл, арга хэмжээнүүдэд 2021 онд магдалгаа хийсэн тул ямар нэг зөрүү гарахгүй. Харин 2020 оноос өмнө зураг нь хийгдээд, магадлагдсан тохиолдолд зөрүү гарах эрсдэл бий гэв. Тиймээс үнийн индекс баталж, энэ дагуу магадлан, холбогдох тооцооллуудыг хийж, шийдвэрлэхээр ярилцаж байгаа хэмээн ажлын хэсэг хариуллаа.

Нэг боомт, нэг төрлийн бүтээгдэхүүнийн экспортоос хэт их хамааралтай төсвийн төсөл гэж үзэж буйгаа Х.Ганхуяг гишүүн хэлээд, орлого төлөвлөсөн хэмжээн хүрэхгүй тохиолдолд төсвийн алдагдлаа хэрхэн зохицуулах талаар тодруулсан юм. Ирэх онд 36.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн нь бага дүн биш гэдгийг Сангийн сайд хүлээн зөвшөөрөөд, бүх боломжоо дайчилж байгаа хэмээн хариуллаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон дээрх асуултад хариулахдаа, нүүрсний экпортын 55 орчим хувийг Гашуун-Сухайт боомтоор, 40 гаруй хувийг Шивээ хүрэн боомтоор гаргаж байгаа. Сүүлийн жилүүдэд Булган, Ханги боомтоор нүүрсний экспортуудыг хийж эхлээд байгааг дуулгав. Гашуун-Сухайт боомтын чингэлэг тээврийн терминал, Шивээ хүрэн боомтын ирэх сарын 10-15-ны өдрүүдэд ашиглалтад орох чингэлэг тээврийн терминал тус бүрдээ нэмэлтээр 10 сая тонн нүүрсийг экспортлох боломжтой гэж үзэж байгаа учир цар тахлын нөхцөл байдал үргэлжилсэн ч гүйцэтгэлдээ хүрэх бололцоотой гэж тооцсон гэв. Нүүрсний экспортоос 2022 онд нийт татвар хураамж 1.6 их наяд төгрөг хуримтлуулна гэж төлөвлөөд байгаа аж. Эрдэс баялгийн салбараас 4.3 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн орлогын 26 хувийг бүрдүүлэхээр тооцжээ.

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл ирэх оны төсөвт төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн талаарх тооцоолол хэрхэн туссаныг тодруулсан бол Н.Ганибал гишүүн Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн төлөвлөлтийн талаар асуулт асууж, хариулт авав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Цэрэнпунцаг, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар нар асуулт асууж, Сангийн сайд болон Засгийн газрын бусад гишүүд, Монгол Улсын ерөнхий аудитороос хариулт, тайлбар авав. Ийнхүү төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэлээ

Дараа нь Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг Монгол Улсын Их Хурал 2002-2003 онд тус тус батлан мөрдүүлж байсан бөгөөд 2015 онд Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн тухай хуулиудыг хүчингүй болгож, Чөлөөт бүсийн тухай 2002 оны хуулиудыг шинэчлэн найруулж Чөлөөт бүсийн тухай нэг хууль болгон баталсан юм.

Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох харилцааг Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зохицуулж байгаа бөгөөд Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, хаах асуудал ямар нэгэн зохицуулалтгүй үлдсэн. Чөлөөт бүсийн үндсэн үйл ажиллагааны салшгүй хэсэг нь хил, гааль, хорио цээрийн хяналтын ажиллагаа бөгөөд чөлөөт бүсийг хил дамнасан байгууламжаар холбох асуудлыг хөрш улстай байгуулсан хэлцээрийн дагуу зохицуулах юм. Иймээс чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, хаах асуудлыг хилийн боомтын үйл ажиллагааг нээх, хаахтай адил буюу Засгийн газрын шийдвэрээр зохицуулах бодит хэрэгцээ шаардлага үүссэн тул Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, хаах асуудлыг Засгийн газар болон хил залгаа улстай байгуулсан олон улсын гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөлд бий болсон тохиолдолд дипломат шугамаар шийдвэрлэнэ.” гэсэн агуулгатай 6.4, 6.5 дахь хэсэг нэмэх, үүнтэй уялдуулан мөн зүйлийн гарчигт холбогдох хэсэг нэмэхээр тус тус төсөлд тусгажээ.

No description available.Чөлөөт бүсийн тухай /2015 онд батлагдсан/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын ““хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг,”” гэсэн томьёолол нь агуулга, найруулгын хувьд зөвхөн хөрш улсынхаа хилийн боомтын нутаг дэвсгэрт чөлөөт бүс байгуулахаар ойлгогдохоос гадна мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Чөлөөт бүсийн газар нь боомтын нутаг дэвсгэрт хамаарахгүй.” гэж заасантай зөрчилдөж байгаа тул ““эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэж хил залгаа улстай тус тусын хилийн зурвас дахь газарт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг,”” гэж өөрчлөн найруулах, үүнтэй уялдуулан мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “боомтын” гэснийг “зурвас дахь газарт” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “боомтод” гэснийг “зурваст” гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн “боомт” гэснийг “зурвас” гэж тус тус өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.

Олон нийтийн аюулгүй байдыг хангах, нийтийн хэв журам хамгаалах асуудал нь Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаардаг тул Чөлөөт бүсийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Чөлөөт бүсэд нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам хамгаалах үүргийг цагдаа, дотоодын цэрэг гүйцэтгэнэ.” гэж өөрчлөн найруулахаар төсөлд тусгав.

Судалгаанаас үзэхэд Чөлөөт бүсийн хөгжлийн асуудал нь 2003-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын, 2008-2012 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын, 2012-2014 онд Монгол Улсын Шадар сайдын болон Эдийн засгийн хөгжлийн сайдын, 2014-2016 онд Аж үйлдвэрийн сайдын, 2016 оны дунд үеэс Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байна.

Чөлөөт бүсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.11-д заасан бүрэн эрх, түүний дотор 7.1.9-ийн “чөлөөт бүсийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг батлах”, 7.1.10-ын “…Хөрөнгө оруулагчдын зөвлөлөөс санал болгосон төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулахад тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох”, 8 дугаар зүйлийн 8.7.11-ийн “чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тамхи худалдах, эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох журам батлах”, 12 дугаар зүйлийн 12.3-ын “мэдээлэл хүргүүлэх”, 21 дүгээр зүйлийн 21.3-ын “гэрээ байгуулах” зэрэг эрхийг чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд хамааруулсан.

Чөлөөт бүсийн хөгжлийн асуудал Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа тохиолдолд чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хамааралтай дээр дурдсан дүрэм, журмуудыг баталж мөрдүүлэх, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах асуудлыг Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр баталгаажуулах эрх зүйн зохицуулалтгүй буюу хуулийн хийдэл үүсээд байна.

Чөлөөт бүсийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 хэсэгт “Чөлөөт бүсийн захирагч нь тухайн чөлөөт бүсийг байгуулж хөгжүүлэх асуудлаар орон нутгийн ирдэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргатай хамтран ажиллана.” гэж заасан нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудалтай зөрчилдөж байгаа тул “байгуулж” гэснийг, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.7, 22 дугаар зүйлийн 22.2-22.7 хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1-23.3 дахь хэсгийн “эзэмших”, “эзэмшүүлэх”,”эзэмшиж” гэснийг Монгол Улсын хилийн тухай хуульд нийцүүлэн тус тус хасах шаардлагатай болжээ.

Чөлөөт бүсийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтын уялдааг хангах, хуулийн зарим хэсэг, заалтын агуулга, найруулгын дээр дурдсан зөрчил болон хийдлийг арилгах, Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, хаах асуудлыг тодорхой болгох, Чөлөөт бүсийн хөгжлийн асуудал аль сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаагаас үл шалтгаалан холбогдох дүрэм, журам батлах, гэрээ байгуулах, шалгуур үзүүлэлт тогтоох зэрэг асуудлыг баталгаажуулах боломж бүрдүүлэхээр Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан бөгөөд хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон шинээр хуулийн төсөл боловсруулахгүй, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төсөл боловсруулах шаардлагагүй, нэмэлт зардал гарахгүй аж.

No description available.Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, С.Чинзориг, Д.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Н.Ганибал, Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар нар асуулт асууж, Шадар сайд болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч А.Энхзул нараас хариулт, мэдээлэл авлаа. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр үг хэллээ. Чөлөөт бүсэд газрын арилжаа явж байгаа асуудлыг шийдвэрлэх, газрыг анх олгохдоо тодорхой хугацаа товлож, тэр хугацаандаа ажлаа эхлэхгүй бол буцаах зэрэг зохицуулалтыг төрөөс хийх нь зүйтэй гэдэг саналыг хэлж байв. Мөн чөлөөт бүс бүрийг тус тусын онцлогтойгоор хөгжүүлэхэд анхаарах, дэд бүтцийг төр шийдвэрлэх ч менежментийг нь хувийн хэвшлүүд хийдэг байх нь оновчтой гэж үзэж байгаагаа хэлсэн. Мөн бусад улс орны энэ төрлийн жишиг, туршлагыг судлах санал хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч цаашид чөлөөт бүсийг идэвхтэй үйл ажиллагаатай болгох чиглэлээр санаачилгатай ажиллах шаардлага байгааг хэлж байсан. Түүнчлэн ирэх оны төсвийн төсөл дэх нүүрсний экспортыг дэмжих чиглэлд бүх бүтэц анхаарах, төсвийн тэлэлтийн нийлүүлэлтийг хангахад онцгой анхаарах, цар тахлын нөхцөлд хөрш орнуудтайгаа аль болох хэвийн горимоор хамтран ажиллах зэрэг асуудлуудад анхаарах шаардлага байгааг онцолж байсан. Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Чөлөөт бүсийн үйл ажиллагааг үр ашигтай, өгөөжтэй болгох чиглэлд анхаарч, дэд бүтцийг улсын төсвөөс шийдвэрлэн, тэнд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд анхаарах саналыг хэлж байв. Ингэхдээ дэд бүтцээ талуудын зөвшилцөл, хяналт дор хийж, цаашид хэрхэн ашиглаж, хамгаалах чиглэлээр тодорхой бодлогыг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг саналыг Ц.Цэрэнпунцаг гишүүн хэлсэн. Замын-Үүд, Алтанбулаг зэрэг сум хөгжиж байж чөлөөт бүсүүд хөгжих боломжтой гэдгийг Ж.Ганбаатар гишүүн хэлээд, аймаг, сум бүр хөгжлийн бодлогын чиг баримжаатай байж, шаардлагатай чиглэлийн бизнес, аж ахуйн нэгжүүдээ урьж ирүүлэх, улмаар тэдгээрийнхээ үйл ажиллагаанд тодорхой төрлийн дэмжлэгүүд санал болгох зэргээр ажлаа зохион байгуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Ийнхүү төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувь нь Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *