Categories
мэдээ улс-төр

ЭЗ-ийн өршөөлөөр асуулга хүргүүлэв

УИХ-ын гишүүн, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Эдийн засгийн өршөөлийн хуулийн төсөлтэй холбогдуулж, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт асуулга хүргүүлжээ. Асуулгад “Уг хуулийн төсөл нь шударгаар тайлангаа мэдүүлж, хяналт шалгалтанд орсон аж ахуй нэгжүүдэд огт хүртээлгүй харин татвараа нуун дарагдуулж, хууль бусаар хөрөнгөжиж ирсэн этгээдүүдэд хамааралтай байхаар тусгасан нь шударга ёсонд нийцэхгүй” гэж үзжээ. Тодруулбал уг хуулийн төслийн 4.5-д татвараас бултаж, хөрөнгөө нуух замаар хяналт шалгалтаас бултаж чадсан этгээдүүдийг өршөөхөөр заасан байна. Гэтэл хуулиа дээдлэн, татварын алба, төрийн захиргааны байгууллагад хүндэтгэлтэй хандаж бүртгэл тайлангаа цаг тухайд нь ирүүлж, хяналт шалгалтанд хамрагдаж байсан ч эдийн засгийн хямралаас болж үйл ажиллагаа нь доголдож татварын өрөнд орсон, торгууль тавигдсан, хэрэг үүсгэгдсэн иргэд аж ахуй нэгжүүдэд хамааралгүй байхаар заасан нь буруу. Үүнийг шударга ёсонд нийцүүлж нэн түрүүнд татварын торгууль, акт тавиулсан болон хэрэгт шалгагдаж байгаа аж ахуй нэгжүүдэд өршөөл үзүүлэх ёстой” гэжээ.

Мөн тэрээр Засгийн газрын өргөн мэдүүлсэн Эдийн засгийн өршөөлийн хуулийн төсөлд нийт хэчнээн иргэн, аж ахуй нэгжид өршөөл үзүүлэх боломжтой байгааг нэг бүрчлэн нэрсийн жагсаалтын хамт гаргах. 2012-2014 онд хийгдсэн нийт татварын шалгалтын тайлан мэдээ, торгууль, тавигдсан актын дэлгэрэнгүй мэдээлэл, аж ахуй нэгжүүдийн жагсаалтыг гаргах, НӨАТ-ын хуурамч падаантай холбоотой актын мэдээлэл, түүнийг төлж барагдуулсан байдлын тухай холбогдох баримтуудыг нэгтгэн УИХ-ын нэгдсэн чуулганд сонсгохыг хүссэн байна.

Түүнчлэн эрүүгийн хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг өршөөлд хамруулж байгаа хэрнээ захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг өршөөлд хамруулахгүй байхаар хуульчилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Энэ нь цаашлаад аливаа төрлийн бүртгэл, тайлан мэдээг үнэн зөвөөр гаргахаас зайлсхийсэн хууль бус үйлдлийг өөгшүүлж дэмжсэн, нийгэмд сөрөг сэтгэгдэл төрүүлж болзошгүй гэдгийг сануулжээ.

УИХ-ын намрын чуулган завсарлахаас урьтаж, Засгийн газар Эдийн засгийн өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор компаниуд дунд хүлээлт үүсээд байгаа. Сангийн сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн пүрэв гаригт сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр татварын орлого эхний хоёр сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 30 гаруй хувийн дутуу төлөлттэй байгааг онцолсон. Энэ нь Эдийн засгийн өршөөл, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулиуд батлагдах болов уу гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотой байж мэдэшгүй гэж үзэж буй. Хуулиараа хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *