Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт явагдаж, өнөөдрийн 09.00 цагийн байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 610.451 сонгогчийн санал буюу 50.6 хувийн санал авч, ялалт байгуулаад байна. Харин МАН-ын нэр дэвшигч М.Энхболд 496.765 буюу 41.2 хувийн санал авчээ. Мөн 99.428 буюу нийт сонгогчдын 8.2 хувь “цагаан сонголт” хийжээ.
Улсын хэмжээнд нийт 1984 хэсгийн хороод ажилласан бөгөөд 1982 нь нэгдсэн дүнгээ ирүүлээд байгаа юм. Одоогоор Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн хэсгийн хороо болон европын улсууд дахь монгол иргэдийн сонгуулийн дүн ирээгүй байна.
Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Зарим улсад буй монголчуудын саналыг СЕХ хүлээн авч, одоо тоолохоор бэлтгэж байна. Гэхдээ европын улсууд дахь сонгогчдын саналыг тээвэрлэх “Тurkish airlines” компанийн нислэг саатаж, орой 23.00 цагийн орчимд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буухаар хойшлогдсон” гэж мэдээллээ.
Тус дүн ирсний дараа саналуудыг нэгтгэж, СЕХ сонгуулийн эцсийн дүнг албан ёсоор мэдээлнэ. Гэхдээ хэдэн цагт мэдээлэл хийх нь тодорхойгүй байна.