Европын холбоо ирэх онд Украинд 18 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө танилцууллаа. Уг тусламжийг дайнд нэрвэгдсэн Украин улс эрчим хүч, эрүүл мэндийн байгууллагуудаа хэвийн ажиллуулах, цалин тэтгэврээ тавихад нь дэмжлэг болгох зорилгоор нэн хөнгөлөлттэй зээл хэлбэрээр өгөх аж. 2023 онд Украинд сар бүр 3-4 тэрбум америк долларын санхүүжилт хэрэгтэй гэж Олон улсын валютын сан тооцоолж байна.
Европын холбооны гүйцэтгэх байгууллага Европын комиссын мэдээлснээр санхүүгийн тусламж ирэх оны 1 дүгээр сараас эхлэн сар бүр 1,5 тэрбум еврогийн дүнтэй, маш таатай нөхцөлтэй зээл хэлбэрээр олгогдох юм байна.
Ингэхдээ Украин улс ойрын 10 жилдээ уг санхүүжилтийг эргэн төлөх шаардлагагүй, Европын холбооны гишүүн орнууд зээлийн хугацаанд хүүг төлөх юм. Украинд ирэх оноос эхлэн сар бүр шаардлагатай 3-4 тэрбум америк долларын 1,5 тэрбумыг нь Европын холбоо нэн таатай нөхцөлтэй зээл хэлбэрээр өгөх бол зөрүүг нь АНУ болон санхүүгийн байгууллагууд, бусад хандивлагчид нөхөн төлөх юм байна.
Европын комисс Украинд илүү таатай нөхцөлөөр санхүүгийн тусламж үзүүлэхийн тулд гишүүн 27 орны жин нөлөөг ашиглан хөрөнгийн зах зээлээс мөнгө босгохоор төлөвлөж байгаа юм байна. Тус комисс ирэх оны 1 дүгээр сараас эхлэн эхний зээлийг гаргахын тулд он дуусахаас өмнө энэхүү тусламжийн төлөвлөгөөг батлахыг Европын холбооны гишүүн орнууд болон Европарламентад уриалжээ.
Европын холбоо өнгөрсөн 2 дугаар сард Орос Украинд дайн эхлүүлснээс хойш Киевт өгөхөөр 19 тэрбум евро төсөвлөсөн ч санхүүжилт өгөхдөө хэтэрхий удаан байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм.