Австрали Францтай байгуулсан цөмийн шумбагч онгоц үйлдвэрлэх гэрээгээ цуцалснаас үүдэлтэй маргааны улмаас Европын холбоо Австралийн хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах 12 дахь удаагийн яриа хэлэлцээ хойшиллоо. Хэлэлцээг аравдугаар сарын 12-ноос арваннэгдүгээр сар хүртэл хугацаанд хийхээр хойшлуулсан гэж Австралийн худалдааны сайд мэдэгджээ.
Гэхдээ ямар шалтгааны улмаас хэлэлцээг хойшлуулсан талаар Австралийн тал тайлбар өгөхөөс татгалзжээ. Австрали нь өнгөрсөн сард цөмийн шумбагч онгоц Франц улсаас худалдан авах 40 тэрбум америк долларын гэрээнээс гарч, Францын оронд АНУ-аас авахаар болсон нь Франц болоод Европын холбооны дургүйцлийг төрүүлсэн юм.
Канберрагийн энэ гэнэтийн алхмаас болж Франц улс Австрали, Америкаас элчин сайдаа эгүүлэн татаад байна. АНУ-ын ерөнхийлөгч Байден Францын ерөнхийлөгч Макронтой утсаар ярьж Паристай харилцах харилцаандаа сэв суулгах сонирхолгүй байгаагаа илэрхийлсний дараа Америк Францын хооронд үүссэн хурцадмал байдал намжих төлөвтэй байгаа.
Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Америк Францын харилцааг өргөжүүлэхээр ирэх 7 хоногт Парист айлчлахаар төлөвлөж байна. Франц Вашингтонд суугаа элчин сайдаа буцаасан, харин Австралид үүнтэй ижил алхам хийгээгүй байна.
Парис Австрали улсад дахиж итгэхгүй, гэрээний талаар албан тушаалтнууд нь худал ярьсан гэж ил тод мэдэгдсэн. Австралийн тал Францын байр байдлыг ойлгож байна. Гэхдээ аливаа улс үндэсний ашиг сонирхлынхоо үүднээс шийдвэр гаргах ёстой байдаг гэж мэдэгдсэн юм.