Categories
гадаад мэдээ цаг-үе

Европын Холбоо 2035 оноос эхлэн бензин, дизель хөдөлгүүртэй автомашин худалдахыг хориглоно DNN.mn

2035 оноос эхлэн бензин, дизель хөдөлгүүртэй шинэ автомашин худалдахыг хориглох хуулийн төслийг Европын парламент өчигдөр дэмжжээ.

Тус холбооны орнууд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1990 оны түвшнээс 55 хувь бууруулах ерөнхий зорилго тавиад байгаа.

Өчигдөр дэмжигдсэн хуулийн төсөл уг төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Шинэ хуулийн дагуу 2035 оноос хойш Европын Холбооны зах зээлд худалдаалагдах шинэ автомашинууд бүгд дотоод шаталтын хөдөлгүүргүй байх болно.

“Европын Холбооны хүлэмжийн хийн нийт ялгаруулалтын 15 хувь автомашинаас эх үүсвэртэй байдаг. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгодоо хүрэхэд энэ хууль чухал ач холбогдолтой юм” гэж Евро парламентын Ногоон намын бүлэг өчигдөр мэдэгджээ.

Форд, Вольво зэрэг үйлдвэрлэгчид Европын Холбооны төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Германы автомашин үйлдвэрлэгчдийн холбоо VDA дээрх төлөвлөгөөг эсэргүүцэж байжээ.

Цахилгаан автомашиныг цэнэглэх дэд бүтэц бэлэн биш байгаа нь төлөвлөгөөг хугацаанд нь хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулна гэж тэд болгоомжилж байгаа.

Өнгөрсөн онд Европын Холбооны зах зээлд зарагдсан шинэ автомашинуудын 18 орчим хувь нь бүрэн цахилгаан болон хосолсон (hybrid plug-in) хөдөлгүүртэй байжээ.

Эх сурвалж: Reuters

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *