Европын Холбооны эрүүл мэндийн зохицуулах байгууллага EMA (European Medicines Agency) өчигдөр “AstraZeneca” вакциныг аюулгүй гэсэн дүгнэлт гаргажээ.
Нийт 13 улс энэ вакциныг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлээд байсан. Уг вакциныг аюулгүй гэж дүгнэлт гарснаар тэдгээр улсууд “AstraZeneca” вакцинаар ард иргэдээ үргэлжлүүлэн вакцинжуулахаар болж байна.
Одоогоор Герман, Франц, Итали, Испани улсууд “AstraZeneca” вакциныг үргэлжлүүлэн ашиглах болсноо зарлажээ. Харин Швед улс дахин хэдэн хоног хэлэлцэж байж шийдвэрээ гаргахаа мэдэгдсэн байна.
Францын Ерөнхий сайд Жан Касте улс оронд нь цар тахлын гурав дахь давалгаа эхэлж, Парис хотод хатуу хөл хорио тогтоосон тул дархлаажуулалтын хөтөлбөрөө хурдасгах хэрэгтэйг мэдэгдээд өнөөдөр өөрөө “AstraZeneca” вакцин хийлгэж иргэдийнхээ итгэлийг сэргээхээр болжээ. Гэхдээ тэрбээр эмч мэргэжилтнүүд өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүст вакцин тарихдаа эрсдлийг сайн тооцоолох ёстойг сануулсан байна.