Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Европ, Японы сансрын хөлөг анх удаа Буд гаригийн гэрэл зургийг буулгаснаа дэлхийд ирүүлжээ

Европ, Японы мэргэжилтнүүдийн хамтран бүтээсэн сансрын хөлөг наранд хамгийн ойрхон оршдог Буд гаригийн гэрэл зургийг анх удаа дэлхийд ирүүлсэн тухай Европын Сансрын Агентлаг өчигдөр мэдээлжээ.

Зургийг ирүүлсэн BepiColombo хөлгийг гурван жилийн өмнө Ariane 5 пуужингаар сансарт хөөргөж байв.

BepiColombo хөлөг анх удаа Буд гарагийн сүүдэртэй талд ойртохдоо гадна байрлуулсан энгийн камераар хар цагаан зургийг буулгаж чаджээ. Энэ удаа Будын гадаргууд 200 км зайд ойртож чадсан ч ийм зайнаас зураг буулгахад тохиромжгүй байсан тул 1,000 км холдсоныхоо дараа буулгасан гэнэ.

Гэрэл зурагт Буд гарагийн умард туйл орчмын тогоонууд, эрт цагт урсаж байсан лаавын ул мөрнүүдийг тод харуулжээ. BeliColombo хөлөг одоо Буд гарагийн тойрог замд орохын тулд Сугар, Дэлхий гарагуудын тойрог замыг дайрсан маш урт замаар 2025 он хүртэл аялах ёстой.

Энэ хугацаанд дахин таван удаа Буд гарагийн гадаргууд ойрхон нисэж өнгөрөх юм. Учир нь тус гараг наранд ойрхон, нарны татах хүчний хүчтэй нөлөөнд оршдог тул сансрын хөлөг хурдаа сааруулж, тойрог замд нь ороход маш хэцүү байдаг.

BeliColombo хөлөг 2025 оны сүүлээр хурдаа хангалттай сааруулж, Будын тойрог замд тогтвортой байрлах боломжтой болох юм. Ингэснээр судалгааны ажлууд нь 2026 оноос эхэлнэ.

Энэ үед хөлгийн дотор байрлах өндөр нягтралтай камернууд болон бусад судалгааны багаж хэрэгслүүд ажиллаж эхлэх юм.

Буд нь нарны аймгийн чулуулаг бүтэцтэй гарагууд дотроос дэлхийтэй ижил түвшний соронзон орон бүхий цорын ганц гараг. Соронзон орон шингэн цөмтэй гарагуудад л байдаг. Гэтэл нарны аймгийн хамгийн жижиг гараг Будын цөм шингэн байх боломжгүй гэж эрдэмтэд үздэг байна.

BeliColombo хөлөг энэ мэт Буд гарагийн нууцуудыг тайлах зорилготой юм. Хөлгийн Европын хэсэг нь Будын гадаргуу, дотоод бүтэц зэргийг судлах бол Японы тал соронзон орныг нь судлах ажээ.

Буд гарагийн гадаргуу нь бас маш их эрс тэс уур амьсгалтай. Гадаргуугийн температур хамгийн дулаан өдөртөө Цельсийн 430 хэм хүртэл халдаг бол хамгийн хүйтэн шөнө Цельсийн -180 хэм хүрдэг байна.

Гарагийн диаметр 4,880 км. Тэнхлэгээрээ нэг бүтэн эргэх хугацаа буюу нэг өдөр нь дэлхийн 58 өдөртэй тэнцдэг. Харин нарыг нэг бүтэн тойрох хугацаа буюу жил нь дэлхийн 88 өдөртэй тэнцдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *