Европын холбоо эмзэг эдийн засагтай, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааг дэмжих чиглэлээр бодлого явуулдаг. Энэхүү бодлогын хүрээнд Тогтвортой хөгжил, сайн засаглалыг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор эмзэг эдийн засагтай орнуудад зориулан GSP+ буюу Хөнгөлөлтийн ерөнхий системийн тусгай зохицуулалтыг гаргасан. Манай улс 2005 оноос хойш энэхүү хөтөлбөрт хамрагдаж, 7200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татваргүйгээр Европын орнууд руу экспортлох боломжтой болсон юм. ХЕС-д хамрагдахын тулд тухайн улс орон сайн дурын үндсэн дээр хүсэлтээ илэрхийлэх ёстой. Мөн Европын холбооноос тухайн улс эдийн засгийн эмзэг байдал, хүний эрхийн тогтвортой байдал гэсэн хоёр төрлийн шалгуурыг хангасан тохиолдолд элсүүлдэг байна. Эмзэг байдлын шалгуур гэдэг нь Дэлхийн банкнаас гурван жил дараалан эмзэг эдийн засагтай орноор зарласан байх зэрэг эдийн засгийн нөхцөлүүдийг хэлнэ. Харин тогтвортой байдлыг шалгуурт хүний хөдөлмөрлөх эрх, сайн засаглалын талаар олон улсын 27 конвенцийг улс орондоо баталсан байхыг шаарддаг байна. Өөрөөр хэлбэл хүний эрхийг дээдэлнэ гэсэн нөхцөлтэйгөөр энэхүү тусгай хөтөлбөрт хамрагддаг аж.
Өнөөгийн байдлаар манай улс 7200 төрлийн бүтээгдэхүүнээс ердөө 15-16 төрлийг л Европын холбооны орнууд руу экспортолж байна. Энэ талаар МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газрын ажилтан Ч.Цэцэгмаа “Европ руу экспортолж байгаа бүтээгдэхүүнүүд нь ноос ноолуур, эсгий бүтээгдэхүүн, зарим нэр төрлийн арьс ширэн хувцас, боловсруулсан арьс зэрэг экспортын уламжлал болсон бүтээгдэхүүнүүд байдаг. Экспортын нэр төрөл нэмэгдэхгүй байгаа шалтгаан нь тарифын бус хориг саадуудаас үүдэлтэй. Үүнд эрүүл ахуйн хорио цээрийн, чанар стандартын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөлөөс гадна экспортолж байгаа компаниудын хувьд эдийн засгийн боломж, бэрхшээлийг дурдаж болно. Өнгөрсөн хугацаанд экспортын төрөл зүйлээс гадна тоо хэмжээний огцом өсөлт ажиглагдаагүй. Тоо ширхэг тодорхой хэмжээнд бага багаар нэмэгдэж байна” гэж тайлбарлалаа. Түүчлэн тэрбээр “МҮХАҮТ-аас энэ төрлийн экспортыг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор сургалт, семинарыг удаа дараа хийсэн. Хамгийн сүүлд зургадугаар сард Европын холбооны худалдааны төсөлтэй хамтран “Европын холбооны өдрүүд” арга хэмжээг зохион байгуулсан. Энэ арга хэмжээний үер ХЕС-ийг тайлбарласан мэргэжилтэн Монголд ирж бизнес эрхлэгчдэд сургалт хийж, мэдээлэл өгсөн. Харин хүний эрхийг зөрчсөн учраас танай бараа бүтээгдэхүүнийг авахгүй гэсэн гомдол манайд ирээгүй байна. Зөвхөн хүний эрхийн олон улсын конвенциудыг хэрэгжүүлж, тайлангаа тухай бүрт нь илгээх зөвлөмж өгсөн” гэсэн юм.
Харин “Глоб интернэшл” төвийн Хөтөлбөрийн менежер Б.Онон “ХЕС-ээс хүлээн зөвшөөрсөн 7200 төрлийн бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдэхгүй байгаа өөр нэг шалтгаан нь иргэд олон нийт Хяналтын ерөнхий системийн талаар хангалттай мэдээлэлгүй байгаатай холбоотой” хэмээн онцолж байна. Тэрбээр “Европын холбооноос бараа бүтээгдэхүүний экспортын татварыг тэглэснийхээ хариуд хүний эрхийн 27 конвенцийг эх орондоо хэрэгжүүлэхийг шаарддаг. Эдгээрт нь Хүүхдийн эрхийн тухай, Арьс өнгөний үзлээр алагчлах хэлбэрийг устгах, Иргэний болон улс төрийн факт зэрэг олон хүний эрхийн талын конвенциуд байдаг. Мөн байгаль орчны, хөдөлмөрлөх эрхийн, авлигалын эсрэг зэргээс бүрддэг. 7200 бараа бүтээгдэхүүнээс 15 орчим нь экспортлогдож байгаа нь бүтээгдэхүүний чанар, сав баглаа, хадгалалт зэрэгтэй холбоотой гэж үздэг. Манай байгууллагын хувьд “GSP+ системээр дамжуулж хөдөлмөрлөх эрх, хүний эрхийг сайжруулах нь” гэсэн төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэх явцад ард иргэд ХЕС-ийн талаар мэдээлэлгүй байдаг нь анзаарагдсан. Хамгийн наад зах интернэтээс хайлт хийхэд ХЕС-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирдэггүй. Олон нийт энэ хөнгөлөлтийн талаар мэддэггүй учраас Европын холбоо руу бараа бүтээгдэхүүнээ экспортолдоггүй, мэдээлэл аваагүй бизнес эрхлэгчид олон байдаг. Бизнес эрхлэгчид хэрэв энэ хөнгөлөлтийг олж мэдээд, хэрхэн гадагшаа экспортлох аргаа судалбал экспорт хийх боломж байна гэж бид харсан. Одоогийн экспорт хийж байгаа байгууллагууд ихэвчлэн салбартаа олон жил ажилласан, дотооддоо томоохон үйлдвэрлэгч болж чадсан, зах зээлээ судалж мэдсэн байдаг. Төрийн байгууллагын холбогдох ажилтнууд хүртэл ХЕС-ийн талаар мэддэггүй байх жишээтэй. Манай улс 500 сая гаруй хэрэглэгчтэй том зах зээлийг алдах учиргүй” хэмээн ярьсан юм.
Европын холбоо ХЕС-ээр дамжуулан эдийн засгаа хөгжүүлэхээс гадна хүний эрх, нийгмийн аюулгүй байдлаа сайжруулах боломжийг буурай улс орнуудад олгодог. Өөрөөр хэлбэл, ёс зүйтэй цэвэр бизнесийг дэмжиж байна гэсэн үг. Эдгээрээс хүний эрх хангагдсан улс орон хөгжилтэй байдаг юм аа гэдгийг харж болно. 2017 оны байдлаар нийт 10 улс ХЕС-ийг ашиглаж байгаа юм. Үүнээс Шри Ланка улсад иргэний дайн гарч Эрүүдэн шүүхийн эсрэг, Хүүхдийн эрхийн тухай конвенциудыг зөрчсөн учраас ХЕС-ээс хасагдаж байсан удаатай. Ингэснээр экспортынхоо 30 гаруй хувийг алдаж, эдийн засгийн тогтворгүй байдалд хүрсэн байна. Үүнээс болж загасан бүтээгдэхүүн, сүлжмэлийн олон үйлдвэрүүд хаалгаа барьж, хэдэн мянган хүн ажилгүй болсон тохиолдол гарчээ. Шри Ланкагийн Засгийн газар үүнийг анхаарч үзэн өнгөрсөн онд дахин эрхээ сэргээж чадсан байна. Бусад улсуудын хувьд ХЕС-ийн статусаа хадгалах гэж ихээхэн хичээдэг аж.
Э.ЯНЖМАА