Categories
мэдээ цаг-үе

Эвийг шүтэж далан жил ханилсан хоёр буурай

Энэ удаагийн “Танайд өнжье” булангаа далан жил ханилж буй Г.Жигжид, А.Цэрэнням хэмээх хоёр буурайгийнхаас бэлдлээ. Өнгөрсөн бямба гаригийн өглөө ач хүү Н.Номун-Эрдэнэтэй нь холбогдоход “Саппорогийн ард талын хоёрдугаар байранд өвөө, эмээ хоёрынд ирчихсэн байна” гэв. Хоёр буурал бага охин Ж.Сосоржавындаа суудаг байна. Зун зусландаа гараад өвөлдөө энэ охиныдоо асруулсаар арав гаруй жил болж байгаа аж. А.Цэрэнням гуай “Өдрийн сонин”-ы хүүхдүүд ирнэ гээд багагүй бэлджээ. Өөрөө тос хольж хайлмаг бэлдсэн байна. “Цай цүй уу, тэр цагаан юмнаас ид. Сар шинийн бууз шүү дээ. Буузнаас ид” гэсээр угтав. Биднийг ороход бэр Ц.Пүрэвсүрэн, хүү Ж.Нямдорж, охин Ж.Сосоржав, ач хүү Н.Номун-Эрдэнэ, зээ Г.Золбоо нар нь ирсэн байв. Том хүү гавьяат багш Ж.Нямжав нь гадуур ажилтай байгаад ирж амжаагүй аж. Математикийн Нямжав гэвэл хүмүүс андахгүй дээ. Өдгөө 86, 84 настай хоёр хөгшин 1946 оны аравдугаар сарын 25-нд нэг гэрт орж байж. Үр хүүхдүүд нь өссөөр дал шахам хүн болжээ. Ирэх зун бүх хүүхдүүдээ цуглуулаад цайллага хийхээр төлөвлөсөн байна. Америк, Герман гээд гадаад, дотоодод яваа хүүхдүүдээ нэг цуглуулах санаатай байгаагаа А.Цэрэнням гуай сонирхуулав.

Бага охиндоо үүрэг өгөөд л байгаа аж. Ж.Сосоржав “Би ч шувууны бага нь жиргэдэг гэдэг шиг л наана, цаана юманд нь гүйж байна” гээд инээхэд том бэр Ц.Пүрэвсүрэн “Бага охин нь л нас тавь гарчихаад хоёр хүүхдийн эмээ болчихсон байх юм. Би том хүү Ж.Нямжавтай нь гэрлэж энэ айлын бэр болоод 40 жил өнгөрсөн байна. Энэ Сосоржавын үсийг самнаж өгдөг байлаа. Тэр том эр (Ж.Нямжав) тав, зургадугаар ангид л байсан байх” хэмээн ярьж байв. Г.Жигжид гуай 1932 оны тавдугаар сарын 13-нд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Алтанбумбат гэдэг газар төржээ. Түүнийг төрдөг өдөр нь тухайн цагт болсон үймээнийг дарахаар цэргийн онгоц суманд нь анх ирж байсан гэдэг. Тэрбээр монгол, тангад номтой, зурхай судалдаг, нутаг орондоо эрдэмтэйгээрээ хүндлэгдсэн М.Гүррагчаагийн галын зээ болж мэндэлсэн байна. Төрсөн эцэг нь Д.Уламбаяр гэж хүн байгаад хэлмэгдүүлэлтэд өртжээ. “Шарын цэрэгт нэг буу нийлүүлсэн гэсэн тун ч өрөвдмөөр хэргээр бараг өчиг мэдүүлэг авалгүй шийтгэчихсэн юм билээ” гэж Г.Жигжид гуай дурссан нь бий. Г.Жигжид гуай “Хөгшин аавынхаа нэр дээр хүмүүжсэн. Долоон настай байхад аав минь ойчсон юм. Сургууль соёлд суугаагүй. Харин аавынхаа хүчээр 1939 онд долоон настай байхдаа хуучин монгол бичиг уншдаг, муухан бичдэг болсон байсан” хэмээн хуучлав. Хоёр хөгшний хуримаа хийсэн нь нэлээд явдалтай. Г.Жигжид гуай “Бид хоёр чинь их багадаа айл болсон улс шүү дээ. Монгол зурхайн насаар бол би 15-тай, манай хүн 17-той байлаа. Алтанбумбат гэдэг газрын нэг дорын хүмүүс. Чулуун тоглоомон дээр танилцаж бие биедээ сайн итгэдэг хүүхдүүд байлаа. Тэгээд арван хэдтэйдээ гэр бүл болсон доо.

1946 оны намар аравдугаар сарын 25-ны түнэр шөнө хоёулаа мориор давхиж айл гэр болж байлаа” хэмээн хуучлав. Оргуулаад авчихсан юм уу гэтэл А.Цэрэнням гуай “Тэгсэн юм аа. Хүн авах гэж байхад өөрөөсөө хоёр эгч охин оргуулсан” гээд өвгөн рүүгээ инээмсэглэж байна. Гэр дүүрэн инээд наргиан болов. Цэрэнням гуайг хижээвтэр хүнд өгөхөөр гэрийнхэн нь тохироод байж. Нөгөө хүн нь хүүхнээ авахаар гэрт нь ирчихсэн байж л дээ. Тэр шөнө нь Г.Жигжид гуай хөтөлгөө морьтой давхиж очоод оргуулчихсан гэж байгаа.

Яг мордуулаад оргуулах гэж байтал баадантай хувцас аавын орон дээр байгаа, аваад ирээч гэсэн гэнэ. Яаж орох вэ гээд хатавчаар зулын гэрэлд харсан боловч орж чадахгүй холхиж байтал нь хадам ээж нь гэнэт гарч ирж хувцсыг нь өгчихөөд буцаад орчихсон гэдэг. Г.Жигжид гуай багаасаа гэрт, гадаах ажил хийсэн болохоор ч тэр үү их л биерхүү сайхан эр байжээ. Тэрбээр “Арваад хүүхэдтэй болсон. Одоо дөрвөн хүүхэд байна. Миний том хүү 1949 оны хүн. Одоо нас 70 дөхөж явна. Удаах хүү Ж.Нямдорж 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Гагариныг агаарт нисч явахад гарсан юм. Оросод сургууль төгссөн. Мэргэжлээрээ галын инженер олон жил хийлээ дээ. Бага охин Германд сурч хүнсний технологийн инженер мэргэжил эзэмшиж ирээд бас л мэргэжлээрээ ажиллаад одоо нас нь 50 гарлаа. Ажил төрөл нь муугүй л байх шиг байдаг юм” хэмээв. Эдний хүүхдүүд цөм л багш, инженер мэргэжилтэй, тохитой хүмүүс аж.

А.Цэрэнням гуай “Би бага насандаа л энэ хүнтэй орон гэр болж, 19 настайдаа том хүүгээ гаргаж байлаа. Эдний аавын гэр их том. Өрхнийхөө оосрыг татаж хүрдэггүй. Манайх Бираа гуайнхтай айл байсан юм. Гавьяат хуульч Б.Чимэдийн аав юм шүү дээ. Бираа гуай намайг “Айлын авгай болчихоод өрхнийхөө оосрыг татаж чаддаггүй” гэж дооглодог байсан. Би арган дээр гарч өрхөө татдаг. Тэгээд аргаа гэрээ тойруулж тавьж дээр нь гарч зогсоод л өрхөө далладаг тийм л жижигхэн хүн байж. Б.Чимэдийн ээж нь намайг өрөвдөөд “Миний хүү аргаа тойруулж битгий өрхөө татаж бай. Эгч нь чамаас түрүүлж босдог. Чиний өрхийг татаж байя” гэж билээ. Тэгээд өрхөө татуулж байлаа шүү. Тийм байж айлын авгай болж байгаа гэж юу байхав. Хөдөөний хоёр бүдүүлэг юм нийлчихээд” гээд хуучилтал хүүхдүүд нь хөхрөлдөөд явчихлаа.

А.Цэрэнням гуай ер нь их яриасаг, наргианч хүн юм. Үргэлжлүүлэн “Том гэрээ хойтон зун нь жижигхэн гэр болгож амьдарсан. Бага залуу айл болохоор залуучууд их ирдэг. Өглөө нь хэн унтсан нь ч мэдэгдэхгүй баахан ор дэвсгэр. Заримдаа байхгүй, мэдэхгүй хүн хүртэл ирж унтчихаад явдаг байсан. Бид хоёр чинь малаар л амьдарлаа шүү дээ. Би өвгөнийг гурван жил цэрэгт явахад малаа өсгөөд, ирэхэд нь сумын аварга малчин цолтой. Хоёр хүүхдээ өсгөөд байж байсан. Энэ чинь цэрэгт очоод авгай байхгүй гэж байсан юм гэнэ лээ” гээд нөхрөө цаашлуулаад авлаа. Тэгээд “Манай хүнийг цэргээс ирэхэд хадам ээж “Чи энэ хүнийг амраагаарай. Хоёр хүүхдийг чинь өсгөөд, малаа өсгөөд сууж байсан шүү” гэж байна. Би тийм сайхан ч юм болж байгааг мэдэхгүй л дээ. Зун болохоор өдөрт үнээгээ гурав, хонио хоёр саана. Би өвс сайн хаддаг. Моринд аюулгүй байсан. Бид чинь мориор л аж төрдөг хүмүүс байлаа” хэмээв.

Г.Жигжид гуайг 20 настай цэрэгт очоод хоёр хүүхэдтэй, эхнэртэй гэдгээ хэлэхээс нууж байхад нь “Үнэн” сонинд А.Цэрэнням гуай цэргийн сайн ар гэр гэж гараад мандсан байгаа юм. Энэ талаар Жигжид гуай “Манай хүн хөдөөний ажилд гайгүй ээ. 1954 онд намайг цэрэгт байхад “Үнэн” сонинд хань маань гарсан байна. Би цэргийн ангийнхаа номын сангаар их орно. Номын сангийн эрхлэгч нь Завханы, надтай нэг оны залуу байлаа. Дуртай ном, сониноо уншина. Тэгсэн чинь Цэргийн ар гэрийн юу билээ тийм гарчигтай юм байна. Харсан чинь энэ нөхрийн тухай юм байж байна (эхнэр рүүгээ харав). Уншсан, хоёр хүүхдээ өсгөөд өрх аж ахуйгаа удирдаад малаа өсгөөд, багийн эмэгтэйчүүдийн хадлангийн аварга болчихсон. Тэр надад мартагддаггүй юм. Номер 101 дүгээр дугаарт нь байсан. Би баяр хүргээд захиа бичлээ. Миний захиаг уншсанаас хойш сонин ирж өөрсдийгөө бичигдсэнийг мэдэцгээж байсан байгаа юм” гэв.

Гурван жил алба хаагаад 1955 онд цэргээс халагдсан байна. Цэргээс ирсэн намраа мал нийгэмчлэх хуралд яваад бүх малаа нэгдэлд нийлүүлчихээд ирж. Таван хошуу малтай байсан гэж байгаа. А.Цэрэнням гуай “Манай хүн хуралд яваад ирэхдээ бүх малаа нэгдэлд өгчихөөд ирсэн. Хадам ээж “Энэ одоо өчнөөн хүүхэдтэй байж малаа нэгдэлд өгчихөөд ирж байгаа юм байх даа” гээд ууртай байна шүү. Тэмээ олон байгаагүй байх. Хонь, үхэр, адуугаа туулгаад явуулахад өөрөө өсгөсөн юм болохоор муухай. Нөгөө талаар залуу хүн болохоор малгүй, ажил хийхгүй амар гээд баярлаж байсан. Тэгж байтал энэ маань ажил алба болоод хэдэн жил аймаг сумаар хэсч байгаад тэтгэвэрт гарсан даа. Тэтгэвэрт ороод дөрөв, таван жил мал малласан. Хонь, үхэртэй ч болж байлаа. Миний мал их өсдөг” гэж ярив.

Харин Г.Жигжид гуай бол насаараа дарга хийсэн хүн. Цэргийн албаа Улаанбаатар хотын барилгын нэгдүгээр батальонд хаажээ. Цэргийн хичээлийн 45 хоногоо хийгээд тасгийн дарга, нэг жилийн дараа тусгай салааны туслах болоод удаагүй байхад салааны дарга нь халагдаж ангийн захирагч Гүржавын тушаалаар салааны даргын үүрэг гүйцэтгэгч болсон байна. Офицеруудтай эн зэрэгцэн хуралд сууж явжээ. Цэргээс халагдаж ирсэн жилээ сумандаа орлогч дарга хийсэн байна. Дараа жил нь буюу 1956 оны арван сард Хөвсгөл аймгийн гуравдугаар хэсгийн Шүүхийн даргаар сонгогдож Цагаан-Үүр суманд очиж байжээ. 1961 онд Цагаан үүр сум нэгдлийн дарга болж таван жил ажиллаад дараа нь Цэцэрлэг, Шинэ-Идэр сумуудад тав, таван жил сум нэгдлийн дарга хийсэн байна. Гурван таван жилийн төлөвлөгөөг гурван суманд хийхэд бүгд шилдэг сум нэгдлээр шалгарч байжээ. Тэргүүний сум нэгдлийн дарга гэдэг хоч ч авч байсан гэнэ. Дараа нь Хөвсгөл аймгийн Дундын үйлдвэр, Боловсролын хэлтэс, Төвлөрсөн аж ахуй санхүүгийн дарга байжээ. Сүүлд аймгийн Боловсролын хэлтсийн дарга хийж байгаад 1992 онд 60 настайдаа тэтгэвэртээ гарсан байна. Өөрийнхөө талаар “Би ч бие сайтай. Залуудаа мориор их явдаг. Янз бүрийн тоглоом тэмцээнд их дуртай хүн байсан. Хөнгөн атлетикийн бүх төрлөөр хичээллэдэг. Гар бөмбөгийг 11 жил тоглолоо. Хамгийн сүүлд хөлөө бэртээгээд тэгээд доройтох тийшээгээ явсан хүн дээ” гэв. Түүний авга ах М.Чогдог гэж өдгөө 101 настай том лам хүн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд буй. Хөлөө бэртээсэн талаар нь том бэр нь “Нэг очиход аавын ах нь хонь хөлдөж бариад хяргаад байж. Тэгээд аав дүү нь юм чинь арай залуу хүн болоод нэг хонь хөлдөөд автал татагдаж унаад бэртчихсэн юм” гэв. Ер нь эднийхэн аль аль талаасаа их тэнхлүүн, сайхан насалдаг хүмүүс аж. А.Цэрэнням гуай “Бидний ээжүүд хоёулаа л 90 гарсан. Энэ хорвоо дэлхий дээр амьдарч байгаагаа би хамгийн сайхан юманд л амьдарч байна гэж боддог. Ерөөсөө үүнээс сайхан юу байхав дээ. Хүүхдүүд, идэх хоол, орон байр байна. Би үнэндээ төрийн сүлдэндээ л залбирдаг. Эднийгээ сайн яваасай гэж их бодох юм даа. Үр хүүхдүүд маань ч сайхан л явна. Төр засагтаа сайн сайхан үнэтэй цэнтэй ажил хийгээсэй. Улс орноо өөд нь татах хэрэгтэй газар нь байгаасай гэж залбирч явдаг” гэв.

Г.Жигжид гуай ажиллаж байх явц дунд 1964-1966 онд Намын дээд сургуульд хоёр жил суралцаад сүүлд 1974-1979 онд Намын дээдийн үндсэн курсийг эчнээгээр төгссөн байна. Тэрээр “Миний хань чинь намайг бодох юм бол бага сургууль төгссөн хүн байгаа юм. Би бол багадаа сургууль төгсөөгүй. Хань маань насаараа гуанз, хүүхдийн цэцэрлэг, зочид буудал, талхны цех гээд олон газар ажил хийсэн. Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан гэдэг тэмдэг Засгийн газраас өгсөн. Тэр бол харин хөдөлмөрийн амт шимт шингэсэн сайхан тэмдэг байгаа юм” хэмээв. Нөхрийгөө энд тэнд томилогдож ажиллахад дагаж очоод янз бүрийн ажилд ордог байж л дээ.

Далан жил амьдарна гэхээр их урт хугацаа шүү дээ гэхэд А.Цэрэнням гуай “Явсаар байтал нэг мэдэхэд 70 жил болчихжээ. Энх тунх байвал далан жил гэдэг тун амархан юм. Бид хоёрын айл болдог аравдугаар сарын 25-ныг зулын 25 гэдэг шүү дээ. Нэг их зул асаагаад залбирч байсан маань санаанаас гардаггүй юм. Тэр бэлгэтэй сайхан өдөр гэр бүл болсон болохоор ийм сайхан амьдарч байгаа юм байлгүй гэж бодож бэлгэшээдэг. Энэ олон жилийн турш бид хоёр ам муруйж байсангүй. Хэрүүл зодоон, нүдээн ер байхгүй. Манай хүн уг нь хэрэлдвэл хэрэлдэхээр хүн байгаа юм. Яагаад гэхээр архи уудаг байсан. Архи уугаад зодоон нүдээн байхгүй. Тэгээд согтохгүй унтаад өгдөг. Би тийм хүнийг чинь одоо яах вэ. Хэрэлдээд байдаг бол хэцүү шүү дээ” гэж яриад дахиад л инээдэм боллоо. Гэтэл “Одоо ч ууна. Гэхдээ бас л хэрүүл шуугиан байхгүй шүү. Ямар өвчтэй юм мэдэхгүй” гээд улам ч дэврээлээ. Өдгөө Хөвсгөл аймагт суугаа том охиных нь нөхөр Нямбаяр нэг удаа “Сумьяа ёстой урамгүй, 30 гаруй жил болж байхад ганц хэрэлдэхгүй” гэж байсан юм гэнэ лээ хэмээн Ц.Пүрэвсүрэн гуай хэлэв. А.Цэрэнням гуай “Манай хүүхдүүд бүгдээрээ тайван амгалан. Олон ч бэр байна, надтай ам муруйсан ганц ч бэр байхгүй” гэхэд Ц.Пүрэвсүрэн “Яалт ч үгүй хайрлаад байгаа хүнийг чинь яах болж байна. Ерөөсөө л хүний төлөө төрсөн хүн ийм байдаг байх. Ээжид хүн бүхэн их сайн байдаг. Мөн ээж хүүхдүүдээ жигтэйхэн эрхлүүлнэ. Хүүхдээ угаасаа загнадаггүй хүн” гэхэд “Би хүүхдүүддээ жаахан юм хэлнэ. Нөхөр бол юу ч хэлэхгүй. Харин ач нараа бол өмөөрнө” гэж байна. Ач нараа ингэж тэгж эрхлүүлдэг талаар нэлээд яриа боллоо. Тэгэхээр нь хүүхдийг эрхлүүлээд байхаар эвдэрдэг гэлцдэг гэхэд А.Цэрэнням гуай “Үгүй юм шүү хүү минь. Эдний дунд болохгүй хүн байхгүй. Гэхдээ нэг ч удаа байг, боль гэж хэлүүлж үзсэн хүн байхгүй. Нямжав эрхийн туйл байсан даа. Хүн эрхлүүлэх бүр удмын юм. Хадам ээж хүүхдэд юм хэлүүлэхгүй гээд өмөөрнө гэж жигтэйхэн хүн байлаа. Нэг удаа нүүдэл хийгээд гэрээ барьж байтал бороо орлоо. Гэтэл бас хонь, хурга нийлэх гээд байдаг. Тэгээд Нямжавыг хурганд явуулах гэтэл хадам ээж намайг тэврээд авч байгаа юм. Тарган чавганцын дэргэд би годгор хүүхэд юу байхав дээ. Ингэж л хүүхэд эрхлүүлдэг байсан даа. Тэглээ гээд ажилгүй ааш муутай хүүхэд ерөөсөө байгаагүй. Дандаа номхон улс. Аяараа хүн болсон доо. Мал маллаад эдэнтэй ноцолдоод байх завгүй байлаа” гэж хуучлав.

Сүүлийн үед хоёр хөгшнийг хүүхдүүд нь эмнэлэгт хэвтүүлбэл хамт хэвтүүлдэг болсон байна. Сосоржав эгч “Нэг удаа ээж ахынд (Ж.Нямдорж) очиж хоносон юм. Тэгэхэд аав юм ч идээгүй, унтаа ч үгүй. Олон жил хамт байхаараа нэг өдөр ч тусдаа байж чадахаа больчихдог юм байна” гэж ярив. А.Цэрэнням гуай “Хоёулаа хамт охиныд байж асруулахаар тусдаа байж үзэх гэсэн хэрэг л дээ” хэмээв. Нэг хоног тусдаа байсныхаа дараа Г.Жигжид гуай “Битгий намайг дахиж хаяж яваарай. Чамайг байхгүй бол эвгүй юм. Би уйдаж үхэх байх” гэж хэлсэн тухай хүүхдүүд нь ярив. Г.Жигжид гуай өөрийн амьдралын намтраар “Бяцхан мацалт” хэмээх номоо хэвлүүлсэн юм байна. Шүлэг яруу найраг багагүй бичсэн хүн аж. Номонд нь намтар түүхээс гадна “Ээж минь”, “Худгийн улаан хад”, “Хүслэн”, “Би моринд хайртай”, “Төрсөн нутгийн үзэмж”, “Хань минь” зэрэг шүлэг найргууд багтжээ.

“Хань минь” шүлгээ эхнэрийнхээ 80 насны ойд зориулж 2009 онд бичсэн байна. Тэр шүлгийн эхлэл төгсгөлийн хоёр бадгийг ишилж оруулъя.

“Хатагин омгийн малчин охин чамтай

Хар багадаа буянаар учирчээ би

Хүний сайхан үр чамайг

Хүндэлж хайрлаж явна аа

… Дараагийн насанд надтай чи

Дахиад уулзахыг ерөөж байна

Хоёр биений түүх үлдэнэ найз минь

Хойшдын зам л саруул болтугай” хэмээн төгсчээ.

Ер нь Г.Жигжид гуай юм юманд авьяастай аж. Өдгөө чих нь жаахан хатуураад байгаа болохоор гол төлөв ном уншдаг гэнэ. Сумо бөхийн барилдааныг тэр хоёр алгасахгүй үздэг гэдгийг Сосоржав эгч хэлж байна. Сумочдод бүгдэд нь нутаг усныхныхаа нэрийг өгчихөөд л үздэг аж. Г.Жигжид гуай залуудаа 100 буудалт даамын улсын аварга болж байжээ. Тэр талаар нь асуухад “Бидний багад монголчууд хөлөгтэй тоглоом их тоглодог байлаа шүү дээ. Буга, Мягман гээд хөлөгтэй тоглоом байсан. Тэднийг гайгүй тоглодог байлаа. Шатрыг сайчуудын хэмжээнд тоглож чадахгүй. Даамыг их багаасаа хөгшин ааваараа л заалгасан. Хөгшин аав багад долоон настайд бурхан болсон хүн юу зааж базаах вэ дээ. Гэхдээ л би сурсан юм. Арваад настайгаасаа сумандаа баяраар даамны тэмцээнд их түрүүлдэг байлаа. Цэрэгт очоод даам их тоглодог. Голдуу би түрүүлнэ. Улс хувьсгалын 35 жилийн ойгоор манай гарнизонийн даамын аварга боллоо. Тэнд түрүүлээд 20 төгрөгийн шагнал авлаа. Тэгэхэд мөнгө ховор. Их л том шагнал шүү дээ. Залуу даамчдын тэмцээн улсын баяраар болно гээд манай ангийн дарга надад “Чи тэр тэмцээнд оролцоно. Чамд хоолны мөнгийг өвөртлүүлнэ, морин улаач өгнө” гэж байна. Гарампилын Дамдин гэж надаас нэг оны өмнөх цэрэг миний морин улаач туслагчаар томилогджээ. Нэг, нэг морь унаад Яармаг явж байлаа. Тэндээ түрүүлээд бас нэг ном, үнэмлэх, улаан хаймар резинтэй унадаг дугуй авч байсан. Унадаг дугуй ховор, үнэтэй байлаа. Бид хоёр дөнгөж павильоноос гарахад мөнгө далласан хүн шавчихсан. 400 хэдэн цаасаар өгч байлаа. Дараа нь 1957 онд хэсгийн Шүүхийн дарга хийж байхад залуу даамчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. Олон л түрүүлж байсан. Даамыг гайгүй тоглож яваад өнгөрлөө” гэв.

Моринд бас сүрхий дуртай хүмүүс гэдэг нь илт байна. Тэр талаараа “Би ч зургаа орчим настайгаасаа номхон морь унаад малд явна. Моринд их дуртай. Бүх л ажлаа мориор хийдэг. Сум нэгдлийн дарга байхдаа өөрийнхөө дуртай сайн морийг авна. Мориороо сумыг хаанаас нь ч хааш нь тойрно. Мориор л хэрэг бүтээж явлаа. Уулзъя гэсэн хүнтэйгээ уулзана. Дан шилдэг сайн морь унахаас ааштай догшин морь унах дургүй байлаа. Би өөрөө ч аминдаа их сайн морьдтой, морь уядаг байсан. Миний ээж бас моринд их дуртай. Амралтаа аваад ээжийнд очно шүү дээ. Манай ээж үнэ зодож хүний мундаг жороо морьдыг худалдаж аваад намайг амралтаар очихоор унуулах гээд бэлтгэдэг тийм хүн байлаа шүү дээ. Намайг бага шиг байхад Батлаа даргын хул, Дашравдангийн улаан гээд аль морьдыг тэр гэхэв. Зөндөө сайн морь унаж явлаа. Моринд их дуртай. Морь их эдэлж явсан ийм хүн” гэж хуучлав. Мөн “Хөдөө өссөн хүмүүс чинь ажил ч сайтай байдаг юм даа. Би ч багаасаа хөдөлмөр их хийсэн. Туж завгүй. Хөгшин залуу хоёр ээжийн хүүхэд. Өглөө эртхэн босоод хүйдэс авна. Галаа түлэхээс өмнө араг цас авчирна. Өдөр ээжийн хэрэглэх усыг авчирч байгаа хэрэг. Тэгээд хонинд явна. Дулаан өдөр бол сур авч явж нүднэ. Хонинд явж ирээд үхэрт явна. Заримдаа явган явна, нэг том уул давдаг. Тэгж байтал цас шуурна, адуугаа олж ирж хашихгүй бол болохгүй юм болоод явчихна. Бидний багад дайны нөлөөнөөс болоод юм ховор байж. Хярамцагтай хоолоо хийж идээд унтана даа. Тэгж л амьдарч явсан юм. Бид хоёр хэдий ч үед өглөө оройтож босч сураагүй. Сүүлийн үед л нойр хүрдэг бол унтаад байхаар болчихдог болсон” гэв.

Ийнхүү энгүүн яриатай хоёр бууралтай өдөржин хөөрлөө. Удалгүй зээ хүү Г.Жавхлан эхнэр Н.Болор болон хүүхдүүдтэйгээ ирлээ. Ж.Очхүү, Ж.Далай хоёр зээнцэр нь “Зөв монгол хүүхэд” өдөрлөгт орсныхоо дараа эрхлэхээр ирж байгаа нь энэ. Хоёр буурал “Зун болохоор лагертаа гарчихдаг. Тэнд ирээрэй. Манайд чинь хүмүүс их ирдэг юм. Идлээ, уулаа, өмслөө, зүүлээ дутуу юмгүй сайхан амьдарч байна. Төр төвшин л байх болтугай. Хүүхдүүд та нарын үр хүүхдүүд эрүүл энх байг” хэмээсээр биднийг үдсэн юм.

Ж.БАЯРСАЙХАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *