Монголын эрэгтэйчүүдийн холбоо 2005 онд олон нийтийн дунд “Аавуудын өдөр”-тэй болох санал асуулга явуулж, 2005 оны намрын тэргүүн сарын шинийн гурван буюу наймдугаар сарын 8-ны өдөр анх удаа “Аавуудын өдөр”-ыг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдөр уламжлал болгон айл өрх бүр тэмдэглэдэг болсон. Уг арга хэмжээний зорилго нь айл гэрийн ноён нуруу, өмөг түшиг аав хүний байр суурь, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжилд үлгэр дуурайлал болсон олон зуун аавуудаар бахархах, хүндлэх, үр хүүхэд нь хайрлах, энэрэх, хүүхэд аав хоёрын нандин харилцааг бэхжүүлэх явдал юм.
“Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар”, “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” сүүлийн гурван жил “Аавуудыг өдөр”-ийг хамтран тэмдэглэж байна. Энэ жил “Аавуудын оролцоог дэмжье” уриан доор зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн есөн дүүргийн гэр бүл хөгжлийн газруудад зорилтот бүлгийн аав нарыг ихэвчлэн оролцуулсан аав хүүхдийн дунд хөгжөөнт уралдаан тэмцээн, аав хүүхдийн харилцааны асуудлаар хэлэлцүүлэг ярилцлага, сургалт зэрэг олон талт ажлууд зохион байгуулагдана. Сайн аавуудыг “Есөн-Эрдэнэ” одонгоор шагнадаг бөгөөд байгуулагдснаасаа хойш 2000 –аад аавыг тус шагналаар шагнасан байна. Ирэх жил 15 жилийн ойтойгоо золгох бөгөөд энэ өдрийг албан ёсны баяр ёслолоор эрх зүйн актад оруулах, “Есөн-Эрдэнэ” одонг ээжүүдийн одонтой адил өрхийн тэргүүнд өгдөг болгох, “Монгол туургатны эрэгтэйчүүдийн чуулган “-г зохион байгуулна гэсэн гурван том зорилт тавин ажиллаж буй аж.
Монгол Улс “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон юм.
Б.ӨЛЗИЙБАЯР