Цагдаагийн байгууллагаас Мөрийтэй тоглоомын хор уршгийг олон нийтэд таниулах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “АМЬДРАЛ МӨРИЙ БИШ” нөлөөллийн аяныг эхлүүлжээ.
Цагдаагийн байгуулагаас нууц далд аргаар зохион байгуулагдаж байгаа покер, рулет, интернет, цахим тоглоомын үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, эрүүгийн хариуцлагад татах, зохион байгуулагч, тоглогчдыг бүртгэл судалгаанд хамруулах зорилгоор тодорхой үе шаттай шалгалтын ажиллагааг явуулсан.
Энэ оны найман сарын тоон мэдээллээр, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан рулет 5, автомат 10, покер 20, цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 8, нийт 43 мөрийтэй тоглоомын газрыг илрүүлэн үйл ажиллагааг нь таслан зогсоосон. Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 48, тоглож байсан давхардсан тоогоор 280 этгээдүүдийг бүртгэл судалгаанд авч, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 4 этгээдийг олж тогтоожээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх үндэслэлээр нийт 25 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 4 хэргийг хаах саналтай, 10 хэргийг яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэн, 4 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.