Засгийн газрын өнгөрсөн онд гаргасан шийдвэрт 2023 оны гуравдугаар сараас эхлэн цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн нь бий. Гэвч цахим гэрчилгээ олголтын ажил энэ сараас эхэлсэн тул хугацааг хойшлуулж, есдүгээр сар болгосон байна.
Нийт 161 уулзварт уншигч суурилуулсан бөгөөд тээврийн хэрэгсэл бүр цахим гэрчилгээтэй болно. RFID чипийг тээврийн хэрэгсэлд суурилуулахдаа техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн зохион байгуулна. Тухайн суурилуулсан төхөөрөмжүүд нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг таньж, бүртгэл хийх юм. Түүнчлэн RFID суурилуулалт хийгдсэнээр торгуультай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй боломж бүрдэнэ гэдгийг холбогдох мэргэжилтэн онцоллоо.
Энэ системийг хэрэгжүүлэхэд 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын тооцоо гаргаснаас одоогоор 13 тэрбум төгрөгийг батлаад байгаа юм. НЗДТГ-ын хөрөнгөөс гурван тэрбум төгрөг, жолоочийн албан журмын нөөц сангаас 10 тэрбум төгрөг баталсан. Үүнд RFID чип суурилуулах, мэдээллийн нэгдсэн сан, олон улс, улсын чанартай авто зам дагуух төлбөр авах цэгүүдийг цахимжуулах ажлууд багтсан гэдгийг албаныхан онцолж буй.