Categories
мэдээ нийгэм

Эрүүлжүүлэх байранд хугацаа нь дууссан эм, тариа хэрэглэж байжээ

Хүний эрхийн Үндэсний Комисс зурган илэрцүүдХүний эрхийн Үндэсний Комиссийнхон Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар ХЭҮК-оос Цагдаагийн ерөнхий газарт шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад:

-Эрүүлжүүлэх төв нь хотын төвөөс 3,5 км зайд байрладаг боловч төвийн шугамд холбогдоогүй, уурын зуухаар халаадаг боловч бүрэн халааж чаддаггүй, 200 метрийн зайтай гүний худгаас ус татаж хэрэглэдэг бөгөөд хяналт шалгалтын үед барилгын зүүн талын суурийн хэсэгт суулт өгч ашиглах боломжгүй болсон байна. Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 07-11/136 дугаартай “Барилгын ашиглалтыг түр зогсоох” тухай акт, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02-07-81/41 дугаартай “Барилга ашиглалтыг зогсоох тухай” актаар тус тус чанарын шаардлага хангахгүй, ашиглалтын хугацаа дууссан тул барилгын ашиглалтыг зогсоох тухай шийдвэр гаргаж байжээ.

Тус барилгад үүссэн дээрх нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь заалтад “Эрүүл аюулгүй орчинд амьдрах …эрхтэй”, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт “барилга нь хүн ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байна” гэж заасныг тус тус зөрчиж байх тул дээрх дүгнэлтүүд болон Комиссоос удаа дараа хийсэн хяналт шалгалтын дагуу өгсөн шаардлага, зөвлөмжийн хүрээнд тодорхой ажил зохион байгуулж тус төвд ажиллаж буй цагдаагийн албан хаагч болон эрүүлжүүлэгдсэн, саатуулагдаж буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, чанар, стандартын шаардлага хангасан байрыг шинээр барьж ашиглалтад оруулах, эсхүл өөр газарт түр хугацаагаар нүүлгэн байрлуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэх;

-Нийслэлийн Цагдаагийн газраас тус төвд сар бүр 70.000 төгрөгийн эм, тарианы хангалт хийдэг бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалалтыг шалгахад хугацаа дууссан таван төрлийн 98 ширхэг эм, тариа хэрэглэж байсан нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь хэсэгт “Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж байх тул хугацаа дууссан эм тариаг устгалд оруулж, акт үйлдэх, эм, эмийн бүтээгдэхүүний хангалтыг бодит нөхцөл байдалд үндэслэн шинэчлэн тогтоох;

– Яаралтай тусламжийн эм тарианы хайрцаг болон яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн бүрдэл дутуу, байвал зохих эмнэлгийн тоног төхөөрөмж байхгүй, эрүүлжүүлэгдэх, саатуулагдахаар ирсэн иргэдийг хүнд өвчтэй эсэхийг тодорхойлж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх боломжгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нь Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2017 оны А/185 дугаар тушаалаар баталсан Саатуулах байрны дэглэм, журмын 4.2-т “Саатуулагдсан хүнд эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай бол саатуулах байранд хүлээж авахаас татгалзаж болно” гэж заасныг зөрчиж байх тул эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх стандартад нийцүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг яаралтай эхлүүлэх;

– Хоолны дээжийг авч шинжилгээнд явуулдаг эсэх нь тодорхойгүй, бүртгэл, тэмдэглэл байхгүй байх тул саатуулагдсан этгээдийн хоолноос өдөр бүр дээж авч тодорхой хугацаанд шинжилгээнд хамруулж холбогдох байгууллагын дүгнэлт гаргуулж хэвших;

– Тус төв нь нийт 45 хүний орон тоотой ба үүнээс цагдаагийн албан хаагч 34, энгийн ажилтан 11 байна. Нэг ээлжийн жижүүрийн бүрэлдэхүүнд гурван албан хаагч ажиллаж байгаа нь ачаалал ихтэй үед алба хаагч хүрэлцдэггүй байх тул орон тоог нэмэгдүүлэхэд анхаарч бодит байдалтай танилцаж, шийдвэр гаргах;

– Саатуулагдсан этгээдэд өгч буй нөмрөг, хөнжил, гудас нь эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй бохир, цэвэрлэгээ муу, тоосжилт ихтэй газар хадгалдаг. Саатуулах өрөөнүүдэд долоо хоногт нэг удаа ариутгал хийж байгаа нь Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2017 оны А/185 дугаар тушаалаар баталсан Саатуулах байрны дэглэм, журмын 2.9-д “Саатуулах байранд ариутгалын бодис бүхий чийгтэй цэвэрлэгээг өдөр бүр, их цэвэрлэгээг долоо хоногт нэгээс доошгүй удаа тогтмол хийж, саатуулагдсан хүн солигдох бүрт хэрэглэсэн хөнжил, гудас, цагаан хэрэглэл зэргийг цэвэрлэж ариутгал хийнэ” гэж заасныг зөрчиж байх тул саатуулах өрөө болон хөнжил, гудас, цагаан хэрэглэлийг тогтмол ариутгаж цэвэрлэн эрүүл ахуйн шаардлагыг журмын дагуу хангаж ажиллах;

Иймд дээрх шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу долоо хоногийн дотор бичгээр хариу ирүүлнэ үү.

Хувийг Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Эрүүлжүүлэх, саатуулах төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Энхбаяр нарт

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСЫН ГИШҮҮН П.ОЮУНЧИМЭГ” гэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *