Өнгөрөгч долоо хоногийн бямба гаригт нийслэл хотноо “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулсан. Уг өдөрлөгийн үеэр “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээн уламжлал ёсоороо болсон юм. Энэхүү гүйлтэд 30 мянган хүн оролцуулах тооцоо гарган Нийслэлийн биеийн тамир, спортын газар болон дүүргүүдийн биеийн тамирын хороодод оролцогчдын бүртгэлийг цахимаар явуулжээ. Гэвч тэмцээнд оролцогчдын бүртгэл даруй 30 мянгад хүрч, албан ёсны номер мандатыг нэмж хэвлэсэн байна. Энэ удаагийн марафонд 36 мянга 800 оролцогч сайн дураараа бүртгүүлж өөрийнхөө эрүүл мэндийн төлөө гүйсэн байна.
Монгол Улсын нэрийг олимп, дэлхийн дэвжээнд дуурсгаж буй ОУХМ, гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа тэргүүтэй шилдгүүдтэйгээ найман настай балчраас наян настай буурлаа хүртэл бүгд гүйцгээсэн нь хүн бүр өөртөө хийсэн хөрөнгө оруулалт байв. Далан хэдэн настай буурлууд гараанаас гараад залуучуудын ижил барианд орж буйг харсан үзэгчид, олон түмэнд баяр бахдал төрөх нь мэдээж. Монголчууд ийнхүү эрүүл саруул бие, амьдралын зөв дадал, хэвшлийн төлөө 30 хэдэн мянгаараа гүйж, нийслэл хотынхөө төв хэсэгт багтаж ядталаа цугласан нь нийгэмд шинэ үзэгдлийг бий болгосон юм.
Соёлт хүн төрөлхтний эрүүл амьдралын гол мөрдлөг нь бүх нийтээрээ гүйхэд оршдог. Амралтын өдрүүд, аливаа баяр ёслолын хамгийн гол арга хэмжээ нь мэдээж гүйлтийн тэмцээн. Тал бүрээсээ цуглаад баяр хөөртэйгээр марафондоно. Манайхан ийм хэвшил рүү орж байгаа нь үзэгдэл гэж хэлэхээс аргагүйд хүргэж байна. Эрүүл биеийн төлөө ийм олуул сэтгэлийн дуудлагаар цуглалаа. Харин эрүүл нийгмийн төлөө гэх жагсаал цуглаанд хэдэн хүн ирдэг билээ. Өнгөрсөн өвөл утааны эсрэг ээж аавуудын жагсаал гэж болсон. Зөвхөн утааны эсрэг гэлтгүй оффшорчдын эсрэг, Халхгол сумын газар нутгийг аврах халуун эх орончдын, Японы империалистуудаар эмнэлэг бариулахгүй гэх тэмцэгчдийн, за тэгээд Оюу толгойгоос аваад уул уурхайг эсэргүүцэгчдийн гээд олон ч жагсаал цуглаан болсон доо, тэр бүгдийг тоочиж барахгүй. “Эх орон, газар шороо минь” хэмээн цээжээ балбаж, цагаан хөөс сахруулсан эх орончдыг олон түмэн уухайлан дэмжиж цуглахаа больсон нь хачирхалтай. Их сайндаа л 300 хүн цуглах болсон.
Энэхүү дүр зураг дөнгөж саяхан болсон марафон гүйлтийн тэмцээнээс маш тодорхой харагдаж, уншигдлаа л даа. 30 хэдэн мянгаараа цуглан гүйж байгаа ард түмнээс 300-гаадхан хүн л жагсаалд оролцож байна гэдэг юу гэсэн үг бэ. Нэг л их ард түмнээ өрөвдөж, эвийлж хайрласан, эх орноо өмгөөлж хамгаалсан сүр дуулиант жагсаал цуглааны цаана цөөхөн хэдхэн популист улстөрчдийн эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэлдээн, алаан хядаан байдгийг ард түмэн яс махандаа тултал ойлгожээ. Улс төрийн нэг бүлэглэл нөгөө бүлэглэлээ шахаанд оруулахын тулд энгийн гэмгүй иргэдийг турхирч, таван халтар цаасаар хуурч, аман дээрээ ард түмнээ гэх боловч, ачир дээрээ зөвхөн өөрсдийгөө бодсон, өнгө мөнгөний төлөөх дайныг олон түмэн амссаар өдий хүрэв. Монголчууд бид сүүлийн 30 шахам жил гудамж талбайдаа жагслаа. Өөр хоорондоо хэмхэлдэж, яс булаалдсан ноход шиг уралцаж төрийнхөө өөдөөс буу шагайж, гранат дэлбэлж хуульгүй юм шиг аашлан авирлаж дайрлаа. Үр дүн нь юу байв. Таван сайхан залуу буудуулж газарт булагдав. Өөр ямар чиг үр дүн гарсангүй. Харин энэ бүхний шанд 20, 30 жилээр дархлагдсан юм шиг популистуудыг Монгол төрийнхөө сэнтийд залав шив дээ.
Өвлийн тэсгим хүйтнээр ч, хаврын хавсарга салхитайд ч эрүүл нийгмийн төлөө гэж ард түмнээ турхирч босгосон дарга нар яг үнэндээ өнгөрөгч он жилүүдэд ард түмнээ бодсон уу. Өнөөдөр улс орон минь өр ширэндээ баригдаж, өт хорхойндоо идэгдэж, олон түмний амьдрал улам л уруудаж, цөөн хэдэн баячууд Монголыг залгин, дундаж давхарга гэх ойлголт үгүй болж нийтээрээ ядуу гуйланчлалыг амсаж байна. Хорин хэдэн жилийн түүхтэй үй түмэн жагсаал цуглаан жаахан ч гэсэн эрүүл саруул байж, үнэнч шударгын төлөө явсан бол Монголын нийгэм өнөөдөр шиг сэхээнд орчихсон, эдийн засаг нь элгээрээ харуулдчихсан байхгүй нь мэдээж. Хэдхээн популист улстөрчид, тэднийг тойрон хүрээлэгчид, гэр бүл ах дүү, амраг садангийнх нь хүмүүсийн ахуй амьдрал дээшлээд энгийн иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудаад буй нь эмгэнэл.
Тэгэхээр Монголын ард түмэн улстөрчид болоод тэдний гар хөл болсон нөхдийн өмнөөс жагсч, уриа лоозон болж төрийн алтан соёмбыг дэвслэх ямар ч хэрэггүй гэдгийг ойлгосон байна. Ард түмэн нэг үеэ бодвол мэдээлэл сайтай болжээ. Өдөр тутмын сонин хэвлэл тогтмол уншиж, телевизийн олон суваг үзэж байгаа. Тухайлбал, “Өдрийн сонин”-д Баабар, Цэнддоо юу гэж бичсэнийг анзаарч, Энэрэл, Хашчулуун, Мөнгөндалайн улс төрийн нийтлэлүүдээс ямархан прогноз өрнөхийг тэд нэгд нэгэнгүй уншиж байна. Эдийн засагч, стратеги судлаачдын ярианд дүн шинжилгээ хийж, олон улсын тойм мэдээллийг анхаарч байна.
Улс төр, эдийн засаг, олон улсын ийм өргөн мэдээлэлтэй байгаа ард нийт тухайн жагсаалын зорилгыг хэдийнэ ойлгочихсон, хэн хэн зохион байгуулж байгаа, хэн ард нь чимээгүйхэн санхүүжүүлж байгаа гэдгийг нэгд нэгэнгүй мэдчихэж байна. Сүүлийн үед жагсаалд залуучууд идэвхигүй хандах боллоо гэх зохион байгуулалттай мэдээлэл гарч байсан. Монголын эх орончдын жагсаалд тэтгэврийн хэдэн хөгшид очихоос өөр хүн тоож очихоо больсон нь үнэн. Хуучин шиг таван халтар цаасанд хууртахаа больж, ард түмэн тийм л хэрсүү болжээ. Сүүлийн жилүүдэд иргэдийн улс төрийн идэвхи илт сэргэсэн нь өнгөрсөн жилийн Их хурлын болон орон нутгийн сонгуулиар батлагдсан.
Тэд эрх баригчдад зүгээр нэг доромжлуулж суухыг хүсэхгүй байна. Нам эвсэл фракцуудын эрх мэдлийн төлөөх улайрсан дайралтад бамбай нь болж хий дэмий жагсахын оронд сонгуулиар зайлуулах нь илүү үр дүн-тэйг мэдэж байна. Тиймийн учир залуучууд болон олон нийт идэвхигүйдээ, мэдэхгүйдээ, завгүйдээ жагсаалд оролцохгүй байгаа зүйл огтоос биш юм. Улстөрчдийн албан тушаалын төлөөх олны өмнө дэглэсэн жүжгийн цаад утга санааг нэвт шувт анзаарах болжээ. Ард түмэн ийм өргөн мэдлэг мэдээлэлтэй, улс төрийн соёлтой болсныг эрх баригч эрх дархтнууд харин анзаарч байгаа болов уу. Улс төрчдийн зохион байгуулсан эрүүл нийгмийн жагсаалд 300-гаад хүн, ардаа ямар ч улс төргүй зөвхөн таны эрүүл мэндэд хөрөнгө оруулалт болох гүйлтийн тэмцээнд 30 гаруй мянган хүн цуглаж байгаа нь үнэндээ ийм учиртай.