Categories
мэдээ цаг-үе

Эрүүл мэндийн салбарын түүхийг хагас зуун жил бичилцсэн Ониогийн Бямбаагийнх

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ониогийн Бямбаагийнхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. О.Бямбаа 50 шахам жил төрийн байгууллагад ажиллаж улс орондоо өөрийн бодитой хувь нэмрийг оруулсан хэмээн сайшаагдаж энэ жил Төрийн их баяр наадмаар Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор энгэрээ мялаалгасан юм. Түүнийг эрүүлийг хамгаалахын удирдлага, зохион байгуулалтаар мэргэшсэн, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор гэдгийг хүмүүс мэднэ.

Тэрээр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ерөнхий эмчээр ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарчихсан байгаа юм байна. Тэднийх Улиастайн Их цуурайн ам гэх газар зуслангийн газартай аж. Биднийг зусландаа ирэхийг урьсан юм. Хашаагаар нь ороход үүдэндээ машин тавих зориулалтын талбай засчээ. Байшин руугаа явах явган хүний зам гаргачихсан учраас хашааны зүлэг нь сайхан ногооноороо байв. Нэг эгнээнд олон төрлийн мод ургуулсан бөгөөд цаахна талд нь хүлэмж, сагсны талбай, салхилж суух саравч байгаа нь их л эмх замбараатай. Хашаандаа хоёр давхар байшинтай ч наахна талд нь монгол гэр барьсан байв. О.Бямбаа гуай гэргий Х.Бямбасүрэнтэйгээ биднийг угтан авч монгол гэртээ урилаа. Тэрээр “Улаанбаатар хотоос манайх хүртэл бүтэн нэг цаг явдаг юм. Алжаасан байх. Цай, хоол идээд жаахан амарчих” гэснээ зусланд байгаагаа тайлбарлан “Манай хүн бид хоёр эндээ жаахан ногоо тарьдаг юм. Ногоогоо хурааж дуусчихаад л хот руу орно доо. Ач, зээ нар маань зунжин бужигнаж байгаад албандаа явчихсан болохоор жаахан нам гүмхэн л байна” гэж байв. Ямар ногоо тарьдаг талаар сонирхоход Х.Бямбасүрэн гуай “Манайх 2001 оноос хойш хашаандаа 200 гаруй мод тарьсан. Сүүлийн долоон жил үхрийн нүд, чацаргана, мойл, нохойн хошуу, интоор гээд жимсний мод тариалж байна.

Харин сүүлийн таван жил ногоо, найман төрлийн нарийн ногоо, жимс тариалсан. Хашаандаа худаг гаргаад газраар нь хоолой гүйлгэчихсэн учраас услахад зовоод байх асуудалгүй болсон” гэж ярилаа.

Эхнэр нь цай хоол хийж байх зуур О.Бямбаа гуай найрсаг яриа хөөрөө үүсгэх нь энгийн сайхан монгол айлыг мэдрүүлнэ. Эдний гэрийн хуучны хоёр ч шүүгээ, арслантай авдар, төмөр ор нүдэнд тусч байв. О.Бямбаа гуай “Хөгшин бид хоёр гэртээ л байх дуртай. Өглөө босоод л гэртээ орж цай хоолоо бэлтгэж өдөржин байчихаад орой байшиндаа орж унтдаг. Бид хоёр анх айл болж гарахдаа барьж байсан гэрээ хот руу нүүж орохдоо зарчихсан юм. Хуучин гэрээсээ үлдсэн оосор бүч, энэ хэдэн тавилгаа тавьчихсан учраас үүнийгээ анхны гэрээ гэж сэтгэх дуртай. Тэгж ч ярьдаг юм” гэв. Хоёр хөгшин Улаанбаатар хотод бага хүү Отгонбаатартайгаа амьдардаг гэнэ. Хотод очиж хэсэг байж байгаад утаа униар эхлэх үеэр эндээ ирээд тухалчихдаг гэнэ.

О.Бямбаа гуай Ховд аймгийн Алтай сумын уугуул. Тэрээр “Миний овог Онио. Би ээжээрээ овоглодог. Ээжээрээ овоглосон мундаг хүмүүс олон байдаг шүү дээ. Би тэдэн шиг мундаг болоогүй ч дутагдсан зүйлгүй сайхан л байна. Өдий болсон хойно ээжээрээ маш их бахархаж байна даа” хэмээв. О.Бямбаа гуайн ээж Онио арван хүүхэдтэй айлын дөрөв дэх охин байж. Аав, ээжийнхээ голомтыг Онио гуай авч явдаг байсан учраас Бямбаа гуайн бага нас хөдөөний хүүхдүүдийн жишгээр малаа хариулж ээждээ дэм болж өнгөрсөн гэнэ. Найман настайдаа Ховд аймгийн Алтай сумын бага сургуульд элсэн орж, дөрөвдүгээр ангиа дүүргээд, Ховд аймгийн Булган сумын сургуульд арван жилээ төгссөн байна. 1967 онд Анагаах ухааны их сургуульд элсэж орсон аж. О.Бямбаа 1972 онд их сургуулиа төгсөөд өөрийн саналаар нутагтаа очиж, ээжийнхээ дэргэдээс ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр “Бага байхад ээж маань их өвддөг байсан. Ээжийнхээ ачийг хариулж, эмчлэх хөлийг нь хучихаар шийдээд эмч болж байлаа” хэмээн дурслаа.Сургуулиа төгссөнөөс хойш сумандаа ажиллаж 1977 оноос Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт 1985 он хүртэл найман жил эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллажээ. Мөн 1988-1991 онд Ховд аймгийн эрүүлийг хамгаалах газарт эмчилгээ хариуцсан ахлах байцаагч хийсэн байна. Тэрээр сумандаа таван жил, аймагт 14 жил ажилласан бөгөөд нийтдээ 20-иод жил хөдөө ажиллаж амьдарсан аж. Энэ хугацаанд нутгийнхаа Х.Бямбасүрэн гэх бүсгүйтэй ханилж, өдгөө таван хүүхдийн эцэг эх болжээ. Гэргий Х.Бямбасүрэн нь монгол хэл, уран зохиолын багш бөгөөд О.Бямбааг хаашаа л нүүнэ дагаж, очсон газрынхаа сургуульд багшилдаг байсан гэнэ. О.Бямбаа гэргийнхээ тухай “Бид хоёр нэг голын хүүхдүүд байсан. Гэргий маань “Таван онцын эзэн”, Д.Нацагдорж тэмдэгтэн сүрхий охин байлаа шүү дээ. Нэг голынхон учраас ерөнхийдөө мэддэг байсан хэрэг. Хорь гарсан хойноо нэгнээ мэдэлцэж би эмч болоод сумандаа очдог жил буюу 1973 онд анх айл болж байлаа. Бид 1970 оноос өдийг хүртэл 46 жил ханилж, жаргал зовлонгоо хуваалцсан байна. Би шинэ ажилд хуваарилагдах бүртээ эхнэр, хүүхдүүдээ орхичихоод л явдаг байсан. Гайгүй хөл дээрээ зогсоод ирэхдээ гэр бүлээ татна гэж бодсон хэрэг. Тэр хугацаанд эхнэр маань л хүүхдүүдээ өсгөж байлаа даа. Хөгшин маань ар гэрээ үнэхээр сайн авч явдаг хүн дээ” хэмээв. Хүүхдүүдээ ганцаараа яаж хардаг байсан талаар асуухад Х.Бямбасүрэн гуай “Өдөр хичээлтэй нь үсээ самнаж чадахгүй самаа бариад л хүрээд ирнэ. Ангидаа оруулж үсийг нь самнаад, сургуулийнхаа гуанзанд оруулж хоол идүүлчихээд л хичээлд нь оруулна. Хичээл тарсан хойно шалгалт авсан дэвтрээ засангаа хүүхдүүдээ хүлээж байгаад тарахаар нь гэр рүүгээ хамт явдаг байсан. Ээж маань тэр үед аймагт байсан болохоор их тус болдог байсан л даа” гээд инээмсэглэв.

О.Бямбаа гуай нутагтаа 20-иод жил ажиллаад байтал хотод дүү дээр нь байсан ээжийнх нь бие муудсан гэх мэдээ ирж ээжийгээ сахихаар хот явжээ. Ээжийгээ сахиж байхад нь Эрүүлийг хамгаалахын яамны газрын дарга, УИХ-ын гишүүн Г.Зуунай Монголын анагаах ухааны хүрээлэнгийн эдийн засгийн секторт ажиллах санал тавьжээ. Түүний дээд төгсөлт учраас танихаар барахгүй хөдөө сайн ажиллаж байсан гэж дуулаад О.Бямбаагаар анагаах ухааны эдийн засаг судлуулах гэж буй хэрэг. Тэгээд анагаах ухааны хүрээлэнд Г.Зуунайгийн удирдлага дор судалгаа шинжилгээний ажил хийж байжээ. Налайх хотын эрүүлийг хамгаалах хэлтэст даргаар ажиллуулах саналыг Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газраас тавьж, Налайх хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга С.Лхагвасүрэн орон сууц өгье гэснээр амьдралын шаардлагаар уг саналыг хүлээн авчээ. Гэтэл ардчилсан зарчмаар эмнэлгийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад өрсөлдөх болж нутгийн зургаан хүнээс 77.5 хувийн саналаар хол түрүүлж Налайх дүүргийн эмнэлгийн хэлтэст ажиллаж эхэлсэн байна. Төд удалгүй О.Бямбаа Ховд аймгаас гэр бүлээ татаж Налайх дүүрэгт ам бүлээрээ амьдрах болсон аж. Тэрээр “Налайхад ажиллаж эхэлснээс жилийн дараа намайг Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ-ын Москвагийн курсэд явуулсан. Монголын эрүүлийг хамгаалахын салбарын удирдлагыг нэг жилээр бэлтгэдэг том курс л дээ. Тэнд сурч ирээд Налайхад зургаан жил ажилласан даа” хэмээн дурслаа.

Хууч хөөрч байх зуур гэргий Х.Бямбасүрэн “Хүүхдүүд ирэх гэнэ. Байшингаа галлаадахъя” гэв. Бид ч байшинг нь сонирхохоор хамт гарлаа. Хоёр давхар байшинд угаалгын өрөө бэлдсэн ч хараахан худагтайгаа холбоогүй байгаа аж. О.Бямбаа гуай “Худагтаа холбоод цахилгаантай болчихвол ч хотын байшингаас ялгаагүй болох гээд байгаа юм” хэмээв. Байшингийн үүдээр ороход гал тогооны өрөө байв. Цаана нь байх зочны өрөөний хойморт гэр бүлийн зургаа өлгөсөн харагдав. О.Бямбаа “Хотын гэрт Ерөнхийлөгчөөс шагнал авсан зураг минь өлгөөтэй байгаа. Бас зургийн альбом ч бий” гэж байна. Шатны хажууханд хоёр хөгшний унтлагын өрөө байв. Харин хоёр давхар нь том цэлгэр талбайтай бөгөөд тэндээ хүүхдүүд нь ороо засч унтдаг гэнэ. Саруулхан цонхоор гадагшаа харвал уул, ус, мод гээд байгалийн үзэсгэлэн тогтсон сайхан газар юм. Энэ тагтан дээр ач, зээ нар нь ирж шалгалтдаа бэлддэг гэсэн. Байшингаас гарч зуны гал тогоог нь сонирхлоо. Х.Бямбасүрэн гуай хоёр арвын бидоноор тараг бүрчихэж. Мөн ааруул хийгээд хатаахаар тавьчихсан байв. Танайх үхэртэй юм уу гэж асуухад тэрээр “Зуслангийн энэ хавьд байдаг үхэртэй айлаас очиж сүү авдаг юм. Түүгээрээ цагаан идээ хийчихээр ач, зээ нар маань дуртай идээд зүгээр байдаг юм” гэв.

Жимсний бутаа янзалж суугаа О.Бямбаа гуайгаас та Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд ажиллаж байсан байх аа. Хэзээнээс ажилласан юм бэ гэж асуухад “Налайхаас ирээд Эрүүл мэндийн улсын хяналтын албанд ахлах байцаагчаар дөрвөн жил ажилласан. Тэрний өмнө Налайхад ажиллаж байхад 1996 болон 2000 онд эрүүлийг хамгаалах яаманд ажилд авъя гэсэн. Гэтэл 2001 онд Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч даргаар ажилд авъя гэж санал тавилаа. Яаманд очвол бодлогын ажил, нийслэлд очвол мэргэжлийн ажил хийнэ. Тэгээд Ц.Ганхүү даргын саналыг хүлээн авч орлогчоор нь дөрвөн жил ажилласан юм. Дараа нь 2004 оноос Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн даргаар есөн жил ажиллаад тэтгэвэртээ гарсан даа” хэмээв. Тухайн үед гэр нь Улаанбаатар хотод нүүгээд ирчихсэн 11 дүгээр хороололд амьдардаг байж. Тиймээс Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд ажлын байр гарч тийшээ шилжсэн аж. Тус эмнэлэгт зургаан жил ажиллаад жаран настайдаа тэтгэвэрт гарах төлөвлөгөөтэй байсан ч дүүрэг, нийслэлээс гаргахгүй байжээ. Ингээд ахиж гурван жил ажиллаад 2012 онд 63 настайдаа тэтгэвэртээ гарчээ. Тэрээр “Тэтгэвэрт гараад удаагүй байхад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Даш-Яндаг намайг хамт ажиллая гээд дуудсан. Б.Даш-Яндаг дарга дээр очоод компанийн бодлогод оролцоод явж байтал намайг ерөнхий эмчээр томилсон юм. Ийм байдлаар Б.Даш-Яндаг даргын эмнэлэгт дөрвөн жил ажилласан. Хамт олонтойгоо гар нийлж, сайхан ажиллаж байгаад энэ хавар 67 насандаа тэтгэвэрт гарчихсан байгаа нь энэ дээ” гээд ажил хийхгүй гэрт сууна гэдэг хэцүүхэн л байна. Ямар сайндаа л мод бут, жимс ногоогоор оролдохов гэж байлаа. Та насаараа дарга хийсэн хүн юм аа даа гэхэд манай дунд хүү Цогтбаатар ямар сайндаа “Намайг төрөхөд л миний аав дарга байсан, одоо ч дарга хэвээрээ” гэж ярьдаг байсан хэмээв. Мөн тэрээр “Энэ хавар Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан болоод Монголын эрүүл мэндийн байгууллагад 50 шахам жил би юу хийв гэж бодоход салбарынхаа бүхий л түвшинд ажиллаж, хийсэн ажилтай, хэлэх үгтэй байжээ” гэж бахархангуй дурсан сууна. Ажиллаж байсан газартаа хийж бүтээсэн бодитой ажлууд маань үлдсэн дээ гэсээр “Би сайхан амьдралын үндэс суурийг хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, боловсруулах гэж боддог хүн” хэмээсэн нь бид сайхан амьдарч байна гэж хэлж байгаа мэт санагдав. Учир нь эднийх таван хүүхэдтэй. Гурван хүү, хоёр охинтой. Бүгд салбартаа хийж бүтээсэн зүйлтэй, ид хөдөлмөрлөж байгаа залуус. Том хүүг нь Цагаанбаатар гэдэг. “Таван цагираг” сонины спортын сэтгүүлч гэдгээр нь хүмүүс андахгүй. О.Бямбаа гуай “Том хүүг их сургуулиа төгсөж байхад М.Зулкафиль багш намайг дуудаж уулзаад миний хүүг сургуульдаа багшаар үлдээх саналтай байгаагаа хэлж байлаа. МУИС гээд нэр хүндтэй сургуулийг онц дүнтэй төгсөж, бас багшлах санал авахад нь үнэхээр их баярлаж байсан. Гэтэл хүү маань багшлах дургүй, сэтгүүлчээрээ ажиллана гээд сэтгүүлч болсон. Би багшлуулах сонирхолтой байсан ч хүүгийнхээ хүсэл тэмүүллийг дэмжсэн юм. Тэр нь одоо зөв байж дээ гэж боддог. Хүү маань одоо Монголын триатлоны холбооны үүсгэн байгуулагч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч гэх албан тушаалтай ажиллаж байгаа” хэмээн бахархангуй ярилаа.

Эдний таван хүүхэд тавуулаа магистр хамгаалсан бөгөөд хоёр хүүхэд нь доктор хамгаалсан юм байна. Хоёр дахь охин болох Цэнгэллхам. Тэрээр Вьетнам улсад бакалавр, Монгол Улсад магистр, доктор хамгаалсан бөгөөд одоо Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнд судлаач эрдэмтэн хийдэг аж. Нөгөө доктор нь гурав дахь хүү Цогтбаатар аж. Тэрээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлаар ажилладаг. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн тэрээр Анагаах ухааны их сургуульд бакалавр, Америк улсад магистр, Канад улсад докторын зэрэг хамгаалсан аж. “Би өөрөө эрдэмтэн болох сонирхолтой байсан юм. Миний хүүхдүүд хүсэл мөрөөдлийг маань гүйцээж байна даа” хэмээн О.Бямбаа гуай хэлэв. Түүний бага охин, хүү хоёр нь ихэр аж. Баярлхам, Отгонбаатар хоёр хоёулаа МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгсөөд охин нь Токиогийн их сургуулийн магистр, хүү нь Нийгатад Японы олон улсын харилцааны их сургуульд магистраар суралцжээ. Хүү Отгонбаатар нь Гадаад харилцааны яаманд ажлынхаа хажуугаар мөн Японы Васедагийн их сургуульд докторантурт сурч байгаа гэнэ. Бага охин Баярлхам нь аав, ээж хоёр дээрээ ирчихсэн амарч байв. Баярлхам МУИС-ийн Олон улсын харилцааны бакалавр, Токиогийн их сургуулийн магистр, Люксембургийн их сургуулийн магистр хамгаалчихаад нутагтаа ирээд удаагүй байгаа гэнэ. Ээж Х.Бямбасүрэн “Охин маань саяхан төгсөөд ирчихсэн учраас би жаахан амраад ав гээд байгаа юм” гэж ярих зуураа охиныхоо толгойг илж үнэрлэж харагдлаа.

Бүх хүүхдэдээ номын дуу сонсгох гэж их л ухаан зарцуулсан байх даа гэж асуухад О.Бямбаа “Том ах нь дүү нараа чиглүүлдэг юм. Манай хүүхдүүд өөрсдөө шалгалтаа өгөөд гадаад явах тэтгэлэгт тэнцээд суралцсан. Аав, ээжээсээ мөнгө авахгүй биеэ даагаад зэрэг цолоо хамгаалаад ирсэн дээ. Хичээнгүй байдагт нь хүүхдүүдээрээ бахархаж явдаг. Миний амьдралын хамгийн чухал эрхэмлэдэг зүйл бол миний ээж, үр хүүхэд, хань, ач, зээ нар маань. Тиймээс ингэж сайхан амьдруулсан ээждээ би баярладаг. Одоо ч тэнгэрээс харж байгаа ээждээ хүү нь гялалзаж явна гэж өдөр болгон хэлдэг юм” гэлээ.

О.Бямбаа, Х.Бямбасүрэн хоёр 1990 оны сүүлээс эхлээд хүүхдүүдийнхээ амжилт бүтээлийг шинэ оны зааг дээр урамшуулдаг болсон байна. Мөн аливаа тэмдэглэлт баяр болоход заавал ширээ засан гэр бүлээрээ тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Хүүхдүүд нь тэр оны гэр бүлийн шилдэг болохын тулд хичээл номондоо мэрийн суралцдаг байна. Аав маань биднийг үнэхээр сайхан урамшуулдаг юм гэж бага охин Баярлхам ярив. Эднийх одоо таван ач, нэг зээтэй юм байна. 2006 оноос эхлэн гэр бүлийн оны шилдэгтээ өргөмжлөл, ном бэлэглэдэг болжээ. Хоёр буурал маань одоо ач зээ нарынхаа амжилтыг урамшуулж, ахиулахын төлөө энэ аргаа хэрэглэдэг гэнэ. Ийм л гэгээлэг, оюунлаг гэр бүлд хагас өдөр саатаж хууч хөөрлөө. Улаанбаатар хот руу хөдлөхөөр унаандаа суухад хоёр хөгшин ажлын амжилт хүсч, ирж байгаарай гэсээр биднийг үдсэн юм.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *