БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд нийтдээ Монгол Улсын 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн програм хангамжийг нийлүүлнэ.
Уг төсөл хэрэгжсэнээр салбарын мэдээллийн тоног төхөөрөмж бүрэн шинэчлэгдэж, үйлчлүүлэгчдийн хүлээгдлээс үүдэлтэй бухимдал арилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, хүртээмжтэй үзүүлэх нөхцөл бүрдэх аж.
Энэхүү төслийг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /ЭХЭМҮТ/-д хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2015 оны 12 дугаар сараас нийт 437 компьютер, 25 хэвлэх төхөөрөмж, 40 гаруй сүлжээний хуваарилагч төхөөрөмж, 2 сервер компьютер, 400 цахилгаан баригч, 1 IP PBX дотуур холбоо, дизель цахилгаан үүсгэвэр гэх мэт нийт 23 нэр төрлийн 1,017 ширхэг тоног төхөөрөмжийн угсралт, шинэчлэлийг тасаг, нэгжүүдэд хийжээ.2017 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс цахим эрүүл мэндийн “e-Health” програм хангамжийн боловсруулалт, нэвтрүүлэлтийг хариуцан ажиллаж буй “Метронэтворкс” ХХК нь ЭХЭМҮТ-д ажиллаж эхэлжээ.
Хоёр долоо хоногийн хугацаанд тус төвийн товлолт цаг олголт, хүүхдийн ба эх барих, эмэгтэйчүүдийн амбулаторийн үзлэг, үйл онош, лабораторийн хэсгүүдэд амжилттай суурилуулснаар амбулаторийн үзлэг, эмчилгээний үйл явцыг түргэсгэж үйлчлүүлэгчдээс талархал хүртэж эхлээд байна. Ийнхүү ЭХЭМҮТ мэдээллийн цахимжилтын системд энэ тавдугаар сард бүрэн шилжихээр ажиллаж байгаа аж.