Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд,
Хамтран ажилладаг олон улсын байгууллагын төлөөлөгчид,
Эрхэм хүндэт зочид оо!
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөн эхэлж байна.
Энэхүү зөвлөгөөнөөр та бид 2017 онд хүн амын эрүүл мэндийг дэмжин, хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, олсон ололт, алдаа дутагдал, 2018 онд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөө, түлхүү анхаарч ажиллах чиглэлийн талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцохоор хуран цуглаад байна.
1. Эхлээд 2017 онд хийж гүйцэтгэсэн гол гол ажлуудын талаар тоймлон мэдээлье.
Өнгөрсөн онд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбар амжилттай ажилласныг тэмдэглэн хэлье.
2017 онд хэд хэдэн хуулийн төсөл УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн үйл ажиллагааг сэргээлээ.
Хүн амын дунд зонхилж улмаар нас баралтын гол шалтгаан болсон элэгний хорт хавдар, элэгний хатуурал үүсгэж буй В, С вирусын халдварын илрүүлэг шинжилгээний эхний шатны үйл ажиллагааг зохион байгууллаа. Үзлэгт 40-65 насны 353 мянган иргэн хамрагдлаа. Түүнээс 31088 иргэнд хепатитын В вирус, 58545 иргэнд хепатитын С вирусын халдвар илрүүлжээ. С вирусын халдварын эсрэг эмчилгээнд нийт 20 гаруй мянган хүн орлоо. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн эхний шатны үйл ажиллагаанд 16.2 тэрбум төгрөг эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд зарцууллаа. Ирэх 2018 онд дээрх насны бүлгийн үлдсэн иргэд болон 2-р шатанд хамрагдах 15-39 насны 1.2 сая иргэнд үзлэг шинжилгээ хийнэ. Энэ ажилд та бүхэн хуримтлуулсан туршлага, сургамж дээрээ суурилан мэргэжлийн өндөр түвшинд ажиллана гэдэгт итгэж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилгоо баталж “Хэнийг ч орхигдуулахгүй байх зарчим”-ыг барьж ажиллах уриа дэвшүүлээд 2 жил болж байна. Энэ хүрээнд өнгөрсөн онд гемодиализын тусламж, үйлчилгээг төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд иргэддээ хамтран үзүүлж төлбөрийг нь төрөөс 100 хувь санхүүжүүлдэг боллоо. Энэ эмчилгээнд өнөөдрийн байдлаар 670 гаруй хүн хамрагдаж байна. Цусны хорт хавдрын эмчилгээний эмийг 100 хувь улсын төсвөөс, томуу, томуу төст өвчний үед 5 хүртэлх насны хүүхдэд хэрэглэх эмийг эрүүл мэндийн даатгалаас хариуцаж, хепатитийн В, С вирусыг эмчлэх эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож байна. Гадаад улсад явж эмчлүүлдэг байсан мэдрэл, зүрх судасны мэс засал, хавдар, эх барих, эмэгтэйчүүд, үргүйдлийн чиглэлээрх 7 өвчнийг эх орондоо бүрэн оношилж, эмчлэх боломжтой боллоо.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулан мобайл технологийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Говь-Алтай, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Увс аймгийн зарим сумын эрүүл мэндийн төв, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвд нэвтрүүлж нийт 54 мянган иргэнийг үзлэг шинжилгээнд хамрууллаа.
ДЭМБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын шалгуур үзүүлэлтээр манай улс “Тусламж, үйлчилгээнд бүх нийтийн хамралтын индекс”-ээр 63.1 хувьтай байна. Нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ тухайлбал, нөхөн үржихүй, эх хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ 81.5, халдварт өвчин 40.9, халдварт бус өвчин 53.6, тусламж, үйлчилгээний чадавхийн хувьд 88.4 хувьтай байгаа урьдчилсан дүн гарсан байна. Бид эдгээр үзүүлэлтийг цаашид 100 хувьд хүргэж ажиллах үүрэгтэй.
2017 оны төсөвт тодотгол хийж урсгал төсвийг 15.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсний үр дүнд эрүүл мэндийн байгууллагуудад хуримтлагдсан өр төлбөрийг тэглэж, шинэ онд өрийн дарамтгүй ажиллах боломж бүрдүүлсэн. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт нэмэгдэж байгаа ч эмнэлгийн байгууллагуудад өр авлага үүсэх явдал буурахгүй байна. Аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлгийн хувьд эмийн зарцуулалтад тавих хяналт сул, ижил үйлчилгээтэй эмийг давхардуулан бичих, нэг өвчтөнд олон эм, тариа хэрэглэх, эмчилгээний үр дүнг үнэлэхгүй эм олгож байгаа зэрэг нь эмийн өр үүсгэх үндэслэл болж байгааг хяналт шинжилгээ,аудитын газрын дүгнэлт тогтоосныг анхаарна уу.
2017 онд Улсын төсвийн хөрөнгөөр шилжих 19 барилгын санхүүжилт хийгдэж 9 барилга ашиглалтад оруулж, 93 их засварын ажлыг дуусгалаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 225 автомашин эрүүл мэндийн байгууллагуудад олгожээ.
2. Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтийн талаар
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үр дүнг нэг талаас үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн байдал, өвчний эдгэрэлтийн үр дүн, тусламж, үйлчилгээний аюулгүй, эрсдэлгүй байдал, санхүүгийн дарамтгүй тусламж үйлчилгээ, нөгөө талаас эрүүл мэндийн байгууллага нь санхүүгийн үр ашигтай, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажил хөдөлмөрийн үнэлэмж нь бодитой байх тэрхүү шалгуур үзүүлэлтээр хэмжих нь дэлхий нийтийн жишиг юм. Энэ үйл ажиллагааг хослуулж тэнцвэртэй байдлыг хангаж чадаж буй эсэхээр удирдах ажилтан та биднийг үнэлж дүгнэж болно. Тухайн улс орны эрүүл мэндийн салбарын хөгжил, хариуцлага, хүний нөөцийн чадварыг эх, хүүхдийн эндэгдлийн үзүүлэлт харуулдаг.
2017 онд улсын хэмжээнд эхийн эндэгдлийн 20 тохиолдол /Баян-Өлгий, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймаг болон Улаанбаатар/ бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 26.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 21.7 пунктээр буурсан үзүүлэлт юм. Хэдийгээр эхийн эндэгдлийн тохиолдол буурсан ч энэ чиглэлд анхаарах шаардлагатайг дээрх тоо баримт харуулж байна. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол жил бүр нэмэгдэх хандлагатай байгаад та бид онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй. Энэхүү үзүүлэлт нь жирэмсний хяналтын чанар хангалтгүй байгааг илэрхийлэхийн сацуу хүн амын дунд БЗДХ-ын тархалт өндөр байгааг ч мөн харуулж байна. Жирэмсэн эхийн хяналтыг эрс сайжруулснаар төрөлхийн тэмбүүгийн тохиолдлоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтойг судалгаа шинжилгээний дүн илтгэдэг.
Нэг хүртэлх насны хүүхдийн 1009, тав хүртэлх насны хүүхдийн 1244 эндэгдлийн тохиолдол бүртгэгдэж, эндэгдэл өмнөх онтой харьцуулахад буурсан ч /Архангай, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд Хөвсгөл, Хэнтий/ зэрэг зарим аймагт улс, аймгийн дунджаас өндөр байна. Хүүхдийн эндэгдлийн хувьд сэргийлж болох, тухайлбал, осол гэмтлээс үүдэлтэй эндэгдлийг эрс бууруулах боломжтойг судалгааны дүн харуулсан байдаг. Жилд 500 гаруй бяцхан үрсээ зөвхөн автомашины ослоор алдаж байгаа гашуун мэдээлэл байна. Осол гэмтлээс сэргийлэх чиглэлд эцэг, эхийн оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааг ханган ажиллах нь чухал. Үүнд та бидний манлайлал, идэвхи зүтгэл ихээхэн чухал болохыг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна.
1990-ээд оныг хүртэл нийгмийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дийлэнх нь халдварт өвчний гаралтыг бууруулахад чиглэж байжээ.Тэгвэл өнөө үед нас баралтын 70 хувь нь халдварт бус өвчний шалтгаантай байна. ДЭМБ, олон улсын хамтарсан экспертүүдийн манай улсад хийсэн судалгаагаар 40-65 насны 700 гаруй мянган иргэн байгаагийн талаас илүү нь архи тамхины хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр даралт ихсэх, зүрх судас, чихрийн шижин зэрэг өвчинд нэрвэгдэж эрүүл мэндийн хувьд эрсдэлд орох магадлалтай байгаад одооноос анхаарч урьдчилан сэргийлэх шаардлага тулгарч байна.
2017 онд хүн амын нас баралтын 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэний 20 орчим хувийг харьцангуй сэргийлж болох нас баралт эзэлж байна. Эрүүл мэндийн 2017 оны статистик мэдээллээр хүн амын дунд артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижинг илрүүлэх үзлэг 60-70 орчим хувь байгаа хэдий ч урьдчилан сэргийлэх үзлэг 30 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. /Говь-Алтай, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймагт энэхүү үзүүлэлт доогуур байна/.
2017 онд 28 төрлийн 44300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдлээ. 2016 онтой харьцуулахад энэ тоо 20 шахам мянгаар буурчээ. Улаан-бурхан өвчний дэгдэлт буурсантай холбоотой халдварт өвчин ийнхүү буурсан ч цусан суулга, рикетсиоз буюу хачиг, шавьжаар дамжсан халдвар, салхин цэцэг, тэмбүүгийн тохиолдол нэмэгдсэн байна.
Халдварт өвчний дунд БЗДХ, Сүрьеэгийн өвчлөл харьцангуй өндөр байна. Ялангуяа өвчлөл 20-35 насны залуучуудын дунд өндөр байгаа нь энэ өвчний талаарх ойлголт, сургалт, мэдээлэл, нөлөөллийн ажлыг идэвхжүүлэх, залууст хүрэх тэрхүү арга барилаар зохион байгуулах,сургагч багш бэлтгэх, үе тэнгийн залуусын манлайлал, үлгэр дууриаллаар дамжуулан хийх нь зүйтэй. БЗДХалдвар нийт халдварт өвчинд 40 гаруй хувийг эзэлж байгаад дорвитой арга хэмжээ авч ажиллах ёстой.
3. 2018 онд дэвшүүлж буй зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ
2018 онд “Эрүүл мэндийн даатгалыг-иргэн бүрт” уриа дэвшүүлэн ажиллана. Энэхүү уриа нь Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, бусад баримт бичиг, тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа юм. Ингэхдээ хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хувь хүн төдийгүй бусад салбарын оролцоо хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, үйл ажиллагаагаа уялдуулж байж бид үр дүнд хүрнэ. Энэ зөвлөмжийг ДЭМБ улс орнуудад хандан өгч байгаа. Нийгмийн эрүүл мэндийн асуудал зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал бус бүх нийтийн хэрэг боллоо. Тиймээс орон нутгийн засаг захиргаа, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт,дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын байгууллагатай хамтран ажиллахад манлайлалтай оролцохыг та бүхэндээ уриалж байна. Цөөнгүй аймаг, орон нутагт энэхүү ажиллагаа биеллээ олж байгааг хэлэхэд таатай байна.
Хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийг авч үзвэл хувь хүний амьдралын хэвшил, зан үйлээс 55-60 хувь нь, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг бусад салбар, орон нутгийн засаг захиргаа, нутгийн удирдах байгууллагын үйл ажиллагаанаас 25 хувь нь, эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн ажилтнаас 10-15 хувь нь, төрөлхийн болон удамшлын хүчин зүйлээс 5 хувь нь шалтгаалдаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага судлан тогтоосон байдаг. Иймд хүн бүр өөрийн болон гэр бүлийн гишүүдээ, ажил олгогч бүр “үнэт капитал” болсон хүнээ, орон нутгийн удирдлагууд орон гэргүй, ядуу, эмзэг бүлгийн иргэдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулж, Дэлхий дахины Тогтвортой хөгжлийн зорилт болох “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлэн ажиллахыг Эрүүл мэндийн яам ч та бүхэндээ уриалж байгаа юм.
Эн тэргүүнд анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, ард иргэдэд ойртуулах шаардлагатай. Энэ хүрээнд 2018 онд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн багцыг өргөжүүлж өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлж,төсөв, эрүүл мэндийн даатгалаас хослуулан олгож өрсөлдөөн бий болгохын зэрэгцээ өрхийн эрүүл мэндийн төвтэй хийж буй гэрээний шалгуур үзүүлэлт, хяналт механизмыг илүү сайжруулан ажиллана.
Энэ онд Эрүүл мэндийн салбар 5 гол үйл ажиллагаанд анхаарна. Үүнд:
- Монгол улсын бүх иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагааг орон даяар эхлүүлнэ.
- “Эрүүл шүд – эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Дуусаагүй барилгуудын үйл ажиллагааг сэргээж улмаар шат дараатай ашиглалтад оруулна.
- Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг хөдөлгөж, үр ашгийг дээшлүүлнэ.
- Эрүүл мэндийн улмаас иргэдэд ирэх санхүүгийн ачааллыг бууруулна.
Бодлого төлөвлөлтийн чиглэлд:
- Эмнэлгүүдийн бие даасан үйл ажиллагааг хангаж, эмч мэргэжилтнүүдийн ажил хөдөлмөрийг бодитоор үнэлэх нөхцөл бүрдүүлэн, эрүүл мэндийн салбарын төсвийн санхүүжилтийг үе шаттай нэмэгдүүлнэ.
- Нийгмийн эрүүл мэндийн боловсролын чиглэлийн үйл ажиллагааг идэвхжүүлнээ.
- Эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, гадаад, дотоодын сургалтад төрийн болон төсөл хөтөлбөрийн зардлаар хамруулна.
- Гадаадыг зорин эмчилгээнд явах тоо хэмжээг бууруулна.
- Эмийн чанар аюулгүй байдлын баталгааг хангах Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хэлэлцүүлнэ.
- Эрүүл мэндийн асуудлаар нэгдсэн өгөгдөл бүхий улсын хэмжээний нэгдсэн цахим сүлжээг бий болгож, үйл ажиллагааны санхүүжилт, бодлого төлөвлөгөөг нотолгоо, судалгаанд үндэслэж тодорхойлно.
Дээрх бодлого төлөвлөгөө, арга хэмжээг хэрхэн ажил хэрэг болгох талаар товч тоймлон хүргэе.
Урьдчилан сэргийлэх үзлэгийг явцуу байдлаар бус үзлэг оношилгооны багцыг өргөжүүлж хийхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл элэгний өвчлөлөөс гадна хүн амын дунд зонхилж буй ходоод, улаан хоолой, уушги, хөх, умайн хүзүүн хорт хавдрын эрт илрүүлгийг уламжлалт багцад нэмж оруулахаар тооцоо судалгаа хийж байна.
2016 оноос эхлэн хэрэгжсэн хурдавчилсан оношлуур, хэрэгсэл ашиглан явуулын хэлбэрээр тусламж үйлчилгээ үзүүлдэг Мобайл технологийн төслийг өргөжүүлж, алслагдсан газар нутгийн хүн амыг хамруулах зорилго тавьж байна. Энэ хүсэлтийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд маань яамандаа тавьж байгаа. Ингэснээр зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгийн үед бус шаардлагатай үед уудам нутагтаа тархан суудаг ард иргэддээ газар дээр нь анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдахгүй үзүүлэх боломжтой болно. Явуулын амбулаторийн тоноглогдсон машинаар алслагдсан аймаг орон нутгийг хангах зорилт тавин ажиллаж байна. Санхүүжилтийн асуудлыг Засгийн газар шат дараатайгаар шийдэж эхэлсэн сайхан мэдээг та бүхэндээ дуулгая.
”Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэн нэгэн бодож олсон санаа оноо бус бодит судалгаанд үндэслэсэн үйл ажиллагаа гэдгийг тэмдэглэж хэлье. Судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 5-6 настай хүүхдийн дунд 94 хувь, 12 настай хүүхдийн дунд 84 хувьтай байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн үзүүлэлт болж байна. Энэ асуудалд хайхрамжгүй хандвал эрүүл мэндийн эрсдэлтэй бүхэл бүтэн нэгэн үе бий болох суурийг тавих болно. Шүдний өвчлөл 200 гаруй өвчний эмгэг үүсгэдгийг эрдэмтэн, судлаачид тогтоосон билээ. Шүд цоорох өвчинтэй тэмцэл өрнүүлснээр хүүхдийн дунд тохиолдох чих хамар хоолойн үрэвсэлт өвчин, эрүү, нүүрний мэс заслын өвчний шууд шалтгаан болон хүүхдийн суурь өвчлөл, амьсгалын замын өвчнүүдийн дам шалтгааныг бууруулж чадна. Иймд 2018 онд бага насны хүүхдийн шүдний өвчлөлийг эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг бүр санаачлагатай ажиллана гэдэгт итгэж байна. Ийм эхлэлүүд байгаагийн нэгэнд Дорноговь аймаг орно. Засаг даргын зүгээс хүүхдийн шүдний өвчлөлд онцгой анхаарч гадаадын болон дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч шүдний цоорлыг эмчлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэж талархал илэрхийлж буйг та бүхэн маань уламжлаарай. Бусад аймгууд маань ч энэ асуудалд анхаарч байгаа гэдэгт итгэлтэй байна.Эрүүл мэндийн яам ч та бүхнийхээ санал санаачлагыг бүхий л талаар дэмжинэ. Осол гэмтлийн асуудлыг онцгойлон анхаарах шаардлагатай байгааг авто замын ослын тоо баримтад түшиглэн дээр хэлсэн. Осол гэмтлийн шалтгаанаар нас барж буй иргэдийн 14.4 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Эдгээр хүүхдийн 76.5 хувь нь түлэгдэлтийн шалтгаанаар хорвоог орхижээ. Томчуул тэр дундаа эцэг, эхийн анхаарал болгоомжгүйгээс бид бяцхан үрсээ цаг бусаар алдаж байгаад дүгнэлт хийж энэ чиглэлээр орон нутагтаа мэдээлэл, сургалт, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг өргөнөөр хийх зайлшгүй шаардлагатай байна.
Эх орны эдийн засаг хүндрэлтэй нөхцөлд байгаа хэдий ч 2018 онд эрүүл мэндийн салбарын төсвийг 12 хувь буюу 92.8 тэрбум төгрөгөөр УИХ нэмж баталлаа. Он дамжин царцаагдсан барилгыг барьж дуусгах,эх орондоо оношилж эмчлэх боломжтой болсон шинэ тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд энэ мөнгө зориулагдаж байгаа. Эмнэлгийн мэргэжилтний сургалтанд 2.5 тэрбум төгрөг, сум өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд 1.8 тэрбум төгрөг төсөвт сууж өглөө.
2018 онд ЭМЯ бүх аймгийн эрүүл мэндийн газартаа туулах чадвар сайтай автомашин олгохын зэрэгцээ, аймаг, дүүрэг бүрт хэт авиан оношилгооны аппаратыг олгохоор төлөвлөж асуудлыг эхнээс нь шийдээд явж байгааг удирдах ажилтнууддаа мэдээлье.
Одоо 100 хоногт Эрүүл мэндийн салбараас хийж хэрэгжүүлсэн зарим ажлаас та бүхэндээ товч мэдээлье.
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгууллаа.
- Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-р баталлаа.
- “ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг албан ёсоор оруулахаар шийдвэрлэлээ.
- Төв эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын нийт 2346 эмнэлгийн мэргэжилтнийг хамруулан, ажлын байрны үнэлгээг хийж дууслаа. Үнэлгээний үр дүнд “Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, хариуцлага, ажлын ачаалал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэй уялдуулан, шинэчлэх боломж бүрдлээ.
- Эрхтэн шилжүүлэх хагалгааны зардалд улсын төсвөөс 700.0 сая төгрөг батлуулж, элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэх 17 хагалгааг амжилттай хийгдлээ.
- Өрхийн эрүүл мэндийн төвд нэг иргэнд ногдох зардлын хэмжээг нэмэгдүүлэн, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталлаа. Ингэснээр 2018 оны төсөвт өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 1.9 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.
- Анхан шатны тусламж, үйлчилгээг дэмжиж Эрүүл мэндийг дэмжих сангаас өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 8 сая 50 мянган төгрөг хуваариллаа.
- 2017-2018 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, зуд, байгалийн гамшгийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шуурхай байдлыг хангах зорилгоор сумын эрүүл мэндийн төвд нийт 43 автомашин олголоо. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ.
- ЭМД-аас олгох хөнгөлөлттэй эмийг ахмад настнуудад чирэгдэлгүй хүргэх ажлыг зохион байгуулж эхэллээ.
- Хавдар судлалын үндэсний төвд сүүлийн үеийн компьютер томограф-ийн аппарат суурилуулж, тус эмнэлэг элэгний хавдартай өвчтөнд анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
- “Монгол импекс” компанитай хамтран элэгний С вирусын эмчилгээний “Ледвир” эмийн иргэдэд оногдох зардлыг тэглэлээ.
- Томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор нэмэлт ор дэлгэх, эхо болон утлагын аппарат бусад тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтнүүдийн илүү цагийн санхүүжилтийг Засгийн Газрын нөөц хөрөнгөнөөсөө гаргаж 2.4 тэрбум төгрөг шийдвэрлэлээ.
4. Эмч мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн үнэлэмжийн тухай
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой болгож, цалин, урамшууллыг нэмэгдүүлэх нь 2018 онд хийж хэрэгжүүлэх чухал ажлуудын нэг юм. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад 2017 онд 29245 хүн ажиллаж байсан бол 2018 онд 29844 болж 600 хүнээр нэмэгдсэн байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрыг онооны аргаар үнэлэх аргачлал”-ыг боловсруулан нийт 30 эрүүл мэндийн байгууллагын 2346 ажилтныг оролцуулж, 75 төлөөлөх ажлын байранд тавигдах мэргэшлийн ур чадвар, хариуцлага, ажлын ачаалал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, онцлогийг харгалзсан үнэлгээ хийлээ. Энэхүү аргачлал эмнэлгийн мэргэжилтний ажил хөдөлмөрийг бодитой үнэлэх боломж бүрдүүлнэ гэж тооцож байна. Эмнэлгийн байгууллагын санхүүжилт эрүүл мэндийн даатгал,нэмэлт үйл ажиллагааны орлого зэрэг олон эх үүсвэрээс бүрдэх боловч эн тэргүүнд эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлэх замаар цалин урамшууллыг нэмэх боломж бүрдэнэ. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтэнд дорвитой өөрчлөлт хийх байр сууриа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэг биш удаа мэдэгдээд байгаа. Бүх салбар харилцан хамааралтай, үйл ажиллагааны уялдаа холбоо чухал. Тэгж баймааж нь бид тавьсан зорилтдоо хүрнэ гэдгийг тодотгож хэлмээр байна.
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлж, 2020 он гэхэд ДНБ-ний 5 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн билээ. Зорилтын хүрээнд 2019 онд төсвийг ДНБ-ний 3.2 хувьд хүргэн 119.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тооцоо судалгааг ажлын хэсэг хийлээ.
За эдгээр арга хэмжээ ажил хэрэг болохыг бид хүлээж гар хумхиж суухгүй. Байгаа боломж нөөцөө ашиглаж орлогоо нэмэгдүүлэх чиглэлд ажиллах ёстой. Ингэж ажиллах нь салбарын зохион байгуулагчид, менежерүүд – та бидний үүрэг.
Сангийн сайдын 2017 оны 341 дүгээр тушаал гаргаж төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг эмнэлгийн байгууллагууд эх үүсвэр дутагдаж байгаа, эсхүл өр төлбөр үүссэн үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэх, байгууллагын хамт олон, ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах, байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт зарцуулах эрх 70 хувь байсныг өөрчилж 100 хувь захиран зарцуулах эрхийг төсвийн захирагч нарт өгсөн. Үүний үр дүнд 42 эрүүл мэндийн байгууллага үндсэн үйл ажиллагааны давсан орлого болох 932.8 сая төгрөгийг ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сургалтанд хамруулах зэрэгт зарцуулсан байна. Амралтын өдрүүдэд төлбөртэй үзлэг, тусламж, үйлчилгээ үзүүлэх, байгуулан хамт олонд урьдчилан сэргийлэх үзлэг хийх зэргээр орлогоо нэмэгдүүлж, тэрхүү орлогоо бүрэн зарцуулах эрх байгууллага, хамт олонд бий болсон.
Монгол Улсын Засгийн газар ОУВСантай хэлэлцээрт орж энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн цалин нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. ОУВСангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр 3 жил хэрэгжих ёстой боловч манай улсын эдийн засаг өсч байгаа,төсвийн сахилга хариуцлага дээшилсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд өнгөрсөн онд нэмэгдүүлсэн 7 төрлийн татварыг өөрчилж,тэтгэврийн насыг өмнөх хэмжээнд нь үлдээлээ. Цаашид хүүхдийн мөнгийг 60 бус бус 80 хувь авдаг болгох талаар Засгийн газар ажиллаж эхлэхээр болж байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудынхаа ажил хөдөлмөрийг бодитой үнэлэх боломжийг шат дараатай бүрдүүлэх бүрэн боломжтой. Үүний төлөө төрийн яам, Засгийн газар тууштай ажиллана.
Та бүхэндээ өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил, хүн амын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүд, тулгамдаж буй асуудал, 2018 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч мэдээллээ. Зөвлөгөөний явцад яамны газар, хэлтэс, агентлагийн дарга нар үүрэг чиглэлийнхээ дагуу салбарын үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй танилцуулж та бүхнийхээ санал санаачлагыг бодлого, төлөвлөгөөндөө тусган ажиллах болноо.
Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах, Монгол хүний дундаж наслалтыг уртасгах ариун гэгээн үйлсэд эрүүл мэндийн салбарын уураг тархи, удирдан чиглүүлэгч болсон Та бүхний идэвх зүтгэл, хүчин чармайлт чухал гэдгийг илтгэлийнхээ төгсгөлд онцлон тэмдэглэе. Үйл ажиллагаандаа бусад салбар, иргэд, олон нийтийн оролцоог хангаж, менежмент, манлайллаар нэгтгэн зангидах удирдах ажилтан таны ур чадвараас эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил ихээхэн хамаарна.
Та бидний хамтын ажиллагааны үр дүнд хүн арддаа үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ улам чанартай, шуурхай, хүртээмжтэй болох нь эргэлзээгүй ээ.
Зөвлөгөөний ажиллагаанд амжилт хүсье.