УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.05.23/ хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байна хэмээн заасан бөгөөд Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд:
-Засгийн газрыг төлөөлж санхүү, төсвийн, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүн;
-даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурван хүн,
-ажил олгогчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурван хүн ажиллахаар хуульчилсан юм.
Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилохоор хуульд заасан билээ.
Үүний дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар тусгажээ.
Даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын зөвлөх Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх Европын холбооны төслийн Эрүүл мэндийн эдийн засгийн бодлогын шинжээч Ц.Цолмонгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нарыг нэр дэвшүүлсэн байна.
Харин Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Ц.Ганхүү, “Макро эдийн засаг ба эрүүл мэнд” ТББ-ын тэргүүн Д.Чимэгдагва нарыг ажиллуулахаар талууд санал болгожээ.
УИХ-ын тогтоолын төсөлд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Зөвлөлийн дэд даргаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын зөвлөх Д.Дэмбэрэлийг томилохоор тусгасан аж.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Чинзориг, М.Билэгт нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо иргэн хүнд ашигтай, хүртээмжтэй биш байна гэсэн шүүмжлэл байнга гардаг гээд энэ тогтолцоог өөрчлөх ямар ажлуудыг хийх вэ хэмээн тодруулсан.
Нэр дэвшигч Д.Дэмбэрэл, 2016 онд УИХ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн баталж, эрүүл мэндийн даатгалыг бие даасан тогтолцоотой байхаар хуульчилсан хэмээгээд Үндэсний зөвлөлийн түвшинд энэхүү даатгалыг хамгийн үр ашигтай ажиллуулахын төлөө ажиллана гэлээ. Тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын санг даатгуулагчдад ашигтайгаар зүй зохистой ашиглан, улс төржилтгүйгээр биеэ даан тогтвортой ажиллах тогтолцоог бүрдүүлж ажиллана гэж хэлсэн.
Нэр дэвшигчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлж чадаж байгаа эмнэлгүүдэд даатгалын мөнгийг шилжүүлдэг болох, даатгуулагчид эрүүл мэндийн байгууллагын ажлыг үнэлж дүгнэдэг болгохын төлөө ажиллахаа илэрхийлсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх хоёр чухал хуулийг өнгөрсөн УИХ-аар баталсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа. Тиймээс Байнгын хорооны тогтоолыг баталж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газарт үүрэг болгосон гэлээ. Тэрбээр, Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг түргэсгэх үүрэг Зөвлөлийн гишүүдэд ногдож байгааг дурдаад Эрүүл мэндийн даатгал төлж байгаа атлаа тусламж үйлчилгээний мөнгийг иргэд халааснаасаа гаргадаг гажиг тогтолцоог цаг алдалгүй засч ажиллахыг хүслээ.
Дээрх тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.