Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр боллоо.

Банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн зээлд хамрагдах зээлдэгч нарт үзүүлэх хүүгийн хөнгөлөлтийн зардлыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар олгох, 2022-2024 онд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхаар болов. “Зээлийн батлан даалтын сан”-гийн санхүүгийн чадавхийг нэмэх зорилгоор 50 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл гаргахыг зөвшөөрөв. Өрийн хэрэгслийг Хадгаламжийн даатгалын корпорациас худалдан авч, Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр гаргасан хөрөнгийг 10 жилийн хугацаанд жил бүр тэнцүү хэмжээгээр төсөвт тусган санхүүжүүлнэ. Ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой гэрээг Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, банкууд байгуулах юм. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад инфляци өсөхгүй байх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргийлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сануулав. Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьж байгааг хэлэв.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд:

– Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл

– Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг

– Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг

– Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг

– Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг

– Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгажээ. Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшсан. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засгийн үзүүлэлт энэ онд 2019 он буюу цар тахлаас өмнө байсан хэмжээнд очно гэж тооцоолж байна.

Эхний ээлжийн вакциныг энэ сарын 22-нд авчирна

Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шатттай эхлүүлэхээр төлөвлөж байна. БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун вакцин авчрах “МИАТ” компанийн шууд нислэгийн зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Вакциныг тогтоосон хугацаанд авчрах, зориулалтын автомашинаар тээвэрлэн хадгалах байранд хүргэх, үе шаттай вакцинжуулж эхлэхийг салбарын сайд нарт даалгалаа. Мөн гудамж, талбай, тусгаарлах байр, хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Улсын нөөцөөс нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, бээлий, амны хаалт, ариутгал, халдваргүйтгэлийн бодис зэргийг хэрэгцээт газруудад өгөхөөр болов.

Он дуустал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэв

Цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүллээ. Энэ дагуу:

– Үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх

– Цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх

– Ажилтнуудын ажил, үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах

– Шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх

– Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй байх

– Олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр, хэрэгжилтийг хүргэхээс бусад зорилгоор байгууллага, хамт олноо сурталчлах, баримтат болон олон ангит кино зэргийг хийхгүй байх

– Цаасан мэндчилгээ илгээх, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэх, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй байх

– Цахилгаан, дулаан, цэвэр усны хэрэглээг 20-оос доошгүй хувь хэмнэх

– Захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхгүй байх

– Албан бичиг хэрэг хөтлөлтийг дотоод сүлжээндээ цахим хэлбэрт оруулж бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах зэргийг үүрэг болгов.

Товч мэдээ

– 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ачсан автомашиныг хил нэвтрүүлэн, хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх зарчмаар ажиллуулах болов. Мөн өдрөөс автозамын Цагааннуур, төмөр замын Эрээнцав боомтоор малын тэжээл нэвтрүүлж эхлэхийг зөвшөөрлөө.

– 2021 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийг өнгөрсөн жилийнхтэй адил буюу 6,350,895 /зургаан сая, гурван зуун тавин мянга, найман зуун ерэн тав/ төгрөг байхаар тогтов. Төлбөрийн хэмжээг нэг жилд хугацаат цэргийн алба хаагчийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар тооцдог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г танилцууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 10-ны өдөр Засгийн газраас ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г танилцуулах үйл ажиллагаанд оролцлоо.

Уг цогц төлөвлөгөөг Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Зээлийн батлан даалтын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Ипотекийн корпораци болон эрдэмтэн, судлаач, эдийн засагчдын зөвлөл, их, дээд сургууль, судалгааны байгууллагууд хамтран 14 хоногийн хугацаанд боловсруулжээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Дэлхий даяар нүүрлэж байгаа цар тахлын хүнд нөхцөл байдалд байгаа бүхий л боломжоороо хямралыг даван туулж, өрхийн орлогыг хамгаалахын төлөө УИХ, Засгийн газар хүчээ нэгтгэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 5.7 их наяд төгрөгийн санхүүгийн зардал гаргасан. Үүнээс 4.1 их наяд төгрөгийн төсвийн зардлаар эдийн засгаа дэмжих бодлого баримталсан. Цаашдаа ирэх 3 жилд эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байна. Энэ бол улсын төсвийн нэг жилийн нийт хэмжээтэй тэнцэх мөнгөн дүн юм. Тиймээс Улсын Их Хурлаас намрын чуулганаар Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Засгийн газар, Монголбанканд төсвийн тодотголуудыг хийх, хэмнэлтийн зарчимд шилжих, хуримтлуулсан мөнгөө эдийн засгаа дэмжих арга хэмжээ авах боломжийг олгосон.

Өнөөдрийн байдлаар манай улсын төсөв 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай, бизнес эрхлэгчдийн 27 хувь нь орлогогүй болсон, 68.9 мянган ажлын байр үгүй болсон. Иймээс эрсдэлийг даван гарах төлөвлөгөө боловсруулж, өнөөдөр танилцуулж байна. Социологийн судалгаагаар нийт иргэдийн 37.8 хувь халамж хавтгайрсан гэсэн дүгнэсэн байна. Бид салбар бүрд хэмнэлтийн горимд шилжин хэрэггүй зардлаасаа татгалзаж, халамжаас бүтээмж рүү шилжих шинэ цагийн шинэ амьдралын хэмнэлд орох цаг ирлээ. Улсын Их Хурлаас шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бий болгоход анхаарч ажиллаж байна. Салбар бүрд зарцуулж буй нэг төгрөг бүрийн үр өгөөжийг тооцож, эргүүлж орлого болгох механизмыг бүрдүүлэх төсвийн реформыг эхлүүлээд байна. Банкны салбарын шинэчлэл ч үүнтэй холбогдоно.

Мөн УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсгүүд мега төслүүдийг урагшлуулж, аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлээд байна. Хямралыг давахад төр, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой байна. Иймээс аливаа асуудалд академич, шинжлэх ухаанч хандаж, “Эртэч Монгол байя, Эрүүл Монгол байя, Эдийн засагч Монгол байя, Эх оронч Монгол байя” гэдгийг уриалж байна. Бүгд эв санаагаа нэгтгэж хамтын хүчээр хүнд үеийг даван гарцгаая” хэмээн онцлон тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө

Засгийн газраас өнгөрөгч хоёр долоо хоногийн хугацаанд гаргасан төлөвлөгөөгөө танилцууллаа. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ УИХ, Монголбанкныхантай хамтран ажиллажээ.

Юун түрүүнд, түрүүчийн Засгийн газрын хэрэгжүүлсэн хүүхдийн 100 мянган төгрөг олгох үйл ажиллагааг үргэлжлүүлэн 2021 онд олгох болно гэдгээ илэрхийллээ. Үүнд 1,7 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Манай улс 10 их наяд төгрөгийн төсөвтэй.

ШИНЖИЛГЭЭ БА ВАКЦИНЖУУЛАЛТ

“Нэг өрх-Нэг шинжилгээ”: Энэ үйл ажиллагааны үр дүнд тархалтыг хумиж, дахин хөл хорио тогтоохгүй байхыг хичээх, зарлах боллоо гэхэд 14-21 хоногийн өмнө мэдээлж байж зарлах төлөвлөгөөтэй.

Математик тооцоолол дээр үндэслээд харвал одоогийн хөл хорионы дараа дахиад 1-2 удаа хөл хорио тавьж болзошгүй. Гэхдээ дээр хэлсэнчлэн урьдчилж хэлнэ. Ирээдүйг илүү тодорхой болгохын тулд ажиллана.

Вакцинжуулалт: Ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байна. Бидний хувьд астразенека, пфизер вакцинуудыг оруулж ирэхийн тулд ажиллана. Монгол Улсын нутаг дэвсгэрт вакциныг хадгалах боломжийг бүрдүүлэхийн тулд хатуу хөл хорионы үед ажиллана. Нийт хүн амынхаа 60 орчим хувийг вакцинжуулахад эрсдэлээс сэргийлэх боломжтой гэдгийг ДЭМБ бидэнд анхааруулсан. Бид 60 хувийг тодорхой дарааллын дагуу хийнэ.

  1. Эрүүл мэндийн байгууллагынхан
  2. Экспортын үйл ажиллагаанд оролцогчид
  3. Өвчтэй болон ахмадууд
  4. Суурь өвчтэй иргэд

Эхний ээлжинд 300 мянган тунг оруулж ирнэ. Зарим хувийн хэвшил вакцины чиглэлээр хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн. Энэ асуудлыг нээлттэй байлгахаар ажиллана. ОХУ, БНХАУ, Энэтхэг, Япон улсуудын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлье.

ХӨЛ ХОРИОНЫ ТҮВШИНГ 4 ӨНГӨӨР ИЛЭРХИЙЛНЭ

Иргэдээс авсан ярилцлагаар УОК-ын шийдвэрүүд ойлгомжгүй байна гэсэн. Тиймээс цаашдаа 4 өнгөөр түвшинг ангилна. Аймаг, орон нутаг, хороолол, дүүргүүдэд дараах өнгийн тэмдэглэгээг хийнэ гэсэн үг.

Ногоон өнгө буюу 1-р зэрэг ногоон бүс: Сануулга өгч, мэдээлэх үе. Өвчний тархалтыг хумин тогтоосон. Ногоон бүс буюу халдваргүй газрууд гэсэн үг. Гэхдээ гадаадаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй.

Шар өнгө буюу 2-р зэрэг. АНХААРУУЛАХ. Өдөр тутмын бэлэн байдлын зэрэг. Өвчний тархалтыг зогсоож байгаа ч олон нийтийн дунд тархах эрсдэлтэй. Өдөр тутмын бэлэн байдал буюу анхааруулах өнгө. Өрхийн гишүүдийн дундах халдварын тоо өсөж байгаа. Нэг эсвэл түүнээс олон хоорондоо хамааралгүй халдвар, кластер бүртгэгдсэн.

Улбар шар өнгө буюу 3-р зэрэг: ХАТУУ АНХААРУУЛГА. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг. Нийгмийн бүлэг тодорхой хүрээлэлд халдвар тархсан. Хэд хэдэн кластерт халдвар бүртгэгдсэн.

Улаан өнгө буюу 4-р зэрэг: ШААРДАХ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг. Өвчний тархалт маш хурдтай үргэлжилж байгаа, халдвар бүх нийтийг хамарч, газар авсан.

2021 оны хоёрдугаар сарын 11-нээс 4-р зэрэгт шилжиж байна гэсэн үг.

Хэвлэл мэдээллийн хувьд төрөөс нэг хүнээр дамжиж мэдээлэл гарна. Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтарч ажиллана. Emongol цонхонд өдөр тутмын халдварын мэдэлээлэл гарна.

Шар болон ногоон өнгөд шилжвэл Нийслэл болон аймгийн онцгой комисс хэсэгчилсэн зохион байгуулалтыг хийнэ.

Улаан өнгөнд шилжсэн тохиолдолд удирдлага Шадар сайдад 100 хувь шилжинэ.

БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ВЭ?

Хөл хорио дуусангуут буюу 23-ны өдөр бизнесийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаарх шинэ дүрмийг танилцуулна. Бизнесийг шууд болон шууд бусаар харьцдаг гэж хоёр хуваана. Шууд харьцдаг гэдэгт жишээ нь үйлчилгээний байгууллага орно. Шууд бус байгууллагуудад мөн адил стандарт тавьж, ажиллах ажиллахгүйг болон хэрхэн ажиллахыг шийдвэрлэнэ. Түрүүнд нь 13-15 стандарт тавьдаг байсан нь ойлгомжгүй байсан.

Цахимыг дэмжинэ. Цахимаар ажиллах бүх бодлогыг Засгийн газар дэмжинэ. Хүргэлтийн бизнесийг Засгийн газраас онцгой дэмжинэ. Төрийн үйлчилгээг цахимжуулах үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

Хилийн тусгай бүсийг байгуулна. Гадны бизнесийн уулзалтуудыг хийж болно. Онгоцны буудлын наана тусгай зориулалтын бүс байгуулна. Үүнийг ногоон бүс байдлаар зохион байгуулна. Бичиг баримт дээр гарын үсэг зурах, нотариатаар баталгаажуулах зэргийг зохион байгуулах боловч шууд уулзалтыг дэмжихгүй.

Банкуудтай мөн цахимаар үйл ажиллагаа явуулах чиглэлд дэмжиж ажиллана. Бэлэн бус төлбөр тооцоог Засгийн газар бодлогоор дэмжиж ажиллана.

ГАДААДАД БАЙГАА ИРГЭДЭЭ ТАТАН АВНА

Гадаадад байгаа иргэдээ татан авна. Одоогоор 9135 иргэн гадаадаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн. Засгийн газар 100 хоногт багтаан 16 удаагийн нислэгээр 2560 иргэнээ татан авна. Ирсний дараа заавал 50 мянган төгрөгийн тусгаарлах байранд ор гэхгүйгээр халдвар хамгааллаа сайжруулсан зочид буудлуудад байршуулах боломжийг нээнэ. Зочид буудлуудад тусгаарлалтын бизнесийг нээж өгнө гэсэн үг. Тэгэхээр иргэд 50 мянган төгрөгийн зочид буудалд эсвэл 1000 долларын үнэтэй өрөөнд ч орох боломжийг нээнэ.

Гадагшаа зорчих зөвшөөрөлтэй, боломжтой иргэдээ зорчуулна.

Нислэгүүдийг 1-2 сарын өмнө зарлаж, шат дараатайгаар ердийн горимд шилжүүлнэ.

ЭДИЙН ЗАСАГТАЙ ХОЛБООТОЙ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ 2 ИХ НАЯДЫН АЛХМУУД

Хамгийн их хохирол амсаж буй хүмүүс бол жижиг дунд бизнес эрхлэгчид. Ажлын байрны түрээс, зээлийн хүү хоёр том дарамт болж байна. Тиймээс дараах алхмуудыг хийнэ.

Зээлийн хүүг бууруулах: Хоёр их наяд төгрөгийг 3 хувийн хүүтэй, зээлийн хугацаа 3 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нэг жил байхаар тооцож арилжааны банкуудаар дамжуулж зах зээл рүү нийлүүлэхээр боллоо.

Энэ хоёр их наяд төгрөгийг хэрхэн босгох вэ. Хармагтайн ордын ТЭЗҮ шийдэгдсэн, үүнийг алтны урьдчилгаа байдлаар Монголбанктай ярилцаж 1 их наядыг нь, Засгийн газраас Монголбанкнаас 0 хувийн хүүтэй бонд худалдаж авч, арилжааны банкуудад зээлийн баталгаа гаргаж 1 их наядыг босгоно.

Дээрх зээлийг арилжааны банкуудаар дамжуулж олгоно. Үүний тулд Төв банкны менежментийг өөрчилж дундаж орлоготой иргэдийг дэмжих хэлбэрт зохион байгуулна. Төрийн банк “Дундаж орлоготой иргэдийг дэмжих үндэсний тогтолцоо”-ны хүрээнд дээрх зээлийг олгож эхэлнэ гэсэн үг.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ 500 ТЭРБУМЫН ХӨТӨЛБӨР

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүнийг төсөв дотроо зохицуулалт хийх замаар гаргана.

Түргэвчилсэн вакум сургалтад залуусыг хамруулах 1 сая төгрөгийн хоёр сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрийг зарлана. Цахимаар ажилгүй болсон, ажлын байрны цомхотголд орсон залуусыг шат шатны ЗДТГ, и-монголиа, НХХЯ зэрэг газруудын цахимаар бүртгэнэ. Сар бүр 5000 залуусыг энэ хөтөлбөрт хамруулна. НХХЯ, БХЯ, БШУЯ хамтран ажиллана. Хагас цэрэгжсэн зохион байгуулалтад оруулж, илчлэг сайтай хоол ундаар хангаж, жолооны курс төгсөх боломжийг хангана. Аль нэгэн шаардлагатай мэргэжлээр сургана.

Төгсөхдөө нэг сая төгрөгийг гардаж, сертификат авна. Ингээд шууд хөдөлмөрийн биржид бүртгүүлж, томоохон бүтээн байгуулалтын ажилд ажиллах тэргүүн эгнээний зуучлалд орно гэсэн үг. Энэ залуусаас бүрдсэн ажлын байрыг гаргасан компаниудад татварын болон бусад урамшууллыг олгоно. Төвлөрлийг сааруулах бодлого явуулсан компаниудад урамшуулал олгоно.

ОРОН СУУЦЖУУЛАХ 3 ИХ НАЯДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Улаанбаатар хотын хэмжээнд 217 мянган өрх орон сууцны хэрэгцээгээ сайжруулах хүсэлтэй байна.

Орон сууцжуулах 3 их наядын төлөвлөгөөг эхэлнэ. Барилгын салбарт олон залуус ажилладаг. Илүү цэгцтэй төлөвлөгөөтэй амьдрахад залууст орон сууц хамгийн чухал. Тиймээс энэ хөтөлбөрт Засгийн газар онцгой анхаарал хандуулна. Үүний тулд:

  • Төрөөс газрыг үнэгүй олгоно
  • Төрөөс дэд бүтцийг бүрэн холбоно
  • Нэг маягийн нэгдсэн зурагтай байлгана
  • Ипотекийн зээлийг нийлүүлнэ

1 их наяд нь нэгдсэн зургаар орон сууц барих, газар олгох, цемент арматур төмөртэй холбоотой асуудал, дэд бүтцийг төрөөс хариуцах, орон сууцны орчмын сургууль, цэцэрлэг зэргийг төр байгуулахад зарцуулна. Засгийн газрын тавьж байгаа стандартыг хүлээн зөвшөөрч, барилгын м2-ыг буулгаж чадвал ипотекийн санхүүжилтэд бид 2 их наядыг олгоно. 30 жилийн хугацаатай сар тутам 100 тэрбумыг олгоно. Шаардлагатай бол нэмэлт санхүүжилт олгоно.

Цаашдаа 6 хувийг орон нутагт улам багасгах, хөдөө орон нутагт шилжиж очих тусам орон сууц илүү хямд болох буюу төвлөрлийг багасгах бодлого чиглэлд ажиллана.

ХОЁР ИХ НАЯДЫН ДАХИН САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Монголбанкны дахин санхүүжүүлэх репо хөтөлбөрөөр томоохон бизнесүүдэд зээлийн хүүг бууруулна. Томоохон зээлүүдээ бизнесийн хувьд дахин төлөвлөх боломжийг өгөхийн тулд 16 хувийн хүүг 10,5 хувь болгож байна. 1 их наядыг 2 их наяд болгож, хугацааг 2 жил болгож, улирал тутамд олгох санхүүжилтийг 500 тэрбумд тогтооно.

Хувийн хэвшлийг дэмжиж, эдийн засгийн царцсан эргэлтийг сэргээх хэлцлийг Монголбанктай хийж чадлаа.

Цаашдаа бодлогын хүүг шат дараалан буулгах бодлого барина. Тиймээс 10,5 хувийн хүү буурах ч боломжтой.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ 500 ТЭРБУМЫН ЗЭЭЛ

Удахгүй хаврын тариалалт эхэлнэ. Өнгөрсөн оноос хойш ковидын сөрөг нөлөөнд хамгийн бага өртсөн салбаруудын нэг нь хөдөө аж ахуйн салбар байв. Энэ салбарыг дараах зээлүүдээр дэмжих бодлого баримтална. Зээлийн хүү нь 3 хувь байна.

  • Хаврын тариалан эрхлэлтийн зээл- 100 тэрбум
  • Нооуур бэлтгэлийн зээл- 200 тэрбум
  • Малчдыг дэмжсэн зээл- 200 тэрбум
  • Өрхийн тариалан зээл – 10,5 мянган тонн хүнсний ногооны үр

СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨСЛҮҮД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *