Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахын тулд бусдад шаардлага тавьж байхыг анхаарууллаа

Бусдын үгэнд итгэж эрүүл мэнд, эд хөрөн­гөөрөө хохирохгүй байхыг албаныхан анхааруулж байна. Нийслэлийн Эрүүл мэн­дийн газраас хувиараа үйл ажиллагаа явуул­даг шүдний эмнэл­­гүү­­дэд шалгалт хий­хэд цөөнгүй нь нэг удаагийн зүүг давтан хэрэг­лэж байсан нь илэрчээ. Хэдийгээр нэг зүүг олон үйлчлүүлэгчид ашиглаагүй, тухайн хүнийг эмчлэхдээ олон хатгалтыг нэг зүүгээр хийсэн гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас тайлбарласан ч халдварт өвчин дамжих нөхцөлийг бүрдүүлж байгааг хэлсэн. Тэгэхээр эмчлүүлэхээр ороод халдварт өвчин авах магадлал байна гэсэн үг. Тиймээс үйлч­лүүлж буй эмнэлэгтээ шаардлага тавьж, зүү тариур, эм тариаг нь нэг бүрчлэн үзэж байхыг анхааруулсан.

Японоос машин хямд авахад зуучилна гэж 120 гаруй хүнээс нийтдээ 1.1 тэрбум төгрөг залилсан гэх хэргийг энэ долоо хоногт Цагдаагийн бай­гууллага шалгаж эхэлсэн. Баян­зүрх дүүргийн цаг­даагийн II хэлтэст өдөр бүр энэ хэргийн хохирогч гэх арав, хорин хүн ирж байгаа гэнэ. “Гүн бэйс”, “Алтан самурай”, “Дэлхийн тамга” нэртэй гурван компанийнхан www.negtugrug.mn сай­таар дамжуулан иргэдтэй холбогдон захиалсан машиных нь урьдчилгаа болох 6-35 сая төгрөг залилсан хэрэгт шал­гаг­даж байгаа юм. Хохи­рогчид хохирлыг нь бараг­дуулахгүй бол нийлээд өлсгөлөн зарлана гэж ярьж буй. Гэхдээ хохирогчид бус­дад мөнгөө өгөхдөө зүй ёсны шаардлага тавиа­гүй бичиг баримттай нь сайн танилцаагүй гэдэг асуудал гарч буй. Машин захиалах гэрээ байгуулсан гэх боловч тухайн компани дуудлага худалдаагаар олон машин авах санхүүгийн боломжтой эсэх, гадаа­даас гүйлгээ хийсэн гэх бичиг баримт нь үнэн эсэхийг нягтлаагүйгээс эд хөрөнгөөрөө хохирох нөхцөл бүрджээ. Дээрх гурван компанийн үйл ажиллагаа нэг, санхүүгийн хувьд тогтвортой биш, нэг хүнээс мөнгө аваад нөгөөд нь өгөх байдлаар ажил­ладаг байсан нь илэрчээ.

Дээрх хоёр хэрэг нь эрүүл мэнд, эд хөрөнгөө бусдад даатгахдаа зүй ёсны шаардлага тавьж, анхааралтай байхыг сануулж буй юм.

“ДОРГИО” БААРЫГ ХААЖ, ЗАХИРЛЫГ НЬ БАРИВЧЛАВ

Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” цэн­гээ­ний газрын үйл ажил­лагааг Нийслэлийн цаг­даагийн газраас хаа­жээ. Тус цэнгээний газар нь удаа дараа цаг хэтрүүлэн ажиллаж, цаг­даагийн алба хааг­чийн шаард­лагыг биелүүлээгүй нь ийн хаалгаа бариула­хад хүргэсэн аж. Үйл ажил­лагааг нь зогсоосноос гадна тус баарны захирал Д-д долоо хоног баривчлах захиргааны шийтгэл оногдуулжээ.

ОХИДЫГ ХӨНӨӨСӨН ГЭХ Б.ИДЭРЗАЯАД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖЛЭЭ

Баянзүрх дүүргийн IX хорооны нутагт буюу Шар хадны эцэс, “Хар хошуу” уулын овоон дээрээс хэрцгийгээр хөнөөгдсөн хоёр эмэгтэйн цогцос өнгөрсөн тавдугаар сарын 8-нд олдсон. Овоо­ны хажууд цогцос байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгуул­лагаас хэрэг үүсгэн шалгахад Б.Идэрзаяа, Э.Золбоо гэх хоёр залуу­тай хамт байсан 19, 20 настай хоёр эмэгтэйнх мөн болох нь тогтоогдсон. Улмаар уг хэрэгт Б.Идэр­заяа, Э.Золбоо нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэс уг хэргийг шалгаж дуусаад хавтаст хэргийг Дүүргийн нэгдүгээр проку­рорын газар шилжүүлжээ. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчидтой хамт байсан Э.Золбоог энэ хэрэгт холбогдолгүйг тогтоожээ. Харин Б.Идэр­заяаг хоёр буюу түүнээс дээш хүнийг санаатайгаар алсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 91.2.16-д зааснаар ял­лах санал­тайгаар про­курорт шилжүүлсэн бай­на. Б.Идэрзаяа энэ хэргийг үйлдэхээсээ өмнө танхайн хэргээр ял эдэлж байсан юм. Тодруулбал, 2012 оны тавдугаар сарын 31-ний өдөр Сонгино­хайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутагт байх “Цом” караокед үйлчлүүлж байсан Э-г зодож гэмтээсэн хэргээр нэг сар баривчлах ял эдэлсэн нэгэн.

БАРИЛГЫН ОСЛООР ДАХИН НЭГ ХҮН АМИА АЛДАВ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн II хорооны нутагт “Арвин-Очир” компанийн захиалгаар барьж байсан барилгын дөрөвдүгээр давхраас төмөр тулгуур буулгаж байсан ажилчин унаж хүнд гэмтсэн. Хохирогч Хөвсгөл аймгийн харьяат, 23 настай. Түүнийг Гэм­тэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн ч нас барсан аж. Үүнээс гадна Увс аймгийн Улаангом суманд энэ сарын 12-нд “Цагаан хөшөө трейд” ХХК-ийн барьж буй орон сууцны барилгын дөрөвдүгээр давхраас нэг хүн унаж бэртжээ. Биеийн байдал хүнд байсан тул гэмтсэн ажилчныг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд авчран эмчилж байгаа аж. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчсөн барилгын компаниудаас болж олон хүн хохирсоор байна. “Өдрийн сонин”-ы дэргэд “Астра бьюлдинг” компанийн барьж буй барилгаас өнгөрсөн лхагва гаригт хавтан унаж замаар явж байсан машины шил хагалсан. Хэрвээ тэр үед явган хүн явж байсан, эсвэл хавтангаас өөр зүйл уна­сан бол хүний амь эрсдэж мэдэхээр байлаа. Хууль бусаар барилга барьж буй компанийнхан иргэдийн амь насанд занал­хийлсээр байхад хяналт тавьдаг байгууллагууд мэдээгүй мэт байгаа нь харамсалтай.

“МОНОС”-ЫН ЭМИЙН САНЧИД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖИВ

Люминал буюу “Фено­барбитал” эмийг тун хэтрүүлэн олгосноос 16 нярайг хордуулсан гэх “Монос” эмийн сан­гийн ажилт­нуудад хол­богдох хэргийг шүүхэд шил­жүүлжээ. Тодруулбал, “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг өнгөрсөн наймдугаар сарын 8-9-нд “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар олгосноос болж 16 нярай хордож, эмч­лүүлсэн. Мөн “Монос-Улаан­баатар” компанийн лавлахын эмч Д.Жавхлантөгс нь утсаар “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэдэд мөн буруу өгснөөс хоёр нярай хордох шалт­гаан болсон гэдгийг проку­ророос тогтоожээ. Иймээс Б.Эрдэнэчимэг, Д.Жавхлантөгс нарт Эрүү­­гийн хуулийн 106.2-т заас­ны буюу үүргээ бие­лүүлээгүйгээс өвчтөнд хүнд хүндэвтэр гэм­тэл учруулсан гэх эрүү­гийн хэрэг үүсгэж шүүг­дэгчээр татсан байна. Хэрэв тэдний буруутай нь тогтоогдвол албан тушаал эрхлэх, үйл ажил­лагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *