Categories
мэдээ нийгэм

“Эрүүл хөрс – Эрүүл хүнс” аян

“Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль шинээр батлагдсанаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг өөрт хамаарах шатанд хариуцах, мэргэжлийн хяналтын байгууллага хүнсний сүлжээний бүх үе шатанд хяналт, шалгалтыг хэрэгжүүлэхдээ эрсдэлд суурилсан байх шинэ зарчим, тогтолцоонд шилжээд байгаа билээ. Энэхүү шинэ зарчим, тогтолцоонд шилжсэнээр мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг хяналтын хуудсаар гүйцэтгэх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулахад зөвлөн туслах, хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгааг тандан судлах, хянан шинжлэх замаар хүнсний зориулалтаар бэлтгэх мал, амьтан эрүүл байхаас эхлээд хэрэглэгчийн ширээ хүртэл бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Чиг үүргийнхээ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санаачлан хүнсний аюулгүй байдлыг хангуулах “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяныг орон даяар 2015 оны тавдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж байна. Сарын аяны хүрээнд мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хяналтын хуудсыг хэрэглэх талаар зөвлөн туслах, хүнсний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг тандан судлах, хянан шалгах зэрэг арга хэмжээг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулах болно.

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах нь дан ганц МХБ-ын үүрэг биш бөгөөд хүнсний тухай хууль тогтоомжид зааснаар хэрэглэгч Та ч бас өөрийн хүнсний чанар, аюулгүй байдлыг шалгаж худалдан авах үүрэгтэй байдаг. Тийм учраас аяны хугацаанд хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой аливаа зөрчил, дутагдлын талаар бидэнд хандаж шийдвэрлүүлэх боломжтой.

Иймээс иргэн, аж ахуйн нэгж Та бүхнийг манай сарын аянд нэгдэж бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *