Categories
мэдээ нийгэм

“Эрүүл иргэн-Эко хөгжил” сэдэвт төсөл энэ сарын 30-наас хэрэгжиж эхэлнэ

Нийслэлийн 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар аюулгүй бөгөөд зориулалтын унадаг дугуйн замтай, эрүүл агаарт их хотын иргэд, хүүхэд, залуусыг унадаг дугуйтай хамт амралтын өдрүүдийг өнгөрүүлэх зорилгоор  “Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ-аас  “Эрүүл иргэн-Эко хөгжил” сэдэвт төслийг хэрэгжүүлэх гэж байна. Тус хөтөлбөр нь хоёр үе шаттай. Үүнд:

1 – р үе шат. 2014 оны 8 сарын 30-наас есдүгээр сарын 28-ны өдрүүдэд дугуйн аялал, амралт, зугаалгын үйлчилгээ.

2 – р үе шат. 12 дугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 13-ны өдрүүдэд цас, мөсний баяр, өвлийн амралт, зугаалга, цанын баазын үйлчилгээ явуулах аж.

Уг хөтөлбөрийг “Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар,Монголын Залуучуудын холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын экстрес спортын холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн эхний шат наймдугаар сарын 30-наас ирэх есдүгээр сарын 28-ны өдрүүдийн долоо хоног бүрийн бямба, ням гарагт Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т болох юм байна.

Эдгээр өдрүүдэд дугуйн зориулалтын зам, аяллын маршрут, төрөл бүрийн унадаг дугуйн худалдаа, түрээсийн үйлчилгээ, дугуйн дагалдах хэрэгслийн  худалдаа, дугуй засварын үйлчилгээ, X-tream спортын талбай, гудамжны сагсан бөмбөгийн талбай, элсний волейболийн талбай, хүүхдийн хөгжөөнт тоглоомын мини парк зэрэг цэвэр агаарт амралтын өдрүүдээ өнгөрүүлэх таатай боломжийг нийслэлчүүддээ санал болгож байгаа юм.

Амралтын өдрийн дээрх үйл ажиллагаатай холбогдуулан наймдугаар сарын 30-ны бямба гарагаас есдүгээр сарын 28-ны ням гарагийг дуустал бямба, ням гарагуудад өглөө 10 цагаас 20 цаг хүртэл Улсын драмын эрдмийн театрын урдаас хоёр цаг тутамд иргэдэд автобус үнэ төлбөргүй үйлчлэх аж.

“Эрүүл иргэн-Эко хөгжил” төслийн нээлтийн ажиллагаа энэ сарын 30-ны өдөр 11 цагаас Хүй долоо худагт болох бөгөөд нээлтэнд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, МНЦ-ын дарга П.Цогтбаатар , МДХ-ны Ерөнхийлөгч Ж.Батзандан болон нийслэлийн удирдлага, хамтран зохион байгуулагч  холбоо, клубын удирдлага, гишүүд, урлаг спортын одууд  оролцох юм байна.

Та бүхэн цэвэр агаарт, зориулалтын зам талбай бүхий хүй 7 худагт хүрэлцэн ирж унадаг дугуйтай хамт амралтын өдрүүдээ өнгөрүүлж “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслөө дэмжээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *