Нийслэлд өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Эрүүл иргэн аян-2020” өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
Монгол Улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил шалтгаан нь нийтлэг, урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой халдварт бус өвчин зонхилж, үр бүтээлтэй ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныхны дунд зонхилон тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор байна. НҮБ-ын төрөлжсөн байгууллагын хамтарсан багийн 2015-2016 онд хийсэн үнэлгээгээр манай хүн амын нийт нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчлөл эзэлж байгааг тогтоожээ. Мөн Засгийн газраас хэрэгжүүлсэн Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-той тэмцэх, сэргийлэх үндэсний стратегийн хэрэгжилтийн үр дүнд халдварт өвчний тоо 2016 оноос хойш тогтмол буурч байгаа хэдий ч зарим халдварт өвчний тухайд ихсэх хандлагатай байна. Тиймээс төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын ТХЗ-2030, халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх, сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан сайжруулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлгийг тогтмол хийснээр сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулан Монгол хүний дундаж наслалтыг уртасгах үндсэн зорилтын хүрээнд ЭМЯ, НЗДТГ, НЭМГ-аас олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж байна.
Үүний нэг нь иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулснаар зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнийг эрт үед нь оношлон эмчлэн, эрүүлжүүлэх зорилготой “Эрүүл иргэн” аян юм. Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн хороод, Өрхийн эрүүл мэндийн төвд төрөлжсөн нарийн мэргэжлийн 7-8 чиглэлийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх, зөвлөгөө өгөхөөс гадна өрхийн эмч, мэргэжилтэнг ажлын байран дээр мэргэжлийн чиглэлээр сургаж буй.
Аяны хүрээнд 2020 оны гуравдугаар сараас эхлэн тавдугаар сар хүртэл нийслэлийн 173 хороо, 142 Өрхийн эрүүл мэндийн төвд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвийн эмч, мэргэжилтнүүд дүүргийн эмч нартай хамтран үзлэг, оношилгоо хийх болсноороо онцлогтой юм.
Мөн хүн амын дунд өвчлөл ихтэй зүрх судас, хавдар, хүүхэд, мэдрэл, чих хамар хоолой, нүд болон бусад чиглэлээр үзлэг, оношилгоо хийхээс гадна улсын хэмжээнд зохион байгуулж буй “Тэмбүүг устгая”, сүрьеэгийн халдварыг бууруулах, “Элэг бүтэн Монгол” ндэсний хөтөлбөрийн хүрээнд багажийн болон лабораторийн оношилгоо хийх аж.