Categories
мэдээ нийгэм

“Эрүүл элэг” хөтөлбөр нээлтээ хийлээ

“Эрүүл элэг” үндэсний арга хэмжээний нээлт өнөөдөр Эрүүл мэнд спортын яаманд боллоо. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч доктор Су Нуюнт У, Дэлхийн Хепатитын холбооны ерөнхийлөгч ноён Чарльз Гор нар оролцлоо.

Энэ үеэр “Монгол Улс дахь элэгний өвчлөлийн байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“МОНГОЛ УЛС ДАХЬ ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛИЙН БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ” ИЛТГЭЛ

Манай улс бусад улс орнуудтай харьцуулахад элэгний өвчлөл тэр дундаа хепатитийн вирүст халдварын өвчлөл, нас баралт, элэгний хорт хавдарын нас баралтаар дэлхийд өндөртэй улс орнуудын тоонд орж байна. 2014 оны эрүүл мэндийн статистик мэдээллээр хавдрын өвчлөл хүн амын нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж, түүний дотор элэгний хорт хавдараас шалтгаалсан нас баралт тэргүүлж байна. Тухайлбал, Монгол улсад 100.000 эрэгтэй хүн тутмын 121, 100.000 эмэгтэй хүн тутмын 87 нь элэгний анхдагч өмөн буюу хорт хавдраар өвчилж байна. Үүнээс үзэхэд манай улсын хувьд эрэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дундаж түвшнээс 6 дахин, эмэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдрын өвчлөл 13 дахин их байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн тоо баримт юм.

Элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт ийнхүү өндөр байгаа нь хепатитийн “В” ба “С” вирүст архаг халдвар хүн амын дунд их байгаатай шууд холбоотой юм. Олон улсын түвшинд хийгдсэн судалгаагаар элэгний хавдрын 60% нь “В” вирүст, 25% нь “С” вирүст, 3% нь хавсарсан халдвар, 12% нь архи, химийн хордлого гэх мэт шалтгаанаас үүсдэг болохыг тогтоожээ. Харин манай орны эрдэмтдийн судалгаагаар нийт хүн амын дунд хепатитийн “В”, “С” вирүст халдварын тархалт 10.7-15.6 хувьтай байгаа бөгөөд “С” вируст халдвартай хүмүүсийн 98 хувьд нь 1б генотиптэй болох нь тогтоогдсон байна.

Манай улс 1952 оноос хепатитийн вирүст халдварыг албан ёсоор бүртгэж эхэлсэн бөгөөд 1962 онд уг халдварын 28 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 331 тохиолдол байсан нь хепатитийн вирүст халдварын “дэгдэлтийн оргил үе” байсан хэмээн тооцдог. Харин 1991 оноос хепатитийн В вирүст халдварын эсрэг вакциныг нэвтрүүлснээр өвчлөлийн түвшин тогтвортой буурч байна.

ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн зорилт болох “2012 онд гэхэд 5 хүртэлх насны хүүхдийн дундах хепатитийн “В” вирүст халдварыг 2%-иас бага болгох” зорилтыг манай улс өдгөө бүрэн хангаж, нярайн үеийн хепатитийн В вирүст халдварын эсрэг вакцины хамралтыг 97.02%, нийт хамралтыг 99.28%-д хүргээд байна

Элэгний хорт хавдар 45 ба түүнээс дээш насанд илүүтэй оношлогддог хэмээн үзвэл 1991 оноос вакцинд хамрагдсан хүн ам 45 нас хүрэх үед буюу 22 жилийн дараагаас уг аюулт өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс буурч эхэлнэ гэсэн тооцоотой байна. Энэ хугацаанд вакцины хамралтын хувийг тогтмол өндөр байлгах, бүх тунг хугацаанд нь бүрэн хийлгэх, халдвар дамжих замыг зогсооход чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх нь ихээхэн чухал юм.

2012 оноос бага насны хүүхдийн дунд нийтлэг бүртгэгдэж, нийт хепатитийн вирүст өвчлөлийн дийлэнх хувийг бүрдүүлдэг байсан хепатитийн “А” вирүст халдварын эсрэг вакциныг 2011 оноос нэвтрүүлэн, үндэсний товлолд оруулснаар өвчлөлийн түвшин сүүлийн 5 жилийн дунджаар 10000 хүн ам тутамд 25 байсан бол 2013 онд 5,7 болж бараг 5 дахин буурлаа.

Харин хепатитийн “С” вирүст халдварын хувьд урьдчилан сэргийлэх тарилга хараахан гараагүй бөгөөд дэлхий дахинаа эмчилгээний хувьд өндөр идэвхи бүхий вирүсийн эсрэг үйлчилгээтэй эмийг шинээр гарган авсан нь уг халдварын тархалт, нас баралтыг бууруулахад ихээхэн чухал алхам болж байна. Иймд Монгол улс энэхүү эмчилгээний шинэ эм болох Совалди болон Харвони эмүүдийг эмчилгээнд хэрэглэх эрх зүйн орчинг бүрдүүлж, 2015 онд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгээд байна. Түүнчлэн эдгээр 2 эмийг АНУ-ын Гилейд компанийн “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад дэлхий зах зээл дэх үнээс нэн хөнгөлттэй үнээр нийлүүлэх тохиролцоонд хүрээд байна.

Тус эм энэ ондоо багтан манай улсад нийлүүлэгдэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрэх болно. Хепатитийн С тирүст халдварын эрт илрүүлэг оношилгоо эмчилгээний удирдамжийг боловсруулан баталж тус эмчилгээг гардан хэрэгжүүлэх аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, холбогдох тусгай мэргэжлийн төв, төв эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгийн эмч нарыг сургалтанд хамруулаад байна.

Мөн элэгний хорт хавдартай өвчтөнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор 2008 онд Хавдар судлалын үндэсний төвд элэг цөс нойр булчирхайн хавдрын эмгэгийг эмчлэх тасаг байгуулан, элэгний хорт хавдрын орчин үеийн мэс заслын болон ангиографи, өндөр давтамжтай долгионоор шарах эмчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

2013 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх эрхтэн шилжүүлэн суулгах төвд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийж өнөөгийн байдлаар нийт 20 өвчтөнд элэг шилжүүлэн суулгасны 2 – т нь манай үндэсний багийн мэргэжилтнүүд өөрсдийн хүчээр бие даан хийж гүйцэтгээд байна.

Эрүүл мэндийн салбарт элэгний өвчлөл болон хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулах чиглэлээр “Дархлаажуулалтын тухай хууль”, “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Вирүст хепатитай тэмцэх, сэргийлэх үндэсний стратеги”, “Хорт хавдраас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, “Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдээс гадна Эрүүл мэндийн сайдын тушаалаар 10 гаруй журам, заавар батлагдан хэрэгжиж байна.

Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа Хорт хавдраас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хорт хавдартай тэмцэх үндэсний аяныг 2011 оноос ЭМСЯ-ны харьяа Хавдар судлалын үндэсний төв, ХААН банк, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран 5 дахь жилдээ амжиллтай явуулж байна. Тус аяны хүрээнд хавдрын, ялангуяа элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнийг сургах үйл ажиллагаа тогтмол хийгдэж байна. Тус аян нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шилдэг жишээ болж байна.

Хэдийгээр хепатитийн халдвараас сэргийлэх вакцин болон эмчилгээний өндөр идэвхитэй эм эмчилгээнд нэвтэрч буй зэрэг дэвшилтэт талууд байгаа хэдий ч уг халдварын тархалтыг бүрэн төгс устгах, элэгний эмгэгийн өвчлөл, нас баралтыг бууруулах үйл ажиллагааг дан ганц эмчилгээ, оношилгооны төдий асуудлаар бус уг өвчнөөс урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, иргэд, эрүүл мэндийн ажиллагсдын дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг өргөжүүлэх, иргэд өөрсдийн эрүүл мэндэд илүү анхаарал тавьж өөрийн эрүүл мэндийн төлөө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, тухайн чиглэлээр ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын лабораторийн болон хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах асуудал бүхэлд нь цогцоор нь шийдэх асуудал чухлаар тавигдаж байна.

Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэ чиглэлээр ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн нэгдсэн зорилго, хүсэл эрмэлзлэл, хамтын хүчин чармайлт зайлшгүй чухал болохыг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Та бүхэнд амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *