Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрүүгийн хуулиас гүтгэх заалтыг хассан нь сэтгүүлчдийн олон жилийн мөрөөдөл байлаа

Их хурлын чуулганаар саяхан Эрүүгийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээсэн. Уг хуулийн төсөл дэмжигдсэнээр Эрүүгийн хуулиас гүтгэх, доромжлох гэсэн заалтууд хасагдаж Зөрчлийн тухай хуулинд тусгагдахаар болж байна. Тухайн хуулийн төслийн санаачлагч, ажлын хэсгийн ахлагч нь Х.Тэмүүжин гишүүн. Тэрээр “Эрүүгийн хуулийн хамгийн гол зүйл нь доромжлох болон гүтгэх гэмт хэргийг алга болгосонд байгаа. Үндсэндээ доромжлох, гүтгэх, танхайрах гэсэн гурван төрлийн социалист гэмт хэргийг алга болгож чадлаа. Доромжлох гэдэг бол хувь хүнээс ирсэн гомдол байдаг тул иргэний журмаараа шийднэ. Гүтгэхтэй холбоотой асуудлыг гурав хувааж байна. Ердийн гүтгэх нь Зөрчлийн хуулиараа шийдэгдээд явна. Судалгаанаас харахад ердийн гүтгэхийн дийлэнх нь сэтгүүлчид рүү, эсвэл хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хэрэгсэл болдог юм байна” гэж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн.

Сэтгүүлч бусдыг гүтгэсэн бол Эрүүгийн хуулиар таван жилийн хугацаатай хорих ялаар шийтгэх хуулийн хатуу заалттай байв. Үүнийг Зөрчлийн тухай хуулинд оруулж өгснөөр ардчилсан, эрх чөлөөт оронд сэтгүүлчээ цагдан хорьдог харгис заалт үгүй болж, Зөрчлийн тухай хуулиар хоёр сая хүртэлх төгрөгийн мөнгөн торгууль хүлээхээр болсон. Ийнхүү Монголын чөлөөт ардчилсан сэтгүүл зүй болоод сэтгүүлчдийн олон жилийн хүлээлт, мөрөөдөл жинхэнэ утгаараа биеллээ оллоо. Ардчилал, хүний эрхийг дээдэлдэг оронд ардчиллын амин сүнс болсон хэвлэл мэдээллийг боомилох, сэтгүүлчдийг цагдан хорьдог асуудлыг энэ удаагийн парламент шийдэж чадлаа. Энэ бол Их хурлын дарга З.Энхболдын сэтгүүлчдэд барьсан үнэт бэлэг байв.

Эрүүгийн хуулиас гүтгэх гэсэн заалтыг хасч, сэтгүүлчдэд бэлэг барина гэх нэрийн дор сүүлийн хэдэн жил мөн ч их улс төрийн шоу явсан. Эрх баригчид зүгээр шоу хийгээд зогсохгүй Монголын сэтгүүл зүйг сүйдэлж, сөхрүүлчихээ алдсан. Сэтгүүл зүйн гал голомт болох хэвлэлийн редакци руу эрээ цээргүйгээр дайрсан, улмаар редакцийг устгах санаа агуулсан хуулиуд ээлж дараалан яригддаг байлаа.

Тухайлбал, хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн редакцидаа орох эрхгүй, төлбөртэй мэдээ, материал нийтэлж болохгүй, эфирийн цаг, сонины зай талбайн тодорхой хувийг төрийн соён гэгээрүүлэх ажилд үнэ төлбөргүй зарцуулна, хөрөнгө оруулагч, өмчлөгч эзнийг нээлттэй зарлаж, нэг хөрөнгө оруулагч болон нэгдмэл сонирхолтой этгээдийн оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт тогтоох боломж бүрдүүлэхгүй гэсэн харгис заалтууд байв.

Энэ бүхэн цаанаа хэвлэлийн эздийг болоод хөрөнгө оруулагчдыг баалсан, хэвлэл мэдээллийн байгууллагад хөрөнгө оруулах нь байж боломгүй муухай зүйл, гэмт хэрэг мэтээр нийгэмд ойлгуулах гэсэн хуулийн төслүүд байсан нь илэрхий.

За тэгээд хэвлэл мэдээллийн байгууллага толгойлж буй эрхэм Их хуралд нэр дэвших эрхгүй, хөрөнгө оруулагч тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад гуравны нэгээс илүү хувь эзэмшиж болохгүй, эсрэг санаа бодолтой хүмүүс редакцид нь гуравны нэгийг нь эзэмшинэ гэх чөлөөт хэвлэлийг устгах, амыг нь барих гэсэн бодлого явагдаж байсан.

Хэвлэл мэдээллийн чиглэлийн хуулиас гадна огт өөр төрлийн хуулинд ч хэвлэлийг эдийн засгийн хувьд элгээр нь хэвтүүлэх гэсэн санаа агуулагдаж байсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд хэвлэлийнхэн үнэ төлбөргүй мэдээ мэдээлэл бэлтгэх заалт оруулсан бол Захиргааны ерөнхий хуулийн төсөлд ч хууль зөрчсөн даргын уучлалыг хэвлэл үнэ төлбөргүй тавина гэсэн заалтыг тусгасан байдаг. Ардчиллын амин судас болсон хэвлэлийг заазуурдсан заалтуудын өнгөлөн далдалтад эрх баригчид ердөө “Сэтгүүлч та нарыг гүтгэхээс чөлөөлнө” гэх ганцхан зүйл хэлдэг байсан. Ингэж Эрүүгийн хуулиас гүтгэх гэсэн заалтыг авахын төлөөсөнд хэвлэл мэдээллийг устгаж болох бүхнийг нэхдэг байсан. Одоо харин хэвлэлийн редакцийг устгах заалт бүхий хууль санаачлах, тэр тухай бодох шаардлагагүй болжээ. Эрүүгийн хуулиас гүтгэх гэсэн заалтыг авч Зөрчлийн хуулинд оруулчихлаа.

Тэгэхээр Монголын төр засаг сэтгүүл зүйн салбарт Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, дээр нь Э.Бат-Үүл баатрын санаачилж, 1998 онд батлуулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг чандлан мөрдөх хэрэгтэй байна. Эрх баригчид сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэлтэй холбоотой өөр хууль санаачлах юм бол Үүл баатарын Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг зөрччих гээд байгаа юм. Чөлөөт хэвлэлийн Библи судар болсон, Монгол Улсын хоёр дахь Үндсэн хууль гэгддэг дөрөвхөн заалт бүхий хуулийн хоёрдугаар зүйлд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гээд тодорхой заачихсан байдаг.

Мөн уг хуулийн гуравдугаар зүйлийн “Мэдээлэлд хяналт тавихыг хориглох” хэсгийн 3.1-т “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт (цензур) тогтоохгүй”, 3.2-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй”, дөрөвдүгээр зүйлд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” хэмээн чөлөөт хэвлэлийн үндсэн мөн чанарыг утга агуулгыг бүрэн тодорхойлсон. Тиймээс Монолын хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрийн гэсэн хуульгүйдээ эрх баригчдын хараанд өртөөд байгаа юм биш л дээ. Бат-Үүл баатрын хуулийг, дээрээс нь З.Энхболд даргын сэтгүүлчдэд бэлэг болгон барьсан Эрүүгийн болоод Зөрчлийн тухай хууль байхад хангалттай.

Бусад эрх зүйн зохицуулал­тыг мэргэжлийнх нь байгуул­лага болох Монголын сэтгүүл зүйн ёс зүйн зөвлөл шийдэх нь зүйд нийцнэ. Ёс зүйн зөвлөл нь хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн нэр хүнд, сэтгүүлчийн эрх ашгийг хамгаалах, чөлөөт, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх зорилгоор байгуулагдсан хэвлэмэл болон онлайн болон өргөн нэвтрүүлгийн салбарын зохицуулалтын байгууллага юм. Дотоод чиг үүргийн ийм зөвлөл байхад заавал хэн нэгэн албан тушаалтнаар чөлөөт хэвлэлийг боомилсон хууль санаачлуулж, Их хурлаар оруулах шаардлага байхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *